9 сарын 27, Ням
НИЙГЭМ

Элсээ давсан НҮҮДЭЛ энх хаврыг тээж ирнэ

Алтай хотоор дайрч, Баарангийн даваагаар давж, цааш Шаргын их говьд орж явчихна. Аймгийн төв, Төгрөг хоёрын замын дунд байдаг гэлцэх Дундын овоонд мөн л багахан саатаж, нутгийн хүнээс уул хайрхадын нэр усыг хэлүүлж авахыг хичээлээ.

Нийтлэл бичсэн П.Баттулга (сэтгүүлч, гэрэл зурагчин)

“ЭГЭЛ” ТӨСӨЛ

“Тунгалаг Тамир” кинонд Цахиур Төмөр Түгжилтэй хамт адуу хөөж яваад амсхийх зуураа хэлдэг дээ, “Манай нутаг боох ус, хэрэх уулгүй сайхан нутаг шүү. Тээр нэг униартсан толгой байна аа. Тэр чинь Тарлан хайрхан. Тэр хөхөрсөн сайхан уул чинь нөгөө алдартай Тайшир шүү дээ. Чи ер нь Тайшир хан гэж дуулсан уу…” гэж. Уул усны нэр таньж, алс ойр хамаагүй хараалан бараалан өнгөрөхөд санаанд ном зохиолоос уншсан, кино зурагтаар үзсэн, бусдаас дуулсан тэр хэсэгхэн нэр ус, алдар суу тархинд зурсхийн орж ирнэ. Цахиур Төмөр Дэлгэрийн талд явахдаа л ингэж хэлээ болов уу гэмээр.

Засагт ханы гал голомт Говь-Алтай аймгийн хамгийн наад талын сум Дэлгэр цастай цайвалзаж, Тайгам нуур тэрүүхэнд мөстэй цайрч өнгөрлөө. Тэртээд, явах замын өмнө зүгт Тарлан хайрхан, зүүн гар талд Хөх Сэрхийн нуруу цэнхэртэн хоцорч үлдэнэ. Энэхэн зуур болоогүй ээ, бас “Тарлан хайрхны бараа нь Талын зэрэглээнд сүмбэрлээд…” гэсэн “Нутгийн чулуу” дууны эхлэл орж ирж ч байх шиг. Энэ дууны удаах бадгууд нь “Сэрхийн цэнхэр нуруу нь хө…, Аргалантын орой сүүмэлзээд…” зэргээр уулс хангайн нэрээр эхлэн үргэлжилдэг ээ.

Аймгийн төвийн наадхан талд сүр бараа гээд энэ олон хайрхадын дэргэд сүйд болохгүй ч буугаад мордолгүй болохгүй Хонгор толгой байх. Түүхч, зохиолч судлаач Н.Нагаанбуу санаачлан, нутгийнхантайгаа хамтран есөн жилийн өмнө бүтээсэн “Монгол эрчүүдийн хийморийн шүтээн” хэмээх дурсгалт, бишрэлт газарт дөрөө мулталж, идээ будаагаа өргөхөөр саатав. Алтайн хөх салхи тийм ч аядуухангүй, жавар ч бага биш. Бага үдийн хэрд юм даа. Гол овооны өвөрт аав нь нөмөрлөн, хоёр хүүтэйгээ дурандаж сууна.

Бага хүү бүр аавынхаа өвөрт хоргодсон аятай, түүнд дуран хүрэлцсэнгүй бололтой. Ах нь харин биднийг “хэн бэ” гэсэн шиг ганц нүдний дурангаараа хараачилна. Аавтай байх, ардаа нөмөрлөх “уул”-тай байх ийм л сайхан даа гэмээр. Хоолой зангирах нь уу ч гэмээр болж ирээд намжина лээ. Мэнд мэдэж, нутаг усыг нь асуувал тайширынх гэж байна. Адуугаа дурандаж суугаа нь энэ гэнэ. Өргөлөө өргөж, залбирлаа дотроо шившээд цааш замаа хөөлөө. Бид Ховдын наад захтай хиллэдэг Хөхморьт сум орох гэж яваа шүү дээ.

Алтай хотоор дайрч, Баарангийн даваагаар давж, цааш Шаргын их говьд орж явчихна. Аймгийн төв, Төгрөг хоёрын замын дунд байдаг гэлцэх Дундын овоонд мөн л багахан саатаж, нутгийн хүнээс уул хайрхадын нэр усыг хэлүүлж авахыг хичээлээ. Алдарт сэтгүүлч Д.Амбасэлмаа гуай Сэгс цагаан Богд найраглалын баатруудыг 44 жилийн дараа уулзуулсан нэвтрүүлгийнхээ эхлэл болгож аугаа Дэндэвийн Пүрэвдоржийн “Амгай гурван Цоохор, Амин гурван Ширдэг, Ах дүү гурван Хаалга, Аман гурван Сээр, Ар гурван Дэл, Алаг гурван Шанд, Задгай гурван Хээр, Зах гурван Бамбуу, Нэр нь хүртэл шүлэг шиг Нээрэн сайхан нутаг” гэсэн дүрслэлээр эхлүүлсэн байдаг. Ингэж эхэлсэн нэвтрүүлгийг зүгээр нэг үзэх биш дотогшоогоо урсгаж, залгилдаг даа. Түүн шиг Алтайн сүрлэг олон уулсын нэрсийг сонсоход мөн л ингэж шүлэг шиг гэхдээ сүрдэж бахдам, огшиж омойтмоор оргино. Дашийн Октябрь гэж манай гэрэл зургийн гэр бүлийн бас нэгэн тулах багана байдаг. Олон хүн түүнийг танина, гэрэл зурагчид бол андахгүй. Цөөнгүй нь багшаа гэнэ. Энэ хүн уг гарвал Төгрөг сумынх. Тиймдээ ч нутгийн хүн гэж тодотгосон юм. Дээр нь уул усны зураг, байгалийн гэрэл зургийн хамгийн том санг өөртөө бүрдүүлсэн нэгэн уран бүтээлч учир газар орны нэрийг гаргаадаггүй аж. Бид түүнийг Ок л гэж дуудна. Ок уулсаа ингэж уншлаа.

“Урд талаас нь эхлэвэл алдарт Хар Азаргын нуруу, баруун тийш Буурал хайрхан, Хан Жаргалант хайрхан, Өвгөн, Очир, Цагаан хайрхан, Дарвийн нуруу, Сутай, Хүйсийн говь, Ээвийн буудал хойд зүгт байна. Зүүн тал руу бол Гурван богд, Хасагт хайрхан гээд үргэлжилнэ” гэлээ. Явсан газрынхаа уул ус, даваа хөтөл, нуур тойрмын нэрийг тогтоох гэж хичээдэг тул бичиж, тэмдэглэж авлаа. Хамт яваа МГЗНХ-ны Ерөнхийлөгч Ц.Батбаатар маань яг энэ нутгийн, алдарт Шаргын хонгор говийн гарвальтай. Хасагт хайрханд өвгөдийнх бууц, өтөг нь өнөө хэр бий. Бурханд заларсан бууралхан ээж нь Ээвийн буудлын тэрүүхэнд төрсөн гэнэ. Хотоос бид гурав хамт гарч очих газартаа “МРА” сайтын үүсгэн байгуулагч, хэвлэлийн гэрэл зурагчин Б.Бямба-Очир, МГЗНХ-ны менежер, гэрэл зурагчин Ж.Баярмагнай нартайгаа нийлж, хамт буцаж ирэхээр тохирсон билээ. Эд маань энэ удаа Монгол угсаатны өв соёлын “Эгэл” төслийн багт нэгдэж, хамжаа дэмжээ болж яваа юм.

Хөхморьт сум. Морины нэрээр нэрлэсэн сум Монгол хоёрхон байдаг гэнэ. Нөгөө нь Мөнгөнморьт. Алдарт их Монгол элс энэ нутгийн хойд талаар өнгөрөх бөгөөд өргөн нь 30-60 км, уртааш 300 гаруй км үргэлжилдэг энэ их элсэнд ойролцоо нутагладаг малчид орж өвөлжин, энэ хэд хоногт буцаж хаваржаандаа буун богоо төллүүлдэг ажээ. Биднийг Монгол элсний тусгай хамгаалалтын захиргааны дарга Г.Даржаа угтаж авлаа. Унаагаа хөдөө айлын гадна орхиод бид жолоочтойгоо долуулаа УАЗ-469-д багтан элсний давааг давж, маргааш өглөө нүүх айлууд руугаа явлаа. 69 ч унаа юм, жолооч Эрхэмбаяр ч энэ элсэн дундаа авто уралдааны тамирчин гэмээр. Хааз хийгээ тохируулна. Огцом хасч болохгүй, тоормозыг бүр март гэнэ. Энэ цагийн хурд хүчтэй, жийп явдаггүй гэнэ. Явсан ч наад захад нь суудаг гэнэ. Суухаар нь нөгөө л 69-өөр чирч гаргаж ирэх гэж нэлээн юм болдог гэнэ. Айж аягүйтсэн хүнд бараг 90 градус эгц манхан руу араа хүндрүүлээд л яваад орчихно. Хазгай хэвгийгээр ч хурд хасахгүй.

Эндээс гарахын л сураг нь дуулдаад байсан 103 настай хөгшинтэй уулзахсан гэж дотроо яарч байлаа. Хулзан хэмээн элсэн манхан дундуур дамжин гардаг давааг даван зүтгүүлсээр гэрт нь хүрч очиход өвгөн их ядарчээ. Аргагүй дээ өндөр гэмээ нь өндөр нас юм чинь. Юм хэлэх юм, ойлгож чадсангүй. Зургийг нь авна гэж бодсон ч сэтгэл түвдсэнгүй. Өндөр настай буурайг Б.Лхагважав гэдэг бөгөөд нутгийнхан Шажив гэж авгайлдаг аж. Хуучнаар Засагт хан аймгийн Баатар вангийн нутгийн энэ хүн “35 жил” нэгдлийн анх үүсгэн байгуулалцсан долоон хүний нэг. 1966 онд улсын аварга малчин болж, хоёр ч удаа АИХ-ын депутатаар сонгогдож байжээ. Цагтаа аян жин тээж Хөвсгөлийн Хатгал, Ханх, Цагаануур хүртэл явж байж. Энэ их элс манжийн болон эсэргүүний үед нутгийн ард олны аминд ордог байжээ. Морьтой, тэмээтэйгээ дунд орж нуугдан амь мултарч байсан цөөнгүй тохиолдлыг өвгөн ярьдаг тухай бага хүү Л.Ядамсүрэн нь хэлж байна. Лам номын захтайгаар барахгүй арга чаргад хоосонгүй нэгэн байсан тухай нутгийн идэрхэн эрчүүд ч хэлж байна лээ. Өвгөн уг нь элсэн даваа, манхан толгодоо тэмээгээр даваад нүүчихдэг байсан, энэ жил арай барахгүй хэмээцгээн мөн л 69 машинаар авахаар иржээ.

Цааш хөдөлж харанхуйтай уралдан нутгийнхан Начин гэж дуудах М.Баатархүүгийнхээр орж өглөө аль даваагаар давах, хэдээс ачаалж эхлэх зэргийг нь асууж, хаана таарч тосч зураг авч болох талаар ярилцаад хонох Б.Даваасүрэнгийн хэмээх айлдаа очлоо. Тэнгэр үүлтэй, салхи ихтэй хүйтэн шөнө. Малчдын амнаас маргааш тэнгэр бүр аягүйдвэл нүүдлээ хойшлуулахаас гэсэн үг унах нь дотор аягүйдүүлнэ. Гэвч өглөө болоход тэнгэр юутай ч цэлмэсэн байв. Гэвч салхитай, салхиных нь үзүүр хүйтэн гэж яггүй. Зургийн аппарат бариад ганц хоёр минут болоход л хурууны үзүүр час часхийнэ. Нүүр, хүзүү хоолой ч хүйтэн салхинд чимчигнэнэ. Нар бүтэн гаргаад гэрээ буулган, ачаалж эхэллээ. Яг монголоороо, яг хуучнаараа, яг байгаагаараа нүүдэл ийнхүү эхэллээ.

Image may contain: one or more people and outdoor

Элсэн манханы ар шилээрээ цастай. Өвөр энгэрүүд нь гэсч уярсан учраас хүн мал гишгэхэд нурж, урсаад л. Энэ элсэн далайд суль их ургана. Шар шаваг гэж ургаж байхдаа малын хоол, хөх өнгөтэй болж өгөршөөд ирэхээрээ сайхан түлээ болдог ургамал ч ихтэй. Сулийн гурил цулхираасаа ямар ялгаатай, тэдгээрийг яаж боловсруулдаг талаар ч шөнийн хагаст сайн яриулж авсан болохоор “танил” санагдана.

Даваасүрэнгийн хотноос хөдлөх хөсгөнд ой гарантай охиноо арганд суулгаж, ээж нь унасан шар ат хөдөлнө. Эднийх энэ хавьдаа л хамгийн өндөрт орох элсэн манхан буюу Баржингийн даваагаар урагш Сангийн далай руугаа орно. Бидний урьд орой уулзаж тохирсон айлууд Шинэ сүв хэмээх арай багавтар манхын давж хаваржаандаа хүрнэ. Төрөөд хоёрхон хонож буй ботготой, хаврын салхинд сэнсэрсэн шүдлэн борлонгоо дүүрч тээсэн нүүдэл өгссөөр манхан давна. Мал болно доо.

“Хөөг, хөөг” хэмээн нүүдэл ачаа хөдлөх нь их Монголын гэгээн өглөөг чимнэ ээ.    

2020.03.08

4 сэтгэгдэл

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш