ИРГЭНШСЭН хотоос умардын НҮҮДЭЛЧИД хүртэл

ЗОХИОГЧИЙН ЭРХТЭЙ НИЙТЛЭВ.
ЦУВРАЛ 1
1. БОРОО ОРЖ БАЙНА
Зуны амралт эхлэхэд хоёр хоног дутуу… Тийм хэдий ч алс газарт зорчих хүсэл байж суухын аргагүй дотроос оргилж ирээд хийх ажил мундахгүй байсан авч ямартаа ч өөрийгөө хүчилж байгаад хоёр хоногийн чөлөө зохицуулж дөнгөв. Ингээд л зорьсон газартаа очсоны дараа, зориод хүрсэн газрынхаа хүмүүстэй ярилцаж, үзэг дуусч, дэвтэр дүүртэл эрээчсэн хойно эргэж ирнэ хэмээн өөртөө амлаад гэрээсээ гарав. Бүх л юм шинэхэн санагдаж байлаа. Яг л хуучин бүхнээс хагацаж, хувь тавилангийн жиндүү боловч ямар нэг тааламжтай ахуйг мэдрүүлэх өөрчлөлтийн замд хөл тавьж буй шиг сэтгэгдэл төрнө. Жиндүү хэрнээ таатай, жаахан айдастай боловч амттай санагдах тэр л мэдрэмж.
Өдгөө Монгол орны зүүн хязгаар, төрсөн нутагт минь хүмүүс наадмын өмнөх оройн бэлтгэл ажил гээд завгүй суугаа. Хамаатан садны зарим ах эгч нар, Улаанбаатар-Хэнтий чиглэлийн 300 гаруй км замыг туулж, наадамлах аянд хэдийнэ мордож амжсан тэрхэн мөчид би ах дүүсийнхээ яг эсрэг чиглэлд буюу эх орныхоо умард хязгаарыг зорин хөдлөв.
Хаа нэг тийш явах хүслийн дараа, түүнийгээ яг гүйцэлдүүлээд эхлэхээр сэтгэл санааны хурц шийдэмгий байдал алгуурхан арилж, хүндхэн бодлуудад дарлуулж эхэлдэг. Тэдгээр нь тийм ч “хүнд” асуудал биш гэдэг нь анх хөдөлсөн цэгээс цаашлах бүрийд илхэн болох ч зовуурь тээсэн мөчүүд хотоос гартал арилж өгөхгүй нь сонин.
Мөрөн хүртэлх унаанд бид жолоочтойгоо нийлээд тавуулаа явав. Надаас гадна хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй. Тэд тус тусдаа нэг гэр бүлийн улс. Харин би дуртай дуугаа чихэвчээр дамжин ирэхийг нь сонсож цонх ширтэн явлаа. Гэрийн гаднаас биднийг хөдлөхөөс цагийн өмнө орж эхэлсэн бороо одоо ч амсхийлгүй цонх шилбүүрдсэн хэвээр. Нөгөөдөр наадам эхэлнэ. Зарим нь төрсөн нутаг усандаа зорьж наадамлахаар, хэсэг нь наадмын амралт тааруулж аялал зугаалганд гарч буй бололтой. Тийм ч учраас хотоос гарах баруун аймгийг чиглэсэн замын турш түгжрэл нэн ихтэй. Урсгал даган хөвж яваа нэгэн бяцхан завин дээр сэлүүргүй суучихсан шиг санагдана. Учир нь тэр их машин өөрсдийн зөн, залуурчны гарын хүчнээс үл хамааран гэрлэн дохионы зохицуулалтаар л хэсэгхэн зуур урагшилна.

Улаанбаатарт бороо орж байна. Умардыг зорихоор зориглосон үеэс л төрсөн “яагаад” гэх асуултыг бороон чимээ далимдуулан мартагнаж явлаа. Заримдаа энэ асуултанд хариулахгүй өнгөрөх нь дээр юм шиг санагдана. Учир нь хэзээ хойно нь ямар ч асуултын хариу олддог шүү дээ.
2. ЗОРИХ ГАЗРЫН ЭХЭНД
Хөвсгөлийг зорьсон эхний өдрийн өглөөг Архангай аймгийн нутагт байх Өгий нуурын эрэгт угтав. Уг нь зорьж яваа газрынхаа чигт үүгээр дайран өнгөрөхгүйгээр явж болох байлаа. Гэвч хүрээд иржээ. Заримдаа аливаа тохиолдлын учир шалтгааныг хөндөлгүй орхисон нь дээр.
Би өмнө нь нэг удаа Хөвсгөл далайг нүдээр үзэж, тунгалаг толионоос нь алгаараа хутган духандаа хүргэж, хадан байцийнх нь орой дээрээс үүлсийн нүүдэл ширтэж суусан юм. Харин энэ удаагийнх шиг орон хотоосоо шуудхан Хөвсгөлийн зүг жолоо татаж байсан удаагүй. Учир нь их л холоос тэмцэж, замын уртыг туулан байж тэнд хүрсэн. “Өнгөрсөн хойно зовлон бүхэн жаргал байдаг” гэдэг шиг сүүлд санахад урт замын дунд жаахан алжааж байсан минь энэ удаагийнхтай харьцуулахад юу ч биш санагдсан гэдгийг уншигч танд дуулгачихъя.

Өгий нуурын баруун хойд талд байрлах амралтын газраас 20 хүрэхгүй метр алхсаар нуурын эрэгт ирэв. Өчигдөр замын турш шаагисан хүйтэн бороо энд огтоос дусал унагаагүй мэт нам гүм. Өгий нуурын зөөлөн долгио өглөөн наранд гялбалзан гилбэлзэж, нуурын эргээс шургаж орсон жижигхэн модон тавцангаас хүлээтэй байх хуучин завь эзнээ хүлээн уйтгарлана. Хотын шуугианаас холдохын төдийд л мэдрэгдэх ажин түжин, амар амгалангийн тухай мөрөөдөлдөө би цэг хатгаж сууна.
Хоног төөрүүлсэн газартаа эргэн ирвэл хамт явсан багийнхан маань хэдийнээ хоол цай бэлдээд тавьчихжээ. Ийнхүү цайлж аваад Хөвсгөл аймгийн Мөрөн сумыг зорин хөдлөв. Тэндээс л бүх юм жинхэнээсээ эхэлнэ дээ…
3. УМАРДЫН НУУРАНД ХҮРЭХ ЗАМ
Долдугаар сарын 11. Үндэсний их баяр наадмын өглөө Мөрөн хотоос Цагааннуур сумыг зорих унаа олно гэдэг нэлээд бэрх аж. Учир нь Хөвсгөлчүүд наадамлаж байна. Тийм ч учраас өдөржин, шөнөжин уул ус, хад чулуу, шавар намагтай бартаат замаар явж хүрдэг Цагааннуур сумыг зорих унаа олдсонгүй. Харин өмнө нь Эрхүү хотод танилцсан танил маань Цагааннуур сум явах гэж буйтай нь таарав. Түүнийг С.Билигсайхан гэдэг. Тэрбээр надаас нэлээдгүй хэдэн насаар ах. “Өө, найз нь нэг унааны сураг дуулсан. Үдээс хойш хөдлөх юм гэсэн байх шүү” хэмээгээд хэд хэдэн хүн рүү утас цохисон хойно Цагааннуур сум явах машины жолоочийн дугаарыг олж авлаа. Мэнд мэдэлцсэний хойно, хэзээ явахыг нь тодруулж, “Хоёр хүний суудал захъя” гэсэн дөрвөн үг хэлээд л жин тан болов.

Мөрөн хот, Цагааннуур сум хоёрын хоорондын зай 279 км. Гэвч тэнд хотоос аймгийн төв рүүгээ шурдхийдэг шиг хатуу хучилттай замаар хэдхэн цаг давхиад хүрчихгүй. Бид цагаан өнгөтэй фургон машины хамгийн арын суудалд тухалцгаав. Бидэнтэй цуг тайгын цаатан ардыг зорьж яваа Жадамба ах, өөрийн хамаатны дүү болох Чингисийн хамт явж буйг зам зуур үгс солилцохдоо мэдэв. Бусад зорчигсод нь Цагааннуур сумын иргэд явна. Тэдний ихэнх нь дархадууд бөгөөд дархад аялгаар хоорондоо үг солилцоно. Ямар нэг зүйл асуухад огтхон ч цааргалалгүй хариулах бөгөөд харин өөрсдөө хүнд асуулт тавьдаггүй, хоорондоо нэг их ярьдаггүй болов уу гэмээр сэтгэгдэл төрүүлж байв.
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутгаар дайрч, Баянзүрх сумын нутаг Бэлтэсийн голын гүүрэн дээр ирлээ. Энэ газар бол Мөрөн хот, Цагааннуур сум хоёр яг голын уулзвар. Жолооч нар болон замд яваа хүмүүс энд буудаллаж цайлж, амардаг. Тиймээс замынхаа талыг нь туулсан гэдгийг мэдэж болно. Яг эндээс замд таарах хамгийн өндөр даваа болох Тоомын давааг өгсөнө. Жолооч нар “Нарны эртэд Тоомын даваан дээр гарчихвал” гэж ярихыг очих, буцах замынхаа аль алинд нь олонтаа сонссон юм. Алсаас дээш өгсөх тус том давааны орой хүрэх зам гол ус, хад чулуу гээд хэцүү бэрхээр дүүрэн. Дээр нь машины ус байсхийгээд халах тул “мотороо цохиулахгүй”-н тулд байсхийгээд л усаа хөргөх хэрэгтэй болно.

Тийнхүү Тоомын давааг давж Улаан-Уул сумын нутаг руу орох замд Хорьдол Сарьдагийн нурууны өмнөд хэсэг буюу Өлийн Халзан даваан дээр гарч ирлээ. Давааны цаана даваа гэдэг нь энэ. Харин тус давааны орой дээр Дархад ястны тахин дээдэлдэг 13 овоо бий. Дархад түмэн эртнээс арван зүг, гурван цагийг шүтэн өргөл тахил өргөж, амьдрал ахуйгаа даатгаж иржээ. Тиймдээ ч дээрх тооны нийлбэр болох 13-ын тоог дээдлэн шүтэж энэхүү овоог босгосон түүхтэй хэмээн жолооч хийж явсан Б.Гэрэлт-Од ах ярив. Мөнхүү “Ерөөс Улаан-Уул сум, Хорьдол Сарьдаг, Ренчинлхүмбэ сумдын нутгаар дархад түмэн, цаатан ардын ахуй соёлыг илтгэсэн олон түүхэн дурсгалт газрууд бий. Тэдгээрийн нэг нь энэхүү Өлийн 13 овоо юм” гэдгийг нэмж хэлэхээ мартсангүй.
Бидний жолооч хийж явсан Б.Гэрэлт-Од ахыг нутгийн хүмүүс нь Гек гэж дуудна. Энэ нэрээр нь түүнийг Цагааннуур суманд бүү хэл Мөрөнд ч танихгүй хүн ховор гэнэ. Гек ах ихэвчлэн жуулчдад газар үзүүлэх, аялагчдын маршрутын дагуу жолооч хийж, Тайга үзэхээр зорин ирэгсдийг угтаж, байр сууцаар хангах ажил хийнэ. Тиймдээ ч газар орныхоо үүх түүх, зам харгуйг хэнээс ч илүү сайн мэддэг нэгэн. Хэдэн жилийн өмнө гэхэд л “Содура” киноны багийнханд тусалж, техник хэрэгслийг нь ачин олон арван газарт ахин дахин очиж явснаа дурсан яриад “Ээ дээ, тэр кино зураг авалт гэдэг чинь амар ажил биш байна лээ” гээд толгой сэгсрэн инээмсэглэж байлаа.

Цаашлах тусам зам хэцүү болж байв. Замын турш зөөлөн бороо шивэрч, зарим үед салхи ширүүснэ. Замд таарах олон жижиг гол горхийг гатлах үед машин суучих нь уу гэмээр шавар намаг туучин гарах нь энүүхэнд. Нар ч уулын цаагуур дөхөж буй бололтой үдшийн цагаан гэгээ орчихсон мэт л санагдана. Харин бидний дээгүүр тэнгисийн ус бүхэлдээ долгиолон давалгаалж буй аятай л хүнд саарал үүлс тунаран үзэгдэхээс өөр бараагүй.
Ийнхүү шөнө дүлээр Улаан-Уул сумын нутгийг туулан гарч, дээд Цагаан нуурын энгэрийн хад чулуу, мод ихтэй ойн замаар шөнөжин давхиулсаар үүрийн гэгээнээр Цагааннуур суманд ирлээ. Утасныхаа цагийг харвал 04 цаг 37 минутыг зааж байна. Мөрөн хотоос хэдэн цагийн үед гарснаа яг таг санахгүй байвч сүүлд дэвтрээ сөхөж харахуйд “13 цагийн турш явж Цагааннуур суманд ирэв” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Монголын хамгийн баруун хойд талын суманд ингэж үүрийн гэгээнээр хөл тавилаа. Умардын нууранд хүрэх зам саад бартаа ихтэй бөгөөд туршлагатай сайн жолоочтой явахгүй л бол хэцүү санагдаж байв. Мэдээж өөрийн гэсэн машинтай тус газрыг зорихоор болвол техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах хэрэгтэй. Учир нь монголчууд үер ус, бороо хур элбэгтэй зуны улиралд байгалийн сайханд амрахаар зорьдог шүү дээ. Хамт явсан С.Билигсайхантай ийнхүү хуучлахын завсар Гек ах хүмүүсээ буулгаж дуусаад биднийг өөрийнхөө гэрт авчрав. Цэлгэр том хашааны баруун талд нь хоёр давхар дүнзэн байшин харагдана. Харин хашааны голд, хоймор хавьцаа монгол гэр барьжээ. Гэрийн урдхан талд сүүдрэвч байх нь гадаа амарч суух хүмүүст зориулсан эд бололтой.
Гек ах бидний ачааг буулгаж өгөх зуур “За, энэ жил ганцхан л гэр барьсан юм. Та хэд ороод сайхан амарчих. Өнөөдөр наадмын хоёр дахь өдөр учир Тайга руу явах хөтөч, морь олдохгүй. Тиймээс би өдөр тийш хүмүүстэй уулзаж ярьж өгнө. Харин маргааш л замд гарах байх” хэмээлээ. Тэрхэн агшинд “Та жуулчид их хүлээж авдаг гэсэн. Энэ жил ганцхан гэр барьсан хэрэг үү” гэж лавлахад “Энэ онд COVID-19 өвчнөөс болоод гадаадын жуулчид ирээгүй. Дотоодын жуулчид ч бас саяхнаас л үзэгдэж байна. Тэгээд л олон гэр бариагүй юм. Өмнө нь бол гэрээс гадна манай хашаанд гадас хатгах зайгүй л олон майхан багширалдаж байдаг байлаа шүү дээ” гэв.
Гэрийн баруун хойд, урд буланд аяны зориултын ор тавьж, хөнжил гудас дэвсэн засчээ. Харин зүүн хойно нь том эрээн модон ор байруулсан үзэгдэнэ. Гек ахын эхнэр хоромхон зуур гал өрдөхөд гэр дорхноо дулаацчихав. Үүрээр сэрүүхэн байсан учир даарч хөрсөн бидний нөхөд галд ойртож суугаад амсхийлээ. Хуурай мод чад чадхийн асч, гадаа хүйтэн салхи үлээх нь сонстоно.
4. 1048 КМ-ЫН АЛСАД
Хөвсгөл аймагт Цагаан-Уул, Цагаан-Үүр гэсэн сумд бий. Харин Цагааннуур сумын нэрийг худам монгол бичгээр “чаганнагур” гэж бичнэ. Тиймдээ ч сумын нэр учраас тэмдэг нэрийн үгсийг хооронд нь нийлүүлж бичдэг байна. Уг сумын төв нь Улаанбаатар хотоос 1048 км-ын зайд алслагдан оршдог.
Анх Мөрөнгийн төвөөс очих газрынхаа байршлыг “google maps”-аас харахад Гурвансайхан гэж гарсны учрыг энд ирээд ойлгов. Цагааннуур сум нь хуучин цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын бригадын нэгжид хамаарагддаг байжээ. Харин 1985 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 245 дугаар зарлигаар Ренчинлхүмбэ сумын цаа буга, ан агнуурын аж ахуйг түшиглүүлэн Цагааннуур сумыг байгуулсан түүхтэй. Харин хуучин бригадын төвийн нэр нь Гурвансайхан хэвээр үлдсэн юм.

Мэдээж умардын өндөрлөг уулсын дунд очиж үзэж байгаа тал газрын хүү надад зүг чигээ алдаж, толгой эргэх явдал тохиолдоно. Гэвч монгол гэрийн хаалгыг хааш харуулж барьсныг үзээд л зүг чигээ төвөггүй олчихож байлаа. Гол нь монгол гэр их цөөхөн бөгөөд олонх нь дүнзэн байшинд сууна. Мөнхүү малын хашаа, саравчтай айл нэлээдгүй буйгаас үзвэл Цагааннуур сумандаа суурин сууж мал малладаг иргэд олон байдаг бололтой. Сумын зүүн их бие, зүүн урд хормойг эмжин цэлийх Цагаан нуурын урт барагцаагаар 20-иод км байдаг. Хойд талд нь Гурвансайхан, баруун хойд талд нь Ренчинлхүмбэ уул дүнхийнэ. Харин нутгийн хамгийн өндөр уул нь 3065 метрийн өндөрт орших Хойд Агарын оргил юм. Сумын хүн амын 40 гаруй хувийг цаатан иргэд эзэлдэг бөгөөд газарзүйн байршлын 80-90 хувь нь тайгын бүс нутагт хамаардаг байна. Тиймдээ ч “Ой модны баялгаар аймагтаа эхний байранд ордог” хэмээн Гек ах их л бахархангуй өгүүлнэ.
Улсын нийслэлээс 1048 км алслагдсан Цагааннуур сумын зүүн захаас баруун хойд талын наадмын дэнж хүртэл алхав. Зосон улаан хашаатай дүнзэн байшингууд тэртээ хорин жилийн өмнөх бага нас, Батноровын сууринг минь эрхгүй санагдуулна. Өдгөө суманд маань их бүтээн байгуулалт өрнөхийн зэрэгцээ, зарим байшин барилга нь социализмын үеийн дүр төрхийг хадгалсан цагаан шохойн өнгөтэй хэвээр. Харин энд бол уулс усны баялагтаа түшиглэж, өөрсдийн зөнгөөр бүтчихсэн мэт л дүнзэн байшин, малын чулуун хороо эгнэнэ. Зарим гудамжны догол нь хэт уртаас болж, хэдэн эгнээ гудам уруудаж алхаснаа таамаглах төдий хоцрох нь бий.
Ийнхүү явсаар наадмын дэнжид хүрэв. Их насны морьд зурхайгаас гарч байлаа. Уяачид морьдоо мордуулах гээд тун завгүй. Талбайн цагаан хоолойгоор уртын дуу хангинана. Хүүхдүүд хамгийн гоё хантааз, даашинзаа өмсөж, хүүхнүүд нь өнгө өнгийн ганган тэрлэгээр гоёжээ. Талбайн зүүн талаар бэлэг дурсгал, худалдааны төвүүд ярайж тэдгээрийн урдуур наадмын хуушуурын гэрүүд эгнэсэн үзэгдэнэ. Замдаа хос борлог морь хөтөлсөн залуутай уулзаж, зургийг нь дарж амжив. Биднийг ирэхээс өмнө жороо морь, хос морьтны тэмцээн болоод дууссан гэнэ. Цагаан нуурын эрэгт очин цайлж, нуурын толио шүргэсхийн загас шүүрдэх шувууд, усанд нь тусах уулсын оргил ширтэж яваад хоцорчихсон минь тэр. Гэхдээ л харамсах сэтгэл төрсөнгүй.
Наадам ч болдогоороо болоод дуусав. Харин маргааш бид цааш замдаа гарна. Хөвсгөл аймгийн Зүүн тайгыг зорих аяллын төмөр хүлгээ мориор солино. Зуны тайга руу машин ер нь л үл хүрэх бөгөөд энэ жил цаатнууд цар тахал гарснаас болж бүр ч хол, тайгынхаа гүн рүү буусан гэх сураг чих дэлсээд амжлаа.
ЦУВРАЛ 2
“Хажуунаас нь хараад үзвэл
Ханан хээтэй Самгалдай
Хажуунаас нь хараагүй хүнд
Хад л чулуутай гэх л байх даа…”
5. ХҮРЭХ ГАЗРЫН ЭХЭНД
Үдийн алдад Цагааннуур сумаас 30 км зайтай Хогрогын голын зүүн талд ирэв. Бидний буусан айлийн гаднаас ихэнх хүмүүс зүүн тайга явах аялалдаа гардаг гэнэ. Эндээс цааш зуны цагт машин явахгүй бөгөөд аяллын туршид морь унах хэрэг гарна.
Анх үүргэвчээ үүрээд гэрээсээ ганцаар зориглон гарсан хэдий ч тайга руу мордох энэ цэгт олон хүмүүстэй нөхөрлөжээ. Мөрөнгөөс Цагааннуур орох замд машинд танилцсан Жадамбаа ах болон түүний дүү Чингис. Мөнхүү уншигч таны хэдийн мэдэх болсон С.Билигсайхан анд. Басхүү нэмээд Ч.Лхамдалай ах, түүний гэргий Д.Ану эгч, мөн хоёр хүү, хоёр охин нь хамт явахаар боллоо. Яг одоо бүгд нэг гэр бүл, ах дүүс, найз нөхөд болцгоон арвуулаа зүүн тайгыг зорих гэж байна.
Жадамбаа, Далай ах бид гурваас бусад нь анх удаа морь унаж үзэх гэж байгаа тул яг мордох болоход зарим нь нэлээд сандарч байлаа. Гэвч бүгд л мордож, шавар намаг ихтэй уулын замаар хэсэгхэн өгсөх зуурт л мориндоо тэр дороо дасчихав. Надад үзмэн ягаан зүстэй, сайвар алхаатай, жаахан омголон морь оногдох нь тэр. Хөтөч хийж явсан Энхээ гэх залуу “Нэлээд омголон, үргэж бусгах гээд байдаг талтай учир болгоомжтой унаарай! Таныг морь унадаг байсан гэхээр л унуулж байгаа юм шүү” гэж хичээнгүйлэн захив. Үнэхээр ч омголон морь. Урд нь өөр морьтой хүн гараад алхуулчихвал урагш зүтгэлж, жолоо дугтчин тэмүүлнэ.
Ийнхүү Жүгнэгийн давааны энгэр бэлээс шавар, намаг элбэгтэй замыг туулан байж оройд нь гарав. Тэнд “Жүгнэгийн даваа, Тайгын тусгай хамгаалалттай газар” хэмээн төмөр хавтан дээр цэнхэр будгаар бичсэн байх боловч онгож гандаад нэлээд хуучирсан харагдана. Замаа сайн харж явахгүй л бол, уул даваа, модон дотуур явахад мөчир нүүр ороолгох, үүргэвчинд тээгэлдэх, морь шаварт өвдгөө далдартал гүн шигдэх, хад чулуунд бүдчих зэрэг олон саад тохионо. Харин хамгийн чухал нь бидний унаж яваа морьд тайгад олон удаа яваад сурчихсан тул айх зүйл нэг их байсангүй.
Нэлээд оройтож гарсан тул бид Жүгнэгийн давааг уруудан, Тайгын хөндийг өгсөж 30 гаруй км явсны эцэст “Отгын газар” ирж буудаллав. Барагцаагаар цагийн дараа нар шингэх нь тодорхой болсон учир эндээ хоноглож өнжөөд маргааш нь замд гарахаар болж майхнаа барьцгаав. Хөтөч Энхээ, Баяраа нар морьдынхоо ганц нэгийг хооронд нь аргамжиж, бусдыг нь сул тавьсан үзэгдэнэ. Буудалласан газарт хэдэн шургааг зөрүүлдэж урц маягийн зүйл босгож тавьсан нь нэлээд хуучин цагт барьсан бололтой. Мөнхүү хоёр талаар уулын бяцхан голууд урсах тул шөнөжин голын харгиа дэрлэн нойрсох нь гэдгийг мэдэж байв. Эргэн тойрон морьд өвс ногоо шир ширхийн зулгааж, хажуугийн модонд үл мэдэх шувуу гуагчих сонсогдоно. Голоос ус хутгах мөчдөө хэд хэдэн байгалийн зураг авсан хойно оройн хоол идэж аваад амрахаар хэвтэцгээлээ.
6. ЗҮҮН ТАЙГА
Үүргэвчинд минь Чи Зи Жианы “Цасаг хөшиг”, Сас Каригийн “Миний зүрхэн дэх цаатнууд” зэрэг ном бий. Очих газрынхаа тухай жаахныг ч боловч судалж мэдэх гэсэн хүсэлд минь Сас Каригийн ном тус болж байв. Гэхдээ би үг, өгүүлбэр бүрийг нь нягталж уншсангүй. Зүгээр л ёс заншлынх нь тухай, өөрт нь хэрхэн юу мэдрэгдсэн зэргийг л гүйлгэн харна. Заримдаа өөрийн нүдээр үзэх гэж зорьсон атлаа өрөөлийн харцанд хэрхэн тольдогдсоныг нь уншихаа азнамаар санагдана. Ямартаа ч Гек ах надад “Цаатнуудыг тайгынхан, урцыг нь өөрсдийн хэлж заншиснаар “гэр” гэж яривал илүү дотно, найрсаг ханддаг юм шүү” гэж захисан удаатай. Ер нь л бусадтай ярилцах дургүй, их дотогшоо, чимээгүй хүмүүс, зарим нь нутагтаа авч үлдэхийн тулд хүнийг ховсддог гэх олон явган яриа Улаанбаатар хотоос гартал намайг дагасан юм даг.
Хэчнээн гол гаталж, хэдэн гүвээ толгод өнгөрсөн юм бүү мэд. Ямартаа ч Хүнхэр тайгын гүн рүү ороход морио хөтөлж буудаг Пөшдөгийн давааг давсны хойно хориод км мөн л хэцүү бэрх, голын эргийн намган дундуурх замыг туучиж, олон арван жижиг гол горхи гаталж байж наагуур нь уулнаас түрэгдэн бууж ирсэн том цагаан чулуудтай толгойн орой дээр гарвал алсад Өртөн Хярхын |Тувагаар Өртэн Гярх гэж бичдэг| уулс сүндэрлэж байлаа. Энэ бол Монгол орны хамгийн баруун хойд цэгт орших умардын нүүдэлчдийн нутаг мөн. Хоёр өдрийн хагасыг морин дэлэн дээр туулан байж зүүн тайгын барааг үдийн алдад сая нэг харав. Алсад цайрах урцны гадуур цагаан ноход гүйлдэж, зэлэн дээр цаа буганууд уяатай хэвтэж харагдана. Гэрт ойртох тусам цааны янзага хойгуур, урдуур гүйлдэх бөгөөд алсад мөнх цаст Ногоон нуурын уул болон Өртөн Хярхын нурууд, Тувагийн хилийн наана орших уулс сүндэрлэн үзэгдэнэ.
Хүний хөл, малын сүрэгт талхлагдаагүй дагшин байгаль энд л буй. Ногоон нуурын уулыг эмжин Нарийны гол урсана. Энэхүү гол нь мөн уулын баруун хойгуур хавцлаас бууж ирэх Эх голтой урсгал нийлэн цутгаж Өртөн Хярхын гол болон урсдаг ажээ. Яг энэ голуудын уулзвараас урагшхан зүүн тайгын гүнд 23 цаатан айл зусаж байлаа. Умрын уулсаас өмнө тийш сунан тогтсон цэлгэр уудам хөндийн яг хойд зах нь гэсэн үг. Урцны үүдийг сөхөж гараад өмнө зүгт хараа сунгавал хоёр талын уулс нь ногоон модоор бүрхэгдсэн уужим дэлгэр хөндий цэлийн үзэгдэнэ. Цаатнууд энэ газарт өмнө нь суурьшиж байсан боловч ирэлгүй уджээ. Харин Өртөн Хярхын уулсынхаа дунд хорин жилийн дараа ирж зуссан нь энэ аж.

Биднийг Цагааннуур сумаас хөдлөх замд танилцсан Г.Далайбаяр эгч угтан авлаа. Тэднийх 23 отог бүхий айлийн хамгийн зүүн урд талд, уулнаас бууж ирэх булагтай ойр гэрээ барьжээ. Цааны сүүгээр сүлсэн өтгөн тослог сүүтэй цай, бяслаг, ааруул, өрөм тэргүүтнээр зочилж “Та хэд минь алжаагаа биз, эгч нь сайхан шөл хийж өгнөө” хэмээв. Цаатнууд хоёр мянга гаруй км-ын алсад суугаа суурин иргэншсэн хотынхны ярьдаг шиг соёлгүй, бүдүүлэг хэвээр үлдсэн эртний нүүдэлчид биш гэдэг нь шуудхан л танигдсан юм. Аль ч газрын улс иргэд эртний өв соёл, зан заншлаа хадгалж үлдэхийг эрхэмлэдэг. Гэвч иргэншил дагасан цуваанаас үлдэж хоцрохыг хэн бодох билээ. Нүүдэлчин амьдралын амар амгаланг иргэншлийн зуунд харьцуулах зүйл үгүй, тэд амар хялбар аж төрдөггүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Гэвч Г.Далайбаяр эгчийн нүүрэнд үргэлж л инээмсэглэл тодорно. Тэр хүн өөрийн өссөн ахуй соёл, дагшин байгаль, нүүдлийн эгэл даруу боловч байгаль цаг уурын хатуу ширүүнтэй цаг үргэлж нүүр тулсан аж төрөхүй, цаатан амьдралдаа хайртай гэдэг нь нүүрнийх нь баяслаас илхэн харагдана.
Г.Далайбаяр эгчийн гадна дөрөө мултлав уу, үгүй юу зөөлөн бороо шивэрч эхэлсэн ч үдийн хоолны дараа түр зогсож нар гарав. Г.Далайбаяр эгчид түлээ хагалж өгөх засварт бид нэлээн удаан хөөрөлдөж суулаа. Эгч М.Хонгорзул, М.Энхзул, М.Энхжин, М.Анужин гэх дөрвөн охинтой. Олон жил ханилсан хань Мөнгөншагай нь хоёр жилийн өмнө гэнэт цус харваад эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс болж бурхан болжээ. Ер нь цаатнуудад тохиолддог хамгийн бэрх асуудал нь энэ. Тэд олон зуун бээрээс гадна, хэцүү бэрх замаар тусгаарлагдсанаас болж эмнэлгийн тусламж хүртэж чаддаггүй. Тиймдээ ч ийш зорин ирэх хүмүүс байгалийн сайханд амарч, цаатан ахуйн соёлтой танилцан зураг, хөргөө авахуулахаас гадна даралтанд нөлөөлөх эм тариа, тарилга зэргийг авч ирвэл тэдэнд хүргэж буй томоохон тус болно.
Эндэхийн иргэд бол хуучнаар Тагна Урианхайн хязгаарынхан буюу түрэг угсааны хүмүүс. Тиймээс Тува аялгаар мэнд усаа мэдэлцэнэ, өөр хоорондоо унаган хэлээрээ ярилцана. Манай улсад МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн ахалсан, гол яамдын сайд дарга нар багтсан Орос-Монголын хилийн хэлэлцээр хийх комисс 1958 онд анх байгуулагдаж байсан түүхтэй. Үүнээс хойш хил тогтоох асуудал 20-иод жил үргэлжилсэн гэдэг. Тэр л үед Тувагаас орж ирсэн Г.Далайбаяр эгчийн эцэг эх монголын хил нэвтэрсэн тул эргэж буцаж чадалгүй зүүн тайгад үлджээ. Зарим нь үр хүүхдээ хилийн цаана орхисон учир уулзаж, учралгүй олон жилийг ардаа гээж, амьдын хагацалыг насан туршид амталсан хэвээр бурхны оронд морилсон эмгэнэлт түүхүүд олон бий. Тэд 20 дугаар зууны эхэн хүртэл Тагна Урианхай хэмээн нэрлэгдэж явсан духачууд бөгөөд социализмын үеийн “Үнэн” сонинд анх удаа “цаатан” гэж бичсэний учир энэ нэршил үүссэн гэдэг. Духа гэдэг нь Тувачууд гэсэн үг л дээ. Г.Далайбаяр эгч “Хааяахан ураг төрөл, хамаатан саднаа үгүйлдэг. Сураг сонсож сууснаас бус танихгүй хүн олон байх. Гэхдээ аав, эгч нараа бодохоор л сэтгэл жаахан эмзэглэдэг юм. Гэлээ гээд яахав. Бид ч цаатайгаа, тэд ч цаатайгаа байгаа хойно болох биз” хэмээн хэлэх нь хэнээс ч илүү тэсвэр тэвчээр сууж хатуужсан, цэх өндөрлөгт төрсөн эмэгтэй хүний амнаас л гарах үг шиг сонсогдсонсон. Төд удалгүй дахин бороо орлоо. Тайгад ер нь бороогүй өдөр гэж байдаг уу? гэсэн бүдүүн баарагдуу асуултанд минь Г.Далайбаяр эгч инээмсэглэн байж “Байлгүй яах вэ, гэхдээ ойрд жаахан жаахан ороод л байна. Ер нь хааяа, хааяахан шивэрч байвал сайн. Цаа чинь ер нь сэрүүнд дуртай амьтан. Ус, хужир, өвс ногоотой сэрүүн сайхан газарт л таргалж, өнгө зүс ордог. Бүгчим халуун, ялаа шумуултай газраас холдож нүүдэллэж явдаг” гэв. Тэрхэн мөчид л өнгөрсөн жил Хатгал явах замд тааралдсан, амьд үзмэр болгож, жуулчдад зураг авахуулах зорилгоор ашигладаг цаануудыг бодохуйд өрөвдөх сэтгэл төрж билээ.
7. ТОЙРЧ ГАРААГҮЙ
2007 онд Засгийн газраас баталсан хоёр шат бүхий төсөл нь цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах зорилготой байв. Гэвч цаатан иргэд зүйл заалтыг нь сайн уншаагүйгээс тэрхүү боломжуудаас тун бага хүртдэг бололтой юм. Асуудал бүгдэд нь тохиолддог, үүнийг зохицуулах шийдвэр заримд нь нааштайгаар шийдэгддэг ч гэсэн алслагдмал байдлаас болж төрийн хишгээс хүртэлгүй өнгөрдөг тал байдаг бололтой. Үүнийгээ ч нэг их тоож ярьдаггүй, байгаадаа сэтгэл хангалуун, зовлон тоочиж суудаггүй хүмүүс гэвэл цаатнуудыг хэлнэ.
Энд цаатнууд борооноор орос ногоон цув өмсөхөөс гадна монгол дээл, орчин үеийн хүмүүстэй адил хувцас хунар хэрэглэнэ. Өвлийн цагт ч арьсан дах нөмрөөд, өнгөлж гадарлаагүй нэхий өмссөн байх нь ховор гэнэ. 23 айлийн яг гол хавьцаа нь гар бөмбөгийн талбай хийж, тор татжээ. Тайгын хүүхдүүд өдөр болгон тоглодог бололтой, чамгүй сайн гар бөмбөгчид болох нь харагдаж байв. Мөнхүү Г.Далайбаяр эгчийн хүүхдүүд нь Цагааннуур суманд сургууль, цэцэрлэгт орох болсноос хойш өвөлдөө сумандаа орж өвөлжөөд, зунд нь тайгадаа ирж зусдаг байна. Энэ бүхнээс үзэхэд иргэншлийн сүүдэр умардын нүүдэлчдийг тойроогүй нь лавтай. Хөгжлийн унаанаас хоцрохыг хүсэх хүн үгүй. Тиймээс л хэн бүхэнд тохиолддог эдийн засгийн асуудалд тэд өртөх нь тодорхой. Тэдний амьжиргааны гол хөшүүрэг нь цаа буга. Гэвч биднийг тэнд байхад айл бүр л хонины нойтон махыг өлгөж хатаагаад хоолондоо хэрэглэж байв. Цааг өсгөн үржүүлэхийг л бодохоос бус тэр бүр хүнсэнд хэрэглэдэггүй гэж Г.Далайбаяр эгч ярина. Харин цааны цусан эвэр бэлтгэхээ больсноос хойш ясан эврээр нь бэлэг дурсгалын зүйл хийж тайгад зочилсон жуулчдад худалдаалдаг байна. Энэ нь тэдний гол орлого. Мөн цааны борвины арьсыг 50-60 мянгын хооронд худалдаална. Бас жуулчдад зориулсан хоноглох газар буюу илүү урц барьж өгөөд хөлсөнд нь тав арван төгрөг л авна. Энэ жил цар тахлын улмаас жуулчид ховор байгаа учир урц бариагүй гэнэ лээ. За, энэ хүрээд л ерөнхийдөө орлогын үүсвэр нь зогсчихож байгаа юм. Цаанаас маш бага сүү гардаг учир хэрэглээндээ зарцуулахаас бус борлуулж зарах хэмжээний цагаан идээ хийдэггүй ажээ. Харин өдгөөгөөс долоон жилийн өмнө буюу 2013 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаатан түмэн дээр зочлох үеэрээ цаа маллаж буй өрхийн том хүнд сар бүр 100 мянга, хүүхдэд 50 мянган төгрөгийн тэтгэлэг олгох санаачилга гаргаж байсан билээ. Ер нь цаанаас өөр малгүй цаатан иргэдийн эдийн засгийн асуудал хүнд тул суурин бараадаж, тайгаа орхих тохиолдол гарах нь дамжиггүй. Буруутгах ч аргагүй.
Тэгээд ч цаатан иргэдийн ан хийх нь эрх нь 1995 онд батлагдсан ан агнуурын тухай хуулиар хязгаарлагджээ. Мэдээж тайгыг тусгай хамгаалалттай газар болгосон учраас энэ нь аргагүй. Мөнхүү сайн дураараа нутаг сэлгэн нүүх нь хүртэл хашигдмал байдалтай болж буйд тэд дотроо жаахан дургүй хандлагатай болов уу гэмээр санагдлаа. “Үнэндээ бид ховор ан амьтан тааралдвал газар нь дээр нь устгаж үгүй хийдэггүй, дөрөө шүргэм өвстэй тайгын хөндий, битүү ширэнгэн дунд нэг ч удаа гал алдаж байгаагүй гэдгийг жаахан ойлгочихмоор байгаа юм даа, энэ хүмүүс” гэж зүүн тайгын хамгийн өндөр настан Д.Гомбо өвгөнийг хэлэхэд аавдаа зэмлүүлж суугаа жаал шиг гэмшил төрснийг нуух юун.
Өнгөрсөн жил цаа бугын тоо толгой 2000 гарсныг тэмдэглэж, Ерөнхийлөгчийн ивээл дор 2000 цааны баяр тэмдэглэсэн. Баруун, зүү тайгад нийтдээ 85 өрх 2396 толгой цаа буга тоолуулсан гэх мэдээ баримт олон бий. Гэвч өдгөө зүүн тайгад зусч буй 23 айлийн цаа нийлээд 400-500 толгой байгаа болов уу гэж Г.Дэлгэрбаяр эгч хэлснийг санав. Эгч өөрөө л гэхэд 20 гаруй цаатай. Тиймээс ямартаа ч цаа бугын тоо толгойг нарийвчлан дүгнэж, асуудлаа нэг тийш болгосон нь зөв байх. Дараа нь хэзээд баярлаж болно. Мянга мянган толгой цаатай болсон, цаатанчууд тайгадаа амар амгалан, тайван сайхан амьдарч буй гэсэн бодлоор нэгэн цөөнх үндэстнийхээ асуудлыг хаячихаж болохгүй санагдана. Өдгөө 300 гаруй цаатан үндэстэн 40 гаруй айл л баруун, зүүн тайгад Есиней мөрний эх болдог Шишгэдийн голоор зааглагдан амьдарч байна. Үлдсэн залуус нь уулнаасаа бууж, үр хүүхдүүд нь төв суурин бараадчихвал хэдэн настай хүмүүс л тэнд үлдэнэ.
Цаатнууд бол эх орны минь баруун хязгаар дахь умардын нүүдэлчид мөн. Тэд иргэншсэн нийслэл хотоос даруй 2000 гаруй км алслагдсан хүмүүс. Гэхдээ иргэншсэн нийгэмд нийтлэг тохиолддог зарим асуудал тэднийг огтхон ч тойроогүй юм шүү.
8. УРЦ ДОТОРХ ХУУЧ
Эхний хууч буюу эмзэглэл
Зүүн тайгын хамгийн өндөр настан Д.Гомбо гуай энэ жил 75 насыг зооглож байна. Өнгөрсөн жилүүдэд Норвегид болсон “Дэлхийн цаатны их хуралд” уригдан очиж санал бодлоо солилцож, туршлага хуваалцсан хүн. Олон ч жил цаатны ахлагч хийж яваа нэгэн. Саяхан отгийнхоо ахмадуудтай цуг мориор гурав хонож байж очдог рашаанд явчихаад иржээ. Тэрбээр намайг угтаж авч, зочилсон Далайбаяр эгчийн аав нь билээ.
Д.Гомбо гуайн хамгийн их эмзэглэж явдаг зүйл нь хэл соёлын асуудал. “Хүүхдүүд маань хот хүрээ орж эрдэм мэдлэгтэй бололгүй яахав. Гэхдээ тува хэлээ мартаж болохгүй гэж боддог. Одоо ч хүүхдүүд тува хэлээрээ ярих нь багассан, бараг мартаж байна. Үүнд л би хамгийн их эмзэглэж явдаг. Эндээ тува хэлийг хүүхдүүдэд зааж сургадаг багштай болмоор байгаа юм” гэлээ. Мөнхүү хүүхэд, залууст “Эх хэл соёлоо мартаж болохгүй. Бүгд л хот хүрээ гэж байгаа ч гэсэн өөрсдийн эх соёлоо аварч үлдэх нь бидний үүрэг. Хэл соёл үгүй бол үндэстэн мөхдөг. Цаатан иргэдийн ёс заншил, эх хэл минь биднээр эцэслэж болохгүй” хэмээн байнга захидаг гэнэ.
Үнэндээ энд 40-өөс доош насныхан эх хэлээрээ ярьж чадахаа больжээ. Цагааннуур сумын сургуульд тува хэл заалгахаар болж хичээлийн хөтөлбөрт оруулсан ч энэ нь хоёр жил шахам хэрэгжсэн болоод л зогсчихсон байна. Тиймээс хамгийн зөв гарц нь гэвэл тува хэлний хичээлийг Цагааннуур сумын арван жилийн хичээлийн хөтөлбөрт оруулах юм. Хэл соёл бол үндэстний оршин тогтнохуйн нэг томоохон шалтгаан. Устчихвал тува цаатнууд гэж үгүй болно. Ингэснээр монгол түмний нэгэн эд эс, амины нэг судал тасрана гэсэн үг.
Тэхийн зогсоол
Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Өнтэйг яана!
“Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын
Өндрийг яана!
Их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн “Тэхийн зогсоол” найраглал ийн эхэлдэг. Унших бүрт л хад чулуутай өндөр уулс, суунаг цэнхэр утаа олгойдон гарсан өвөлжөөн дэх цагаан гэрүүд, дулаахан бууц, саравч хашаа, нам гүм ахуй нүдний өмнө ургаад ирдэгсэн.
Харин Д.Гомбо гуай тэхийн зогсоолыг хоёр удаа нүдээр үзсэн гэдгээ хуучлав. Ян сарьдаг уулсын нутагт төрж өссөн цагаасаа эхлэн 70 гаруй жил амьдарсан энэ эрхэмд байгаль дэлхийн зураг, ан амьтдын амьдрал дундаас мартагдахгүй дурсамж болж үлдсэн нь тэхийн зогсоолыг хоёр ч удаа нүдээр үзсэн явдал байжээ. Цаатнуудын зуншиж буй газрын арын өндөр уулыг Ногоон нуур гэнэ. Холоос харахад орой нь хүнхэр хэлбэртэй энэхүү уулын тэр л хонхорцогт үнэхээр нэг нуур байдаг гэнэ. Морь бол гарч чадахгүй, сөхөрдөг учир цаа унаад явбал хүрчихэж болдог ажээ. Харин эрэг дагуу намаг шавар ихтэй учраас ойртох аргагүй дагшин нуур бий гэлээ. Тэр л уулын нэгэн оргилд өдөржин, шөнөжин тэх зогсож, заримдаа тэндээ хонож байхийг Д.Гомбо гуай ажигласан байна. “Яг л өнөөх шүлэг гардаг амьтан байх нь гэж бодоод их л өрөвдөж билээ. Тэгээд бас болоогүй ээ, “Төрсний эцэст үхнэ гэдэг амьтны ёс оо” гэдэг шүлгийн мөрийг нь өөртөө хэлж сэтгэлээ тайтгаруулж явсан даа. Нэг л өдөр алга болчихсон байсан. Хавцлын доогуур эргэж тойрч очоод, хад чулуу дамжин нэгжиж явсаар унасан газрыг нь олсон юм. Хойтон жил нь эргэж хүрээд цайрсан толгойг нь үүрч тэхийн зогсоол өөд мацсан. Хавцлынх нь оройд гарч толгойг нь тавиад орхисон доо” хэмээн хуучилна.
Цаатан айлуудын гэрийн зүүн талаар сунайн тогтсон Өртөн Хярхын уулсын орой дээгүүр хаврын цагаар янгирын сүрэг идээшилж, ишигнүүд нь наадан тоглож байхийг Д.Гомбо өвгөн олон жил харж суусан гэдгээ нэмж ярихаа мартсангүй.
“Хүн амьтан ялгаагүй. Төрөх, үхэх жамд л захирагдана. Харин хэл соёл минь хойч үед өвлөгдөж, байгаль дэлхий дөрвөн цагийн аясаар эргэн сэргэж мөнх оршино. Гол нь цааны цусан эвэр хөрөөдөж авдаг ёс үгүй болсонд хачин их баяртай байдаг даа” гэж их цовоо хэлснийхээ хойно жаахан санаа алдасхийснээ аягатай цайгаа ойчлов.
Ихэр янзага (хугаш)-ны гунигт түүх
“Цаа буга ер нь ихэрлэдэг үү” гэж асуутал бодож байснаас минь тэс өөр хариулт ирэх нь тэр. Цаатанчууд дээр зочилсон нэвтрүүлгийн үеэр Ерөнхийлөгч нэгэн настнаас “Цаа хэр ихэрлэдэг вэ” гэж асуухад “Ихэрлэнэ, ихэрлэнэ. Гэхдээ цөөхөн л дөө” гэж хариулж байсан нь тодхон санагдана. Гэтэл Д.Гомбо гуай сураг сонсоноос биш цаа буга ихэрлэхийг үзээгүй гэнэ. Учир нь цаа буга ихэрлэх нь “муу ёр” гэж үздэг байна. Тиймдээ ч нэг янзага (хугаш)-ыг нь голын усанд урсгаж орхидог ажээ. Гэхдээ өвгөн үүнийг нүдээр үзээгүй, залуу явахдаа нутгийн хөгшчүүлийн ярианаас сонссон хэмээв.
Цаа бугыг тэд тэнгэрийн амьтан хэмээн үздэг. “Үнэхээр л бидний мэдэхээр үлгэрт Санта Клаус өвөө цаа буга хөлөглөн тэнгэрээр нисэж шинэ жилийн орой дэлхийн бүх хүүхдүүдэд бэлэг тарааж өгдөг шүү дээ” гэсэн бодол хальтхан зурсхийв. Тийм ч учраас цаа бугыг сэтэрлэдэг байна. Сэтэртэй цаа бугыг ижил сүрэгтэй нь цуг тайван хариулахаас бус унлага, ачилганд хэрэглэхийг цээрлэнэ. Харин уул тахих үед сэтэртэй цаа бугын амийг таслаж бүх махыг нь урц дотор тавьж өргөдөг гэнэ. Энэ нь ихэвчлэн цагаан зүсийн цаа байдаг ажээ. Ер нь уул тахих зан үйлийг намар юм уу, зуны тэргүүн сард үйлддэг байна.
Д.Гомбо гуай нэг удаан 600 гаруй зэрлэг цаа харсан гэв. Газар доргилох мэт их чимээ гарч, олон цаа буга уулын хүрхрээ шиг гэнэтхэн л нөмрөөд иржээ. Азаар жаахан хол байсан болохоор олон зэрлэг цааны хөлд үрэгдчихэлгүй өнгөрснөө дурсав. Тиймээс ч өдгөө Тувагийн сүрлэг нурууд, Өртөн хярхын уулсын хяраар зэрлэг цаа бугын сүрэг бий гэдэгт өвгөн бат нот итгэнэ.
Тайгад өдөр их урт болно. Оройн 22:00 цаг болж байхад цагаан гэгээ тасраагүй л байлаа. Би Д.Гомбо гуайнхаас гарч хажуугийн булаг руу алхаж хүрэв. Анх аялалд гарч байхад төрсөн өнөөх жиндүү мөртлөө дотно дулаан, айдастай боловч амттай мэдрэмж дахин төрөв. Оргил өндрөөс үерийн ус, элс шороотой холилдон буусан чулууд уулсын энгэрээр үзэгдэнэ. Түүний наадах товгор толгодын оройгоор ганц нэг модод сэрийлдэж, сул тавьсан цааны янзага (хугаш)-нууд тонгочин наадна. Хад чулуу оргил дээрээс өнхрөн бууж байхад тайгынхаа цэх өндөрлөгөөс чулуу шиг бууж суурин газрын амьдрал бараадалгүй эх хэл, ёс заншлаа хадгалан хамгаалж үлдсэн цаатан түмнийг хайрлах сэтгэл эрхгүй төрнө.
Цөөнх үндэстэн дотроо цөөхүүлээ үлдсэн тэдний хэнтэй ч уулзаж гар барьсан инээмсэглэж угтаад халуун дулаан яриа өрнүүлэхээс цааргалахгүй. Цаа бугынхаа арьсаар урц барьж, ангийн хувцас хэдэрсэн, цочмог ааштай, ойлголцоход хэцүү хүмүүсээр тэднийг төсөөлж явсан эндүү бодол минь энд төгсгөл болов. Умардын хязгаар дахь нүүдэлчдийн халуун сэтгэл нь уулсынхаа жаварыг хүртэл бүлээцүүлж орхидог учир л тэд тайгын хэцүү бэрх араншингийн өмнө туйлдаж сөхөрдөггүй биз ээ.
ЦУВРАЛ 3
Учрахыг хүсдэг нь хагацахыг хүсдэгээсээ олон
Угтаа амьдралд бид эрхэлсээр л төгсөнө…
Тө.Бямбасүрэн
9. ӨГЛӨӨНИЙ ҮЙЛ
Г.Далайбаяр эгч өглөөний 5:30 уагийн үед босно. Гэрээ галлаж, өглөөний унд бэлтгэчихээд мянжигаа саахаар гадагш гарав. Үүрээр шивэрч эхэлсэн бороо саалийн үеэр ч мөн орсоор л байлаа. Ер нь энэ өдөр үргэлжилсэн их бороо орох бололтой. Харин ийм зөөлөн борооноос болж тайгынхны ажил зогсох нь үгүй. Тэд мод түлшээ бэлтгэж, цаагаа саана. Цааг өдөрт 4-5 удаа саадаг байна.
Нэг мянжигаас хамгийн ихдээ 300 грамм сүү л гарна. Дунджаар бол 120-200 грамм л байдаг. Гэвч цааны сүү тослог ихтэй учраас 200 грамм сүүгээр 5 литр усыг сүлчихдэг байна. Тийм л учраас ааруул, бяслаг зэрэг цагаан идээгээ өөрсдийн хэрэглээний хэмжээнд цааныхаа сүүгээр хийчихнэ. Ааруул, хурууд бол хөдөөний хүүхдүүдэд чихэр л гэсэн үг. Заримдаа халбагаар бус мэрж явсан ааруулаар хоолоо хутгаад идэх нь ч энүүхэнд. Хүүхдүүд бороо орж буйг ч үл анзааран ааруул мэрсээр цааны зэлэн дээгүүр гүйлдэнэ. Зарим уяатай хугашийг тэвэрч эрхлүүлэх, уяаг нь тайлж эхэд нь тавих зэрэг ажлыг тэд гүйцэтгэнэ.
Мянжигаа сааж дууссаны дараа Г.Далайбаяр эгч түлээ хагалж, өглөөний ундаа бэлтгэхээр гэртээ орлоо. Магадгүй өрх толгойлсон эх хүн болох Г.Далайбаяр эгчийг үл таних жуулчин ийнхүү түлээ хагалж зогсоог нь харсан даруйд яах байсан бол гэж гэнэтхэн бодогдлоо. Эхлээд хэсэг зуур гайхна, сониучирхан харж байснаа зургийг нь авна, дараа нь бидэнд энгийн л мэт санагдаж, хэвшсэн ойлголтуудыг няцаасан асуултыг угсруулж асуух нь мэдээж. Харин тайгад түлш бэлтгэх нь хамгийн чухал ажил. Төмөр сүх, түүнийг атгасан арван хуруу өдөрт хэдэн тайрдсыг хагалж, түлш бэлтгэдгийг хэн ч мэдэхгүй. Үнэндээ асуудал болгож хардаггүй энэ л энгийн нэг ажил цаатан иргэдийн амьдрал дундахь хамгийн чухал үйл. Бороотой, зэврүүн өдрүүдэд урцаа дулаан байлгахаас өгсүүлээд хоол ундны зүйлийг тэд гал түлж болгоно. Мөнхүү өвлийн хахир хүйтний ихэнхийг дулаан зуухны захад л өнгөрүүлнэ. Өвөлдөө зуухыг тойрсон хэсэгхэн газар л бүлээн байхаас бус урцны хаяанд жавар тачигнаж өнждөг гэнэ. Тиймээс ч эндхийн хүмүүс урд талаас нь дулаан илч төөнөж, нуруунаас нь хүйтэн жавар хайрсан гэрт өвлийн урт саруудыг туулж давдаг байна. Харин Г.Далайбаяр эгчээс авахуулаад тайгын нэг ч хүн өвлийн тухай асуултанд минь “хүйтэн, даарсан” гэдэг үгийг хэлэлгүйгээр хариулж байсан юм. Тэд хахир хүйтэн өвлийн жаварт чичирч, аагим зуны бүгчим халуунд наршиж гунддаггүй хүмүүс. Бусад нь чадахгүй болохоор л тайгад суудаг юм биш. Бусдаас илүү хаттай, тэвчээртэй байхад суралцсан учраас л тэд энд аж төрдөг.
10. МАРГАДТАЙ ХАМТ АЛХСАН НЬ
Бороо зогссон хэдий ч түнэрлэсэн саарал үүлс огторгуйд мөнхийн хөдөлгөөнд оршин буй аварга том хөөсөн механик шиг нүүгэлтэж үзэгдэнэ. Нөгөөтэйгүүр тайгад өглөөний сэрүүнд алхахад хамгийн түрүүнд бүчин авах зүйл нь манан. Харин салхи жаахан хөдлөхийн төдийд л хөндийд буусан манан хоромхон зуурт замхарчихдаг юм билээ. Уулын оройд буусан суунаг харин хэсэгтээ замхрахгүй. Алгуурхнаар дээш урагдан хөөрөх мананг тэртээ доороос ажиглан зогсоход ид шидэт үлгэр дотор ороод суучихсан шиг мэдрэмж төрнө. Модод доороос нь тавьж явуулахгүй зуураад байх шиг учир л манан тийм алгуурхан, өөрийгөө уран байж хөөрдөг болов уу гэлтэй. Үлгэр дотор ороод зогсчихсон хүнд ийм л мэдрэмж төрөхөөс яалтай билээ.
Цагааннуур сумаас тайга руу ирэх замд нөхөрлөсөн Л.Маргад-Эрдэнэ охинтой хамт цаа бугын зураг авч, тэр хавийн уул хад, отог дундуур хамт алхахаар болов. Танил маань 13 настай бөгөөд удахгүй 14 хүрнэ. Маргад их сониуч зантай. Басхүү зураг авах, элдэв төрлийн амтатны цаас, хүмүүсийн хэрэглэхгүй орхисон эд юмсыг ашиглаж дурсгалын зүйл урласан хойно түүнийгээ хүмүүст бэлэглэх дуртай. Ер нь их бүтээлч сэтгэлгээтэй нэгэн. Бүр өөрийн гэсэн дууны “CD” ч түүнд бий. Сүүлд Улаанбаатарт ирээд түүнтэй уулзахад надад өөрийн гараар хийсэн бөгж, зүрхэн хэлбэртэй сувинер хоёр бэлэглэсэн юм даг.
Бид хамтдаа Ногоон нуурын уулын наад энгэрт байх Нарийний голын хүрхрээ тийш явлаа. Тайгад байдаг хамгийн том басхүү ганц хүрхрээ нь энэ. Ер нь тус хүрхрээний эргэн тойрон нь Улаан цутгалан, Арсайн хүрхрээ зэргээс дутахааргүй үзэсгэлэнтэйгээс гадна жинхэнэ дагшин байгальд оршино. Мөнхүү өндөр уулын хавцлаар урсах тул асар их дуу чимээтэй. Хүрхрээний дор очихыг хүсвэл Өртөн Хярхан гол даган дээш өгсөж болно. Мөнхүү Хүрхрээний урд талаас доош буух хүний мөрөөр гарсан жимтэй ч хэцүү бэрх тул хүүхдүүдийг тэр замаар авч явахад аюултай. Ер нь тайгын булаг шанд, гол ус нь намуухан долгио татуулж урсах нь үгүй. Нуур, цөөрмийн амгаланд дуртай хэдий ч гол ус намуухан урсах нь нэг л тийм амь тавьж буй аятай мэдрэмж төрүүлдэг. Харин Нарийний голын хүрхрээ хэдэн мянган жилийн түүхийг хүнгэсэн их дуугаар хүүрнэх шиг санагдана.
Маргад “Ямар том хүрхрээ вэ, ёстой гоё юм аа” гэж байна. “Яг юу нь гоё санагдав” гэхэд минь “Тайгын байгаль, уул ус нь бүгд гоё юм. Гэхдээ энэ бүхнийг үзэж, харж яваа минь хамгийн гоё” гэж тайлбарлалаа. Тиймээ, бид дагшин байгалийн сүр хүчийг нүдээр үзэж, өтгөн манан дунд цаа бугын эвэр сэртэгнэн байхийг олж харлаа. Тайгад бороо орохыг, жаахан охид цаагаа барьж унаад зэлэнд нь авчирч уяхыг, цагаан өнгөтэй нохой урцны үүд сахин алсаас анир чагнан хүлээж хэвтэхийг, голын харгианаас залгилж зогсоо цааны хугашийг, үзүүр нь тэнгэрийн гүн рүү шургасан өндөр уулсын манантай оройг үзлээ. Хачирхаж явсан цаатан иргэдийн халуун дулаан сэтгэл, нам гүм амгалан ахуйд зочиллоо. Энэ л хамгийн гоё.
Хүрхрээнээс ирсний дараа Маргад бид хоёр цаа буга хооллов. Цаа их хужирсдаг амьтан учир гялгар уут жаахан шажигнуулахын төдийд л давс нэхэж гүйгээд ирнэ. Харин хужир мараа тайгад бус тал руу, монголын умардад бус өрнөд элбэг бий. Маргад жижигхэн аяганд давсаа жаахан, жаахнаар хийгээд уяатай цаануудад очиж өгнө. “Би бүгдэд нь л давс өгмөөр байх юм” гэлээ. “Энд бараг 200 гаруй цаа бий шүү дээ” гэтэл “Хамаагүй ээ, давс л хүрэх юм бол би өдөржин ч болтугай явсаар байгаад бүгдэд нь өгнө” гэж байна. Мөнхүү энэ отгийн хамгийн том эвэртэй, зарийг |эр цаа| тэр олоод мэдчихэж. Тийнхүү цуг очиж харвал эвэрт нь хадаг уясан үзэгдэнэ. Магадгүй сэтэртэй цаа байх гэж таамаглав.
Бид хоёр цаануудад давс өгч дуусаад ойрхон байх булгийн тийшээ алхав. Маргад камер барьчихсан зураг авч явна. Тэгснээ “Та дараа ахин тайгад ирэх үү” гэж асуув. “Магадгүй л юм, харин чи” гэхэд минь “Надад зав гарч, аав ээж хоёр зөвшөөрөх л юм бол заавал ирнэ. Та бас бидэнтэй хамт яваарай. Ер нь эндхийн юмсыг ойлгоход, ойртож харж, мэдрэхэд таны камер их тус болж байна шүү” гэх нь тэр. Заримдаа Маргад камерийнхаа нүхээр шагайн харж, харж байснаа зургийг минь дарав. Тэгээд надад “Тантай тайгад хамт явснаа мөнхжүүлж энэ зургийг авлаа. Надтай хамт авахуулснаа биш миний авсан зургийг харин сайн хадгалдаг юм шүү” гэв. Жижигхэн данхандаа булгаас ус авчихаад эргэхдээ би Э.Энхцолмон сэтгүүлчийн нэгэн нийтлэлийн төгсгөлийг санав. “Аль аль нь чи бид хоёрт эрдэнэ”.
11. ЮМ БҮХЭН ГУНИГТАЙ
“Эгч нь нэг сайхан цуйван хийж өгнөө” гэсээр Г.Далайбаяр эгч модон “гампанз”-аа аваад мах хэрчиж эхлэх нь тэр. Гадаа дахиад л бороо шивэрч байна. Урцны үүд дэлгээтэй. Шиврээ борооны дуслууд агаараас гуниг шүүрдэж олоод газардаж байх шиг. Гэхдээ хачин тунгалаг гуниг. Учир нь өнөөдөр тайгад хонох сүүлчийн өдөр. “Морьтой болоод завтай явсансан бол” гэдэг шиг тайгад ахин хэд хонох хүсэл буцах өдрийн нар мандах нь ойртох тусам улам их төрнө.

Г.Далайбаяр эгч өвлийн саруудыг Цагааннуур суманд өнгөрүүлэх болсноос хойш нэлээд хэдэн жил болжээ. Зундаа тайгад гарч ирэх хэдий ч жилийн ихэнх улирлыг суманд өнгөрүүлдэг гэсэн үг. Хүүхдүүд нь сургууль соёлд орж, эрдэм номын мөр хөөх болсноос хойш иргэншилд ойртсон нүүдэл хийхээс өөр аргагүй болсон нь тэр. Мөнхүү хэдийгээр өсч төрсөн нутаг нь ч гэсэн зуны эхэн сард ирэх бүрийд олон жил ханилсан ханиа санан дурсах явдал тохиодог болов уу гэж бодохын сацуу ахиад л хачин их гуниг төрөв. Асуулт тавихгүй л бол эгч ер нь дуугарах шинжгүй. Дотроо тээж явдаг олон өвдөлтүүдийнхээ алийг нь бодон санааширч суудгийг хэн мэдэх билээ. Тиймдээ ч Цагааннуур суманд очиж хүүхдүүдийнхээ цай хоолыг бэлтгэн, хичээл номыг нь хийлгэж суухдаа л зарим нэг хөндүүр дурсамжаас ангижирдаг байж болох юм. Насаараа нам гүмхэн тайгын ахуйд өссөн хүнд суурин иргэншлийн газар гуних зав олгодоггүй ч юм билүү дээ.
Хоол болох зуурт зүүн тайгын удган Ж.Сайнцэцэг эгчийнд зочлов. Гэр нь отгийн ахлагчийн урцнаас жаахан зайтай боловч харалдаа, өндөрлөг дэнж маягийн газар байрлана. Урцныхаа хойморт хатгасан шонд олон өнгийн давуу уясан бөгөөд ихэнх нь цагаан өнгөтэй байх аж. Ж.Сайнцэцэг эгч яг цайгаа уудлан гаргаж байлаа. Намайг дээш суу гэж намуухан дуугаар хэлсний хойно цай аягалж барив. Мөнхүү өрөм, ааруул, талх тэргүүтнийг өмнө минь тавьж зочиллоо.
Ж.Сайнцэцэг эгчийн бие нь муудаж, эдгэрлийг олохгүй олон хоног зовсны эцэст удган болжээ. Бие илааршиж, тэнхэрсэн хойно бусдыг эмчлэх, байгаль дэлхийгээ аргадаж бөөлөх ур ухаанд суралцсан байна. Үнэнийг хэлэхэд би удган, бөө хүмүүстэй уулзахаас жаахан бэргэдэг учир олон зүйл асууж чадаагүй юм. Ямартаа ч зочилж ирсэн хэн нэгнийг нутагтаа үлдээх гэж ховсдох арга хэрэглэж байсан удаагүй, тайгынхан тийм зүйл хийдэггүй хэмээн хэлж байлаа. Эмгэн мод авчрахаар гарахад нь би тусалж, басхүү нэмж мод хагалж өгөөд урцных нь зүүн урд хаяанд эгнүүлж өрөв. Гадаа бороо шивэрч, бүүдгэр саарал орчил дундуур цаа бугын хугашнууд хөөцөлдөн тоглох нь үзэгдэнэ. Ж.Сайнцэцэг эгч хэдэн ширхэг хурууд авч өгөөд “Түлээ хагалж өгсөнд, тайгад минь ийм сайхан сэтгэлээр ирж зочилсонд баярлалаа” гэв. Би удган эгчийнхээс гарч майхан өөдөө алхлаа. Харин замд Г.Далайбаяр эгч дуудаад “Орж хоол идээрэй” гэж байна. Бодвол гол ус руу явчихав уу, хоол халуун дээр нь идэхгүй яагаа бол хэмээн санаа зовсон нь илт.
Магадгүй борооноос болсон байж мэднэ. Гэвч нэг л их уйтгар төрөөд болдоггүй. Өглөө буцах замд мордохгүйгээр эндээ дахин өнжчихмөөр л санагдана. Эргээд иртэл баяртай гэж хэлээд эндээс холдоно гэдэг тун ч бэрх даваа. Тэр тусмаа эрж олоогүй, амьдралд таарах олон сайхан тохиолын нэгээр учирсан хүмүүсийн халуун дулаан сэтгэлээс холдоно гэдэг юутай хэцүү зүйл билээ.
12. УЧРАЛ БҮХЭН ГЭГЭЭН
Зүүн тайгад хүрч очих хэд хэдэн зөрөг, жим бий. Алинаар нь ч орсон яг л адил шавар намаг, хад чулуутай замаар туучсаар зүүн тайгад л хүрнэ. Шөнө орой л гэхээс бус төөрч будилах явдалгүй санагдсан. Учир нь Жүгнэгийн даваанаас уруудаж салсан жим бүхэн Зүүн тайгад хүргэнэ. Тэнд очоод жим төгсдөг. Харин одоо би тэр л зөрөг жимүүдийн нэгээр ороод буцах гэж байна. Тайгад ирж төгсдөг жим одоо харих замын минь эхлэл болжээ. Умардын нүүдэлчин зорихоор гэрээсээ гарч явсан Улаанбаатар хот 2000 гаруй км-ын алсад бий.
Цаатанчууд дээр би анх удаа зочиллоо. Цааны сүүгээр сүлсэн халуун цай оочиж, цааны сүүгээр тараг бүрж хийсэн ааруул мэрж, алсын уулын орой ширтэн суулаа. Урцыг гаднаас нь харахад яг л эртний нүүдэлчдийн дүр төрх санаанаас гарахгүй. Харин Г.Далайбаяр эгчийн хүүхдүүд нь бүгдээрээ охин болоод ч тэр үү гэр доторх нь хачин цэмцэгэр. Хөнжил гудсаа нямбайтал нь эвхэж хураана. Аливаа нэг зайлшгүй тулгамдсан асуудал гарвал ээжээсээ зөвлөгөө авахаас бус бусад ажлыг өөрсдөө яг таг хийчихнэ. Гэрийн ажлаас авахуулаад ойр зуурын хийх зүйлс энд мундахгүй. Гэвч тэдний гэр бүлийн ямар ч гишүүн ажлаас цааргалаж буйг нь би лав олж хараагүй юм.

Буцах өдрийн өглөө бороо зогсож, нар гарчээ. Хөтөч хийж явсан Энхээ, Баяраа хоёр морьдоо барьж эмээллээд явахад бэлэн болсон байна. Бид ч мөн майхан саваа хурааж янзлав. Харин хойд дэнж дээрх Д.Гомбо гуай гэрийнхээ гадна юу ч юм эрэн газар шагайгаад алхаж яваа харагдана. Багад минь намар болж сургуульдаа явах үеэр аав гэрийнхээ гадуур үг дуугаралгүй, нэг зүйл хайсан аятай чимээгүйхэн алхаж явдагсан. Тэгснээ хүүгээ нэг үнсчихээд мордоод явчихдаг байсан билээ. Гэрээсээ хол явахыг минь харж чаддаггүй байсан хэрэг. Ийн бодохын сацуу Д.Гомбо гуай дээр очиж явах болсноо дуулгаж, шүлгийн ном дурсгав. Өвгөн их л хүндэтгэн байж тосч аваад “Би бас энэ Тува цаатнуудынхаа үүх түүх, ёс заншлын талаар бүтээл туурвиж байгаа. Чамтай эргээд холбогдоно шүү” гээд утсыг маань бичүүлж авав. Тэгснээ “За, замдаа сайн яваарай. Эргэж ирвэл өвгөн ах нь тайгадаа байж л байна. Олон хүн ирж буцдаг ч гэсэн чамайг эргээд ирвэл андахгүй танина” гэвэй. Өдгөө дал гаруй насалсан түүний ухаан санаа цэлмэг, уужуу тайван хүн гэдгийг нь энэ үгс бэлхнээ батлана. “Та нар, цай цүү уусан биз дээ” гэж асуучихаад Д.Гомбо гуай урц өөдөө алхав.
Хамт аялсан хүмүүс маань Г.Далайбаяр эгчийн гэрийн үүдэнд түүнтэй хамт дурсгалын зураг татуулж зогсоно. Би ч бас зураг даруулав. Д.Урианхайн бичсэн шүлгийн мөр санаанд орно. “Инээд шиг хуучин хүний амьдралд нулимс шиг халуун байх”… Тийм л халуун дурсамжуудынхаа нэгийг тайгад үлдээж басхүү зүрх сэтгэлдээ нандигнан хадгалж аваад буцахаар мориндоо мордлоо. Бидний хэн, хэн нь энэ амьдралд өөрсдийн оршихуйг бүтээж явна. Хожим “нулимс шиг халуун” дурсамжаас өөр юу ч үлдэхгүй. Учир нь бидний амьдралд хагацал бишгүй тохиолддог. Харин хүн тус бүр нь отог омгоороо адилхан нэг амьдын хагацлыг амталсан хүмүүс бол цаатанчууд. Гэхдээ тэд амьдралд гомдож, хагацлын хүндэд сэтгэлээ халирааж суудаггүй. Учир нь хагацлаас олон учрал бийг тэд мэднэ. Харих замын турш ийн бодож явлаа.
Магадгүй тайгад ирсэн минь цаатан түмний ёс заншил, соёлоос ангид зүйлийг хайсан байж мэднэ. Тэр нь энд л буй цаг хугацааны туршид залуу насны минь мартагдашгүй дурсамжийг бүтээх хэн нэгнийг ч юм уу. Тиймээс л Маргадтай хамт тайгын гол өгсөн алхаж, Д.Гомбо гуайтай олон цаг хуучилж, Г.Далайбаяр эгчийн дотно сэтгэлийн утсаа хөндөн байж урсгах намуухан яриаг чагнаж суусан биз ээ. Одоо тайгаас буцаж яваа минь ч бас хэн нэгэн хүнийг сэтгэлийн хөндүүр дурсамжтай нь үлдээгээд хагацах мэт л санагдана. Буцах зам хэзээд гунигтай ч нэхэн санахад учрал бүхэн гэгээн билээ.
Хөвсгөл Хатгал – 2020.08.03
УБ – 2020.08.17
МОНЦАМЭ | Балдоржийн Алтанхуяг

Хүтэйн
2020-09-30
Яасан сайхан тэмдэглэл бэ, баярлалааа
Наранцэцэг
2022-10-04
Дахиад л уншлаа. Хаа нэг гаргаад уншихад их л дотно сайхан.