6 сарын 6, Бямба
Live
ЭДИЙН ЗАСАГ

МҮХАҮТ-аас зохион байгуулах “Ажлын байраа хамгаалъя” цахим жагсаал болж байна

Өнөөдөр 5 дугаар сарын 1, дэлхий нийтээр энэ өдрийг Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Анх 1886 оны 5 сарын 1-нд АНУ, Канадын үйлдвэрүүд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байжээ. 

Энэ өдрөөс хойш 134 жилийн дараа 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг МҮХАҮТ-аас “Ажлын байрны өдөр” болгон зарлаж COVID-19 вирусээс үүссэн эдийн засагт хямралыг хувийн хэвшлийнхэн, төр засагтай хамтран даван туулахыг уриалж “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаалыг интернэт орчинд болон “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”-ыг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. 

Цахим жагсаалд оролцож буй бизнес эрхлэгчид, ААН-үүд ажлын байран дээрээ “Пикет” буюу ажлын байран дахь ажил хаялтыг 5 дугаар сарын 1-ний өглөө 9:30-10:15 цагийн хооронд зарлаж оролцоно. Өөрсдийн бизнест тулгарч буй асуудлаа LIVE-аар мэдэгдэх, албан ёсны цахим хуудас, фэйсбүүк хуудсаараа уриалга, уриа лоозон барьсан зургаа нийтлэх гэх мэтээр ямар ч хэлбэрээр нэгдэх боломжтой. 

Мөн  өдөр 8:30-17:00 хооронд Сүхбаатарын талбайд болох “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”-д хоосон сандал, оёдлын машин, компьютер, барилгын малгай, ажлын хантааз, алх хадаас зэрэг багаж хэрэгслүүд тавигдаж,  COVID-19 цар тахлын үед ажлын байрны цомхотголд орсон, ажлаасаа халагдсан хүмүүсийн дуу хоолойг илэрхийлж, эдийн засгаа эрчимжүүлэх, ажлын байрыг хадгалах дорвитой арга хэмжээ авахгүй бол эзэнгүй багаж хэрэгслүүд энэ мэтээр нэмэгдсээр байхыг төр засаг, нийгэмд сануулах юм.   

Энэхүү цахим жагсаалын гол зорилго нь:

  • Төр хувийн хэвшил эдийн засгийн хямралыг ХАМТЫН ХҮЧЭЭР ДАВАХ
  • Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх ТҮР ХОРОО ЯАРАЛТАЙ БАЙГУУЛАХ 
  • Хувийн хэвшил, ААН, мэргэжлийн холбоод ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ

Мөн МҮХАҮТ-аас дэвшүүлж буй Эдийн засгийг эрчимжүүлэх саналыг 2020 оны сонгуульд нэр дэвшихээ зарласан бүх намын ЕНБД нарт хүргүүлнэ.  Энэхүү саналыг намууд мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлбэл 2025 он гэхэд Монгол Улсын эдийн засаг 2 дахин өсөх боломжтойг тооцоо судалгаагаар уг саналд тусгаад байна.

Цахим жагсаалд нэгдэхээ МҮХАҮТ-ын гишүүн болон гишүүн бус 500 гаруй ААН мэдэгдэж ажлын байранд хэрэглэдэг багаж хэрэгслүүдээ нийлүүлжээ.

Эх сурвалж: МҮХАҮТ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш