БОЛОВСРОЛ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх хэлний төлөөх тэмцлийг дэмжив

Сүүлийн өдрүүдэд монгол хэл, үндэсний бичгээ хамгаалах гэсэн өвөрмонголчуудын тэмцлийг дэмжиж байгаа тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийллээ. Үндэснийхээ хэл, соёлыг хамгаалж үлдэх гэсэн өвөрмонгол багш нарын тэмцэл хүрээгээ тэлж, олон мянган эцэг эх, хүүхдүүд нэгдэж, тэмцэж буй.

2017 оны хоёрдугаар сарын 22. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ:

-Энэ өвөрмонголчуудын монгол хэл, бичгийнхээ төлөө хийж байгаа тэмцлийг би чин сэтгэлээсээ дэмжиж байгаа. Дэлхий дээр амьдарч буй бүх монголчууд энэ хүсэл эрмэлзлэлийг дэмжих ёстой гэж бодож байна. Монгол хэл, бичиггүй бол монгол хүн гэж байхгүй. Хичээл эхлэхэд монгол хэлээрээ хичээллэдэг эрхээ хадгалах гэсэн багш, эцэг, эх, оюутнуудын хэлж ярьж байгаатай би санал нэг байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин бусдын хэл, соёл, шашин шүтлэгт маш хүндэтгэлтэй ханддаг гэж би ойлгодог. Ялангуяа монгол хэл, бичиг соёлд хүндэтгэлтэй ханддаг. Монгол уламжлал, удам, соёлоо хамгаалж монгол хүн бүр дуугарч, дэмжих ёстой гэж бодож байна. Монгол хэл, соёл, түүхээрээ бахархдаг бахархал үеийн үед үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд монгол бичиг, үндэсний соёлд анхаарал хандуулдаг байсан бөгөөд 2010 онд Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай зарлиг гаргаж байсан юм. Энэхүү зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын, эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсаргах, иргэний төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ болон бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлэн бичилт хийх зэргийг тусгасан нь өнөөдөр ч хэрэгжиж буй юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet