Соёлын хөтөлбөр гудамжнаас бус боловсролын тогтолцооноос эхлэх учиртай шүү, С.Чулуун сайд аа

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улс соёлын асуудал хариуцсан яамгүй, урлагийнхан аль нэг салбарын яаманд хавчуулагдаж ирсэн. Энэ хугацаанд соёл урлаг эгээ л “амь тавьчихаагүй”. Салбарынх нь зовлон, жаргалыг ойлгохгүй удирдлага, нэгдсэн удирдлагаар хангах толгой байгууллагагүйн улмаас соёл урлагийн үнэлэмж шалаар нэг уначихсан нь нууц биш.
Ялангуяа, мэргэжлийн урлагийн байгууллагыг зорин очих үзэгч үгүй болж, тасалбар нь талхнаас хямдхан байсан цаг саяхан. Гэхдээ ажил, мэргэжилдээ зүрх сэтгэл, бүхий л амьдралаа зориулсан уран бүтээлчдийн хичээл зүтгэл, цаг наргүй нөр их хөдөлмөр, оюуны шандсаар сэргэн мандаж чадсан. Тиймдээ ч өдгөө залуус Улсын драмын эрдмийн театрт тавигдах жүжгийг хоног тоолон хүлээж, Дуурь бүжгийн эрдмийн театрын тоглолт бүр танхим дүүрэн үзэгчтэй, нижигнэсэн алга ташилтын дор хамба хилэн хөшиг хаагдаж буй.
Олон жил зүтгэснийхээ үр шимийг одоо л нэг үзэх нь гэж уран бүтээлчид баярладаг нь дамжиггүй. Тэд үүний төлөө амьдралынх нь хаана ч хүрэлцдэггүй цалинг үл ажран зүтгэсэн. Яагаад гэвэл, тэд урлагт тийм л хайртай. Залуу нас, гоо үзэсгэлэн, авьяас билэг, амьдрал бүхнээ зориулахад бэлэн. Үүнтэй зэрэгцэн мэргэжлийн Засгийн газар Соёлын яам байгуулах шийдвэр гарсан нь урлагт хайртай хэн бүхний сэтгэлд нар мандуулсан үйл явдал байв. Бүтэн 24 жил айлын дагавар хүүхэд шиг явсан соёл урлагийнхан “Өөрийн гэсэн яамтай боллоо” хэмээн баярлаж, соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчдийг дэмжих чиглэлээр олон ажил хийнэ гэдэгт эргэлзээгүй биз. Гэвч тэгтлээ найдаж, хүлээсэн салбарынх нь яам тэднийг “Гудамжинд хөөгөөд гаргачих” юм гэж хэн санах.
Тодруулбал, “Соёлын цаг” нэртэй мэргэжлийн урлагийг гутааж, уран бүтээлчдийн хөдөлмөр, сэтгэл, итгэлийг уландаа гишгэсэн завхрал орон даяар өрнөж байна. Тус арга хэмжээний хүрээнд мэргэжлийн урлагийн Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Цагдаагийн “Сүлд” чуулга тэргүүтэй 21 байгууллагын уран бүтээлчид нийслэлийн есөн дүүргийн 21 байршилд урлагийн тоглолт, үзвэр, үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй толилуулж байгаа. Харамсалтай нь, дэлхийд данстай, Монгол Улсын нүүр царай болсон шилдгүүдийн тоглолтыг зорьж үзэх хүн ховор. Чин үнэндээ, хүүхдээ салхилуулж буй ээж, нарлаж суугаа ахмад, ууттай шил сав цуглуулдаг хүмүүс цаг нөхцөөнгөө харж сууна. Гэхдээ энэ нь хотын төв хэсэгт шүү. Нарлаж суух сандал, аятайхан тохижилттой гудамж талбайгүй гэр хороололд бол бүр ч нүд хальтирмаар дүр зураг үүснэ.
Тоос бужигнасан гудамжинд, урдаа үзэгчгүй тайзнаа дуулж, бүжиглэж буй уран бүтээлчдийн зүрх хэдэнтээ зүсэгдэж байгаа бол. Цахим сүлжээнд “Ингэж зогсохоор урд нь хайрцаг тавьчихаач” гэж хатуухан шүүмжилсэн харагдана лээ. Энэ хэмжээнд уран бүтээлчдийг гутаан доромжилж, урлагийг үнэгүйдүүлж байна шүү дээ. Төсвийн цалинтай, төрийн байгууллагын ажилтан болохоор тэд ийм гутаан доромжлолыг тэвчин зогсоо байх. Буруу зөрүү нь хамаагүй даргын гарын үсэгтэй цаасны дагуу төрийн ажил явдаг хойно. Ширээнийхээ ард сууж байгаад шийдвэр гаргадаг дарга нарын гороор овоо дээшилж явсан мэргэжлийн урлагийн нэр хүнд шавхайтай хутгалдах нь байна.
Нөгөөтэйгүүр, өнөөдрийг хүртэл соёл урлагийг үүрэхдээ үүрч, чирэхдээ чирж, мөлхөхдөө мөлхөж өдий зэрэгт авчирсан уран бүтээлчдийн сэтгэлийн гал бөхөж орхивол бид яах билээ. Тус хөтөлбөр аравдугаар сарын 26 хүртэл хүртэл үргэлжилнэ. Дуртай дүргүй харж зогсох хүмүүст зориулан хоолойгоо сөөтөл дуулахдаа урлагаас халшрах вий дээ тэд минь. Энэхүү үйл ажиллагааг санаачлан, зохион байгуулагч эрхмүүд “Иргэдэд соёл урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах” хэмээн тодорхойлж, “Соёлын цаг” нөлөөллийн аян хэмээн нэрийдсэн. Бичсэн өгүүлбэрийнх агуулга сайхан, оноосон нэр оновчтой юм.
Гэвч арга барил нь хэт бүдүүлэг аж. Иргэдэд соёлыг ойртуулна гэдэг сонгодог урлагийн тухай ямар ч ойлголтгүй Балдан өвөөгийн хашааны гадна балетын жүжиг тавьж, дуурийн дуу хадаахын нэр биш байлтай. Үзэх ч үгүй. Үзлээ ч ойлгохгүй. Ойлгохгүй учраас хүндлэхгүй, хайрлахгүй. Ёстой л “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ. Ус хийсэн ч сэгсэрнэ” гэдгийн үлгэр болно. Ерөөс мэргэжлийн урлаг гэдэг аль нэг гудамжинд биш их театрынхаа тайзнаа “амилж” байх учиртай. Урлагийг амилуулагчид нь тайзан дээрээ дүүлж байхдаа жаргалтай. Иймийн учир урлагийнхан алтан тайз хэмээн хүндэтгэж мэхийн ёсолж, мөргөн сүсэлдэг бус уу.
Гэтэл Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтнүүдээ үрчгэр хулдаасан самбарын өмнө зогсоож, автобусны буудал, тоглоомын талбайн төмөр хашлага дотор “чихчихээд” “Урлагаа сурталчил” гэж тушаах юм. Ойр хавийн хөшөөний сүүдэр бараадан тайзан дээр гарах ээлжээ хүлээж суугаа уран бүтээлчид хөөрхий еэ. Тэр хэрээр урлаг, үзэгч хоёрыг холдуулж, мэргэжлийн урлагийг үнэгүйдүүлж буй хэрэг. Энэ мэт муйхар аргаар соёлыг түгээнэ гэвэл эргээд театр эзэнгүйдэх аюултай. Гудамжинд зогсож л байдаг хүмүүсийн тоглолтыг үзэх гэж хэн театрт очих юм. Соёлын нийгэмд гүйцэтгэх үүргийг үнэлж баршгүй. Соёлын салбарт анхаараагүйгээс балран доройтсон түүх хүн төрөлхтөнд цөөнгүй бий. Урлагаар дамжуулан соён гэгээрүүлсэн нийгэм, чих, нүд, билэг оюун нь нээгдсэн ард түмэн үргэлж урагш явах нь туйлын үнэн.
Гэвч соёлыг хэрхэн түгээх, иргэдийг хэрхэн татан оролцуулах нь чухал. Ерөнхий боловсролын сургуульд нь ч дуу хөгжмийн хичээл хангалттай цагаар орж, анхан шатны боловсрол олгоогүй хэрнээ гэнэт сонгодог урлаг үзүүлэх гэж хүчлэх хоржоонтой. Нөгөөтэйгүүр соёлыг дуулж, хуурдах төдийхнөөр төсөөлдөг. Гудамжны үзүүлбэр болоод мэргэжлийн урлагаа ялгадаггүй сайдтай байна гэдэг халагламаар. Угтаа бол “Соёлын цаг” хөтөлбөр Дамбын гудамжнаас бус боловсролын тогтолцооноос эхлэх нь зүйтэй. Монгол Улсад анх 1962 онд мэргэжлийн дуу хөгжмийн багшийн ангийг нээж 1992 он хүртэл 700 гаруй багш бэлтгэсэн. Үүнээс хойш даруй 20 орчим жил үйл ажиллагаа нь тасарсны эцэст дуу хөгжмийн багшийн ангийг сэргээсэн байдаг.
Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хүүхэд багачууд ямар хэмжээний урлагийн боловсрол олж авсан нь тодорхой. Ямар нэг урлагийн хүнээр орон тоо бөглөлөө ч хүүхдийн насны онцлогт тохируулан заах арга зүйгээс эхлээд учир дутагдал үүснэ. Статистик үзүүлэлтээс харвал, өдгөө ч орон даяар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хэмжээнд 1000 орчим дуу хөгжмийн мэргэжлийн багшийн орон тоо эзнээ хүлээж байна. Магад үүнд асуудлын зангилаа бий. Юу тарина түүнээ хураадаг жамыг санаж бага балчраас нь урлагийн боловсрол олгож гэмээнэ хожим соёлоо сурталчлах гэж үйлээ үзэхгүй шүү дээ. Урлаг, уран сайхны зөв ойлголттой иргэд урлагийг мэргэжлийн байгууллагад нь очиж үздэг төлөвшил тогттол дэс дараатай, нэгдсэн бодлоготойгоор түгээн дэлгэрүүлэх нь чухал.
Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн хариуцлага, соён гэгээрүүлэх үүргийг сануулах, шаардах шаардлага зайлшгүй үүсжээ. Айл бүрийн зурагтаар Солонгосын эмгэнэлт драмын оронд мэргэжлийн урлагийн тоглолт гарч байвал жинхэнэ хүртээмжтэй баймаар. Мэдээж, нэвтрүүлгийг ямар хэлбэрээр, хэдий хэр хугацаатай цацаж, үзэгчдийг хэрхэн татахыг тооцоолох нь өнөөх тамга дардаг дарга нарын үүрэг. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийн цагт багтах соёл урлагийн нэвтрүүлгийн цагийг журамлаж ч болох. Аль эсвэл арилжааны телевизүүдээ захирч дийлэхгүй болохоор хамаг шилдгүүдээ хашааны гадна зогсоочихдог юм уу.
Манай уран бүтээлчид авьяас билэг, ур чадвараараа Ази тивдээ цойлж, дэлхийд айраг түрүү булаалддаг. Хатуухан хэлэхэд, улс нь дэмждэгтээ биш тэд сэтгэлтэйдээ ийн гялалзаж яваа. Олон улсын уралдаан тэмцээнд оролцохдоо өөрийн зардлаар ирж очно. Ажлаасаа чөлөө авна. Энэ бүхний ард үүсэх санхүүгийн эрсдлийг өөрсдөө л зохицуулна. Орчин үеийн стандартаас хол хоцорсон тайз, танхимд бэлтгэлээ базааж, давилуун нэгний хоногийн зардалтай тэнцэхүйц цалингаар хөдөлмөрөө үнэлүүлж яваа. Харин хөлс хүчээ шавхаж олж ирсэн шагнал, алдар хүндийг улс нь “худалдаж иддэг”. Гэхдээ тэд гомдоллоогүй. Болгоё бүтээе гэсэн чин хүслээр Монголын урлагийн төлөө цэл залуу насаа үйж, эгэл амьдралаа зориулсаар ирсэн.
Мэргэжилдээ хайртай хэдэн уран бүтээлчийн сэтгэл, тэднийг ойлгодог гэр бүлийнхнийх нь нуруун дээр соёл урлагийн салбар тогтож ирсэн гэвэл хилсдэхгүй. Бороонд норж, шороонд булагдан гудамжинд зогссон энэ хэдэн өдөрт өөрийгөө бөөцийлөхөөс илүү хөгжим, хэрэгслээ нандигнан байгаа нь маргаангүй. Ашгүй нэг, ахадсан ачааг нь хуваалцах цаашлаад туйлдсан итгэлийг нь өрдөх салбарын яамтай боллоо гэтэл нүүр нүдгүй нулимуулж орхив. Соёл урлагийг гутааж, уран бүтээлчдээ ичээсэн “үзүүлбэрээ” хэзээ зогсоох вэ, С.Чулуун сайд аа. Үүний ард хэчнээн төгрөг урсаж байгаа вэ. Түүнийг хэрэгтэй газар нь зохистой зарцуулсан нь дээр бус уу. Энэхүү хөтөлбөрийг хүлээж авах сэтгэхүйтэй үзэгч алга. Театр урлагаа гудамж руу нүүлгэх бус, үзэгчдээ татах, төлөвшүүлэх ажил хиймээр байна. “Соёлын цаг” хөтөлбөр тань гудамжнаас бус боловсролын тогтолцооноос эхлэх учиртай шүү.
СЭТГҮҮЛЧ П.ДАВААЖАРГАЛ

Хариулах