ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Microsoft” нууц үг шаарддаггүй, баталгаажуулах апп дээр суурилдаг нэвтрэх боломжийг хэрэглэгчдэдээ олгож эхэллээ

“Microsoft” компани хэрэглэгчид бүх нууц үгээ устгаж, оронд нь баталгаажуулагч апп эсвэл өөр бусад шийдлийг ашиглан нэвтрэх боломжтой болсон гэж мэдэгдэв. Энэхүү шинэ бөгөөд илүү найдвартай системийг компанийн ажилчдын бараг 100 хувь нь ашиглаж байгаа гэв.

Технологийн аварга компани гуравдугаар сард бизнес хэрэглэгчдэдээ зориулж нууц үг шаарддаггүй системийг ашиглах боломж олгосон. Харин одоо энэ системийг “Microsoft” эсвэл “Windows”-ийн бүх хэрэглэгчид ашиглах боломжтой болж байна.

Нууц үг шаарддаггүй нэвтрэх тохиргоог идэвхжүүлсэн тохиолдолд “Microsoft” руу дахин нэвтрэх оролдлого хийх үед хэрэглэгчид хурууны хээ эсвэл бусад аюулгүйн түгжээг гар утсан дээрээсээ тайлах шаардлагатай болох юм.

“Энэ нь нууц үг ашиглахаас хамаагүй илүү найдвартай бөгөөд зөвхөн хэрэглэгч л хурууны хээгээр баталгаажуулалт хийх эсвэл гар утсандаа зөв цагт нь хариу өгөх боломжтой” гэж “Microsoft” хэлэв.

Хэрэв баталгаажуулагч апп руу нэвтрэх эрх алдагдсан бол (жишээлбэл, утас алдагдсан эсвэл шинэчлэлт хийхээ мартсан бол) нөөц сонголтыг ашиглаж болно. Үүнд: “Windows Hello” нүүр царай таних технологи (үүнд нийцэх зөөврийн компьютер эсвэл тусгай камер шаардлагатай), аюулгүй байдлын түлхүүр (үүнийг нэвтрэх төхөөрөмжид ашиглах ёстой), богино мессежийн үйлчилгээ эсвэл имэйлээр илгээдэг код зэргийг ашиглах боломжтой аж.

Аюулгүй байдлын дэд ерөнхийлөгч Васу Жаккал “Бидний амьдралдаа ашигладаг олон төрлийн бүртгэлийг үүсгэх, санах, тэдгээрийг удирдахад нууц үг тохиромжгүй байдаг. Бид нарийн төвөгтэй, өвөрмөц нууц үг үүсгэж, санаж, байнга өөрчлөх шаардлагатай тулгардаг ч хэн ч үүнийг хийх дургүй” гэжээ.

Хүмүүс тэмдэгт, тоо эсвэл жижиг, том үсэг ашиглахын оронд найдваргүй нууц үг үүсгэх хандлагатай байдаг бөгөөд тэдгээрийг санаж байхын тулд олон вебсайтад ижил нууц үг эсвэл давтагдсан томьёолол ашигладаг байна. Эдгээр нууц үгнүүдийг хакерууд таамаглаж, эсвэл мэдээллийг эвдэх аргаар илрүүлж чаддаг байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet