СОЁЛ УРЛАГ

Бүрэн хэмжээний 19 уран сайхны киног “Улаанбаатар олон улсын кино наадам”-аас үзээрэй

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарын хөгжлийн агентлаг, “Номадиа Пикчерс” ХХК-тай хамтран Бүгд Найрамдах Франц, Австрали, Итали зэрэг улсын элчин сайдын яам, монгол дахь “Гёте Институт,” “Тайпэйн худалдаа”, Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг энэ сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Уран сайхны удирдагчаар Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн ажиллана

“Улаанбаатар” олон улсын кино наадмын Ерөнхийлөгчөөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, уран сайхны удирдагчаар Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн ажиллаж байна. Наадмыг зохион байгуулагчид Канн, Берлин, Торонто, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг кино уран бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулж, үзэгчдийн кино болосвролыг дэмжих, Монгол уран бүтээлчдэд олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвих боломжийг бий болгох зорилгоор “Улаанбаатар” кино наадмыг 2013 оноос эхлэн олон улсын тодотголтойгоор зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд буюу 2013-2019 онд дээрх наадмуудын тодорхой шагналд нэр дэвшсэн, шагнал хүртсэн арт хаус, индепендент төрлийн шилдэг 113 киног танилцуулж, 24000 гаруй үзэгчдэд толилуулсан ба нийт 1000 гаруй монгол уран бүтээлчдийг кино форум болон сургалтанд хамруулж, чадавхийг  дээшлүүлжээ.

11 орон 19 бүтээл

Кино наадамд сүүлийн хоёр жилд бүтээгдсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг тус тус зохион байгуулна. Тус форум нь энэ сарын 22-23-ны өдрүүдэд “Тэнгис кино театр”-т  болох ба кино уран бүтээлчид, кино урлагийг сонирхогчид, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулах юм. 

“Улаанбаатар” кино наадам зохиолч Г.Аюурзанын ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн, найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” бүтээлээр нээлтээ хийхээр болжээ. Мөн “Улаанбаатар” кино наадмын хүрээнд Монгол кино хэсэг, онцлох орноор Бүгд найрамдах Франц улсын кино хэсэг, “Үзэхийн хязгаар” кино хэсэг, олон улсын кино үзвэр зэрэг дөрвөн хэсэгтэй үргэлжилнэ. Мөн найруулагч Б. Үйзэнмаагийн “Хар сүү” хэмээх шинэхэн уран бүтээлийг хаалтын үзвэртээ толилуулах гэнэ. 

Энэ жил кино наадмын наадмын агуулга, цар хүрээг тэлэн, соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих, бүс нутгийн кино урлагийн шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэх, кино үзвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Үзэхийн хязгаар” шинэ хэсгээр хөтөлбөрөө өргөжүүлж байна. Тус хэсгийг “Говийн зэрэглээ” МУСК-оор нээж байна. Мөн Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагчдийн шилдэг бүтээлийг “Азийн кино үзвэр”-ээр үзэгчдэд хүргэх ба ЕБС-ийн хүүхдүүдэд зориулан “Хүүхдийн кино үзвэр”-ийг тус тус шинээр толилуулах гэж буйгаараа онцлогтой.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet