6 сарын 6, Бямба
ЭДИЙН ЗАСАГ

Цэнэг хураагуурын систем байгуулахад АХБ-наас 100 сая ам.долларын зээл олгохоор боллоо

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх анхны томоохон хэмжээний цэнэг хураагуурын систем (ЦХС) байгуулахад зориулж Азийн хөгжлийн банк (АХБ)-аас 100 сая ам.долларын зээл олгохоор боллоо.

2024 оны 9 дүгээр сард хэрэгжиж дуусах энэхүү төслийн нийт өртөг 114.95 сая ам.доллар бөгөөд үүнээс 3 сая ам.долларыг Японы Засгийн газрын санхүүжилттай АХБ-ны Дэвшилтэт Технологийн сангийн буцалтгүй тусламжаас, үлдсэн 11.95 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх юм.

“АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудын дунд Монгол Улс нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд тус улсын нийт хүлэмжийн хийн гуравны хоёрыг эрчим хүчний салбар ялгаруулж байна” хэмээн АХБ-ны Зүүн Азийн газрын Ерөнхий захирал Жэймс Линч мэдэгдээд “Энэхүү төслийн үр дүнд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, улмаар эрчим хүчний салбараас үүдэлтэй нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгахад томоохон хувь нэмэр оруулна” хэмээн онцлон тэмдэглэв.

ЦХС нь Монголын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй

Төслийн хүрээнд дэлхийд томоохонд тооцогдохуйц 125 мВт-ын хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий ЦХС суурилуулах бөгөөд уг ЦХС нь хуримтлуулсан цэвэр эрчим хүчийг Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлнэ. Энэхүү ЦХС нь Монголын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй байх бөгөөд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бүрэн цэнэглэгдэх боломжтой эрчим хүчний удирдлагын системээр тоноглогдох юм. Түүнчлэн уг төсөл нь ирээдүйд цахилгаан дамжуулах сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр холбоход шаардагдах тохируулгын нөөцийг мөн бүрдүүлэх болно.

Төслийг хэрэгжүүлснээр жилд 44 гВт-цаг хүртэлх цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх юм. Мөн энэхүү төсөл нь цахилгааны төвлөрсөн сүлжээнд нэмж 859 гВт-цагийн сэргээгдэх эрчим хүч  нийлүүлэх боломжийг бүрдүүлэх бөгөөд ингэснээр 2025 он гэхэд 842,039 тонн нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтаас сэргийлж чадна.  

Түүнчлэн төслийн үр дүнд Диспетчерийн Үндэсний Төв ХХК-ийн эрчим хүчний зохицуулалт, нэгдсэн сүлжээний удирдлагын чадавх сайжирч, Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК-д ЦХС ажиллуулах, засвар үйлчилгээ хийх чадавх бүрэлдэнэ.    

Монгол Улс нь нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй хэдий ч эдгээр байгалийн нөөц баялгийг төдийлөн ашигладаггүй. Тухайлбал, 2018 оны байдлаар Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 93 хувийг зөвхөн нүүрс хэрэглэдэг дулааны цахилгааны станцууд бүрдүүлж байсан. Гэтэл дээр дурдсан байгалийн сэргээгдэх эх үүсвэрийг ашиглаж чадвал 2,600 гВт хүртэлх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой ба энэ нь ирээдүйд шинээр бий болох цахилгаан эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцэхүйц юм. Монгол Улсын Засгийн газар нь Төрөөс эрчим хүчний талаар 2015-2030 онд баримтлах бодлогод нийцүүлэн, эрчим  хүчний системийн нийт сууриулагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 2018 онд 12 хувь байсныг 2023 онд 20 хувь, 2030 онд 30 хувь болгон нэмэгдүүлэхийг зорьж байна.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Эх сурвалж: Азийн хөгжлийн банк

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш