АНУ: Ардын чөлөөлөх армитай холбоотой оюутан, эрдэмтдийг улсын хилээрээ нэвтрүүлэхгүй

АНУ-ын эрх баригчид энэ сарын 8-ны байдлаар БНХАУ-ын мянга гаруй иргэний визийг хүчингүй болгов. Энэ тухай төрийн департаментын албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн бөгөөд Америкийн засаг захиргаанаас Ардын чөлөөлөх армитай холбоотой оюутнууд, эрдэмтдийг улсын хилээрээ нэвтрүүлэхгүй байх хүрээнд ийм арга хэмжээ авсныг мэдээлжээ.
Үүний зэрэгцээ Америкийн дотоодын аюулгүй байдлын сайд Чед Вулф оюуны өмч, чухал судалгаануудыг нь хулгайлахаас сэргийлж Хятадын зарим аспирантууд, эрдэмтдийн визийг хүчингүй болгож байгааг онцлон мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Хятадын зарим аспирантууд, эрдэмтдийг хилээр нэвтрүүлэхийг хориглох тухай тунхаг бичигт гарын үсгээ зурсан билээ. Энэ нь БНХАУ-д Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсаныг эсэргүүцэн авсан хариу арга хэмжээнд тооцогдож байсан юм.
Харин БНХАУ-ын Боловсролын яамнаас АНУ-ын зүгээс ийм хориг хязгаарлалт авч байгааг эрс эсэргүүцэж буйгаа нэг бус удаа илэрхийлээд байна.

Хариулах