9 сарын 27, Ням
НИЙГЭМ

Их дэлгүүрт гарсан галыг өчигдөр 21:30 цагт бүрэн унтраажээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу энэ сарын 7-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан.

GJ1A2195.jpg

Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраалаа.

ОБЕГ-ын тэргүүн дэд, бригадын генерал Г.Ариунбуян,  дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, удирдлага зохион байгуулалтаар хангасан ажилласан юм.

Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан  2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэээллээ.

ТҮҮХЭН МЭДЭЭЛЭЛ:

Улсын их дэлгүүр анх 1921 онд Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар суурь нь тавигдан “Төв дэлгүүр” нэртэйгээр байгуулагджээ. Дарга, сургагч, ахлах нягтлан бодогч, дансны сургагч, тооцооны нягтлан бодогч, дансны дагалдан, барааны сурган боловсруулах мэргэжилтэн зэрэг 10 орчим ажилтантайгаар нээгджээ. 1933 онд одоогийн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн байранд орсон бөгөөд тус барилгыг анх Оросын худалдаачин Гудвинцал 1905 онд дэлгүүрийн зориулалтаар бариулсан байна. Эргэн тойрон нь тухайн үеийн Хүрээний төв байсан учраас түм түжигнэж, бум бужигнасан олон хөлийн газар байжээ. Чухам үүнийг олж харсан Гудвинцал европ загварын хоёр давхар, олон цонхтой байшинг бариулахад хавийн хүмүүс гайхан шагшиж, цонхонд нь дүрсээ харж өөрөө өөртэйгөө мэндэлж, том хаалгаар нь худалдаачид ачаа бараатай тэмээгээ тэр чигээр нь оруулчихдаг байжээ. Жинхэнэ худалдаа наймаа буцалдаг газар байсан учраас Монгол улсын “Төв дэлгүүр” улам өргөжин хөгжихөд нөлөөлсөн гэж үздэг.

1961 онд одоогийн энэ байранд шилжин ирж “Улсын их дэлгүүр” хэмээн нэрлэгдэх болжээ. 1999 онд Засгийн газрын шийдвэрээр Улсын их дэлгүүрийг хувьчлахад хувьцааны ихэнхийг Номин холдинг компани худалдан авч, улмаар эдүгээ бүрэн хувьчилж авсан байна. Ийнхүү хувьчлагдсанаар тус дэлгүүрт менежментийн шинэчлэл хийгдэж улам бүр өнгө засан өргөжиж байгаа бөгөөд эдүгээ 600 гаруй ажилтан албан хаагчид энэ их дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулж байна.  

Эх сурвалж: Монгол орны лавлах

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш