ТОЙМ

Хонконг дахь Хятадын бодлого өөрчлөгдөх үү

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хууль батлагдсанаар засаглах арга хэлбэр нь өөрчлөгдөх үү гэсэн асуулт ургаж буй.

Жил бүрийн гуравдугаар сард хуралддаг байсан Хятадын “хоёр хурал” буюу Бүх Хятадын Ардын төлөлөөгчдийн их хурал (БХАТИХ) ба Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хурал энэ жил Ковид 19-ийн улмаас хоёр сараар хойшилж, тавдугаар сарын сүүлээр хуралдсан юм. Энэ удаагийн хурлаар хэлэлцсэн асуудлуудаас олон улсын анхаарлыг хамгийн ихээр татсан нь тавдугаар сарын 28-ны өдөр Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын хууль буюу “Хонконгийн онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль эрхзүйн тогтолцоо ба хэрэгжүүлэх механизмыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулах шийдвэр”-ийг баталсан явдал байв.

Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын хууль

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хуулийг батлах тухай уг шийдвэрийг гаргах болсон үндэслэлээ Хятадын тал тайлбарлахдаа сүүлийн жилүүдэд Хонконгийн аюулгүй байдал хурцдаж, “Хонконгийн тусгаар тогтнол” гэхчлэн улс орноо хагалан бутаргах, хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж, зарим гадны хүчнүүд Хонконгийн асуудалд хутгалдаж Хонконгийг ашиглан үндэсний аюулгүй байдалд заналхийлэх болсонтой холбоотой хэмээжээ.

Уг хуулийн тухай дээрх шийдвэр гарсны маргааш буюу тавдугаар сарын 29-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ Бээжингийн энэ үйлдэл “Их Британи БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл”-ийг зөрчиж байна, тиймээс Хонконгт олгодог гаалийн болон аялал жуулчлалын онцгой эрхийг цуцлах болно гэж мэдэгдэв.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон байр сууриа илэрхийлж уг хууль Хонконгт хэрэгжвэл Англи улс Английн иргэншилтэй хонконгийн иргэдээ татан авах болно хэмээн мэдэгдэв.

Харин тус хуулийн шийдвэрийг баталсны дараа Хонконгийн захирагч Кэрри Лам Хонконгийн иргэдэд хандан өнгөрсөн нэг жилийн үймээн самуун тогтворгүй байдлаа бодоод БХАТИХ-ын уг шийдвэрийг дэмжихийг уриалсан байна. Тус хуулийн шийдвэр Хонконгт хэрэгжихийн тулд Хонконгийн “үндсэн хууль” болох “Тулгуур хууль”-ийн гуравдугаар хавсралтад нэмэгдэн орох учиртай бөгөөд энэ ажлыг хагас жилийн дотор гүйцэлцүүлэх аж.

Хонконгчуудын байр суурь

Тавдугаар сард Хонконгийн аюулгүй байдлын асуудлаар Ардын төлөөлөгчдийн их хурал шийдвэр гаргах гэж байгаа тухай мэдээ гарсны дараа Хонконгийн нийгэм янз бүрээр хүлээж авав. Хонконгийн The Chinese University-ийн хийсэн олон нийтийн санаа бодлын судалгаагаар 64 хувь нь эсэргүүцэж, 24.3 хувь нь дэмжиж, 9 хувь нь ялгаагүй гэсэн хариулт өгчээ. Ардчиллыг дэмжигчид болон хуулийн хүрээнийхэн голдуу эсэргүүцэж байгаа бол Бээжингийн талыг баримтлагч болон бизнесийнхэн дэмжиж байгаа юм.

Хонконг дахь эмх замбараагүй байдалд цэг тавихыг үүрэг болгожээ

Ардчиллыг дэмжигч талынхны үзэж буйгаар тус баримт бичигт “үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах үйлдэл болон үйл ажиллагааг хориглоно” гэсэн заалт байгаа бөгөөд төслийн сүүлийн засварт “үйл ажиллагаа” гэдэг үгийг нэмж “үйлдэл болон үйл ажиллагаа” болгож өөрчилснийг тэд буруушаан, хотын иргэд хууль ёсны жагсаал цугалаанд оролцож байтал дундаас нь нэг хүн гэнэт үндэсний аюулгүй байдлыг хохироосон “үйлдэл” хийвэл тэр жагсаал хууль зөрчсөн “үйл ажиллагаа” болж тэнд байсан бүх хүн хууль зөрчигчид болж хувирах эрсдэлтэй гэж үзжээ.

Хонконгийн олон нийт үндэсний аюулгүй байдлын асуудлаар гаргасан БХАТИХ-ын шийдвэрийг иргэдийн 20 гаруй хувь нь дэмжих хандлагатай байна.

Хуулийнхан тус хууль батлагдсаны дараа Хонконг дахь Хонконгийн иргэншилгүй хуульчид үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэргийн шүүх ажиллагаанд оролцох боломжгүй болж магадгүй нь хуулийн тэгш байдал шударга ёсыг алдуулахад хүргэж болзошгүй гэж болгоомжилж байна. Шүүгч аль улсын харьяалалтай нь хамаагүй, хуулийн заалтыг л баримтлах ёстой атал “эх оронч шүүгч” өөр гэх нь мэтээр үзэж байгаа нь иргэдийн шүүх тогтолцоонд итгэх итгэлийг бууруулах уршигтай гэжээ.   

Уг хуулийн шийдвэрийг дэмжиж байгаа хэсэг нь бизнесийн хүрээнийхэн байна. Хонконгийн эдийн засаг бүтэн жил үргэлжилсэн тогтворгүй байдлын нөлөөгөөр ихээхэн хохирсон учраас Хонконгийн хамгийн баян арван бизнес эрхлэгч дуу нэгтэй үүнийг дэмжиж, хууль батлагдвал тогтвортой байдал бий болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Ийнхүү Хонконгийн олон нийт үндэсний аюулгүй байдлын асуудлаар гаргасан БХАТИХ-ын шийдвэрийг иргэдийн 20 гаруй хувь нь дэмжих хандлагатай байгаа нь өнгөрсөн жил батлах гэж оролдоод бүтэлгүйтсэн “Хэрэгтэн шилжүүлэх хууль”-ийг нийтээр эсэргүүцсэнээс ялгаатай байгаа юм. Шалтгаан нь нэгд, “Хэрэгтэн шилжүүлэх хууль”-ийг жирийн хонконгчууд амьд явах эрхэнд нь халдаж болзошгүй эрсдэлтэй хууль гэж үзэж байсан бол үндэсний аюулгүй байдлын хуулийг тэгж шууд аюул занал учруулахгүй гэж дүгнэж буйтай холбоотой байна. Хоёрдугаарт, Хонконгт бүтэн жил гаруй үргэлжилсэн үймээн самуун Хонконгийн нийгмийн амар тайван байдал, эдийн засгийн өсөлтийг ихээр сүйтгэсний улмаас хохирол амссан хүмүүс тогтвортой байдлыг илүүд үзэх болсонтой холбоотой байж болох юм.

Макиавеллизм ба «Нэг улс, хоёр систем»

Н.Макиавеллийн “Засаглахуй”-д эзлэгч улс өөр нэг хот/улсыг эзлэн авсан бол “… өөрсдийн хууль журам төр захиргаатай эрх чөлөөтэй амьдарч ирсэн хот суурин, улс орныг тогтоон барьж байх гурван үндсэн арга байдаг. Нэгдүгээрт мөхөөх, хоёрдугаарт шилжин очиж амьдрах, гуравдугаарх нь тэр хотын иргэдэд өөрсдийнх нь хууль журмын дагуу урьдын адил амар жимэр амьдрах бололцоо нөхцлийг хангах, түүнчлэн найдаж болох цөөн тооны хүнд эрх мэдэл олгож итгэл хүлээлгэн засаглалдаа оролцуулах замаар асуудалд хандах нь илүү ашигтай” гэжээ.

Хятадын эх газрын “Нэг улс хоёр систем” бодлогыг энэхүү засаглах гурван арга замын сүүлийнх нь гэж үзэж болохоор юм. Тодруулбал, Хонконгийг эх газрын Хятадад нэгтгэхдээ хонконгчуудын эрх чөлөөнд халдахгүй, хууль тогтоох бие даасан байдлыг нь хадгална гэх зэргээр Хонконгийн дэглэмийг 50 жил өөрчлөхгүй байхаа амласан. Хятадын эх газраас Хонконг, Макао, Тайваньд энэхүү “Нэг улс, хоёр систем” бодлогыг баримтлаад дөч орчим жил болж байгаа юм.

Хонконгийн захирагч Кэрри Лам Хонконгийн иргэдэд хандан өнгөрсөн нэг жилийн үймээн самуун тогтворгүй байдлаа бодоод БХАТИХ-ын уг шийдвэрийг дэмжихийг уриалсан байна.

Тэгвэл Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хууль батлагдсанаар засаглах арга хэлбэр нь өөрчлөгдөх үү гэсэн асуулт ургаж буй. Үүнд Хятадын төрийн мэдлийн “Глобал таймс” сонины өгсөн тайлбараар “Хонконгийн “Тулгуур хууль”-ийн 23 дугаар зүйлд Хонконгийн засаг захиргаа үндэсний аюулгүй байдалд хохиролтой үйлдлийг хууль батлах замаар хориглоно гэх утгатай заалт бий. Энэ заалтыг хэрэгжүүлээгүй буюу хууль гаргаагүйн улмаас үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хууль эрхзүйн аливаа хязгаарлалт байдаггүй, энэ байдал Хонконгт үймээн самуун гаарах шалтгаан болж байна” хэмээн тайлбарлажээ.  Мөн уг хуулийг батлах нь Хонконгийн автономит эрхийг огтхон ч хөндөхгүй хэмээн нэмж дурдсан байна.

“Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын хууль”-ийг батлах шийдвэр гарсантай зэрэгцээд Синьхуа агентлаг мөн “уг шийдвэрийн дагуу төв Засгийн газрын үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан газар шаардлагатай тохиолдолд Хонконгт агентлагуудаа байгуулах боломжтой” тухай мэдээлсэн юм. (8) Энэ алхам хэрэгжвэл дээр дурдсан засаглалын хоёрдахь арга хэлбэр рүү аажмаар шилжих болно гэсэн үг. Тодруулбал шилжин очиж амьдрах замаар засаглалаа хэрэгжүүлнэ. Ингэвэл “Нэг улс, хоёр систем” бодлогод өөрчлөлт гарч байна гэж үзэхэд хүргэнэ.

ЭХ СУРВАЛЖ:  Аюулгүй байдал судлалын хүрээлэн

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet