6 сарын 2, Мягмар
COVID-19

У.Хүрэлсүх: Халдвар намжтал нийтийг хамарсан гэнэтийн хориглох, хязгаарлах шийдвэрийг хэрэгжүүлсээр байх болно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ковид-19 цар тахлын аюул дэлхий дахиныг түгшээж, Монгол Улс бэлэн байдлын зэрэгт шилжсэн даруйд Цэргийн төв эмэнлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ХӨСҮТ-д тус тус ажилласан. Гэнэтийн нөхцөл үүсч,  бүх нийтийг хамарсан цар тахал дэгдэхэд хэрхэн ажиллах талаар бэлтгэл хангаж урьдчилсан байдлаар 1000 хүнээр тооцон салбарын хэмжээнд бэлэн байдлаа хангах үүргийг өгч байв. Өнөөдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэг болон “Мөнхийн тун”, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн бэлэн байдлыг биечлэн шалгав.

Нийт 180 гаруй төрлийн шинжилгээг маш богино хугацаанд өндөр нарийвчилалтай хийнэ

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг тусгаарлалт, халдварын үед авч хэрэгжүүлэх эрчимт эмчилгээ, вирусын халдварын оношилгоо хийх чадавхи, эрэмблэн ялгалт хийх бэлэн байдлыг хангаж, орчин үеийн чанар стандартын шаардлага хангасан яаралтай үед дайчилгаанд ашиглах 280 орыг байнгын бэлэн байдалд бэлтгэсэн байна. Улмаар шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд эмнэлгийн 500 гаруй орыг бүрэн ашиглахаар тооцсон аж.

Мөн “Үндэсний оношилгоо эмчилгээний төв” –ийг ашиглалтад оруулж ард иргэдэд үйлчлэхэд бэлэн болжээ. Ингэснээр манай улс анх удаа изотопын үйлдвэртэй болсон бөгөөд олон төрлийн өвчнийг эрт үед нь эд, эсийн түвшинд оношилж, эмчлэх хамгийн сүүлийн үеийн техник, технологиор тоноглогдсон лабораторитой болсон байна. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсний дагуу тус лабораторид Ковид 19 –ийн оношилгоог ч хийж болох аж. Нийт 180 гаруй төрлийн шинжилгээг маш богино хугацаанд өндөр нарийвчилалтай хийх юм байна.

Олон Улсын стандарт хангасан тус лабораторид ажиллах боловсон хүчний бэлтгэл хангагдсан талаархи мэдээллийг сонсоод Монгол Улсын Ерөнхий сайд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Мөн Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн бэлэн байдлын үеийн бэлтгэлийг сайтар хангасан байна гэв.

Улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн нэг “Мөнхийн тун” үйлдвэрийн хувьд үйл ажиллагаа хэвийн, уртасгасан цагаар ажиллаж байгаа гэв. Өдөрт 10 гаруй мянган хамгаалалтын хувцас, 160 гаруй мянган амны хаалт үйлдвэрлэж байна. Түүхий эдийн нийлүүлэлт тасраагүй, 2-3 сарын бүтээгдэхүүний нөөцтэй болжээ.

Улс даяараа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, амьдарч байгаа энэ үед Монгол Улсын иргэд төрийнхөө шийдвэрийг хүндэтгэж, өөрийгөө болон гэр бүл үр хүүхэд, бусдыг хамгаалж амны хаалтаа сайтар хэрэглэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа нь алхам тутамд мэдрэгдэж байна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. “Мөнхийн тун” үйлдвэрийнхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан уртасгасан цагаар ажиллаж, эмнэлгийн ажилчид, ард иргэдээ хэрэгцээт зүйлсээр нь хангаж ажиллаж байгаад талархаж байна гэсэн юм.

Түүнчлэн Эрүүл мэндийн салбарынхан түүврийн аргаар цар тахлын дэгдэлтийн тандалтыг өдөр бүр хийж, Ковид 19-ийн шинжилгээг хийж, шинжилгээгээр Ковид 19 илрэхгүй байгаа нь Монгол Улс тус цар тахлыг дотооддоо алдаагүй болохыг илтгэж байна. Энэ нь Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлсэн цаг үеийн хорио цээрийн дэглэмүүд болон бусад арга хэмжээнүүдийн үр дүн гэдгийг Ерөнхий сайд онцлов. Иймд Ковид 19-ийн тархалт дэлхийн улсууд тэр дундаа хөрш орнуудад хумигдаж, намжих хүртэл бүх нийтийг хамарсан гэнэтийн хориглох, хязгаарлах шийдвэрүүдийг хэрэгжүүлсээр байх болно гэдгийг эмнэлэг болон үйлдвэрийн ажилчид, нийт ард иргэддээ хандан хэлж байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш