6 сарын 5, Баасан
НИЙГЭМ

Цасан шуурганаар зургаан хүн сураггүй боллоо

Д.Мягмаржаргал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Далан хуруу багийн нутаг, Гүнд гэдэг газарт өвөлжиж буй иргэн О-ын зургаан ханатай гэр энэ сарын 12-нд шуурганы улмаас нурав. Тус сумын ЗДТГ-ынхан малчин О-д тусалж, хохирлыг тогтоохоор ажиллаж байна. Мөн энэ өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээт багийн малчин Б, З, Э нар уруудсан малынхаа араас яваад сураггүй болжээ. “Верна аксент” загварын суудлын автомашинтай гарсан тэднийг аймгийн Онцгой байдлын газрынхан эрэн хайж, гэрээсээ урд зүгт зургаан км-т төөрсөн байсныг өчигдөр эсэн мэнд оллоо. Түүнчлэн малдаа явсан Баянхонгор аймгийн нэг иргэн, Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Адаацаг сум руу гарсан хоёр том хүн болон гурван хүүхэд өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Тэднийг 18 хүний бүрэлдэхүүнтэй баг хайж буй. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас энэ мэтээр зарим аймагт багагүй хүндрэл учирчээ. Тодруулбал, Увс, Хөвсгөл, Хэнтий, Завхан, Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймагт цасаар шуурч, цөөнгүй хүн төөрч, олон мал уруудсан байна. Тиймээс Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар баруун аймгуудад ажиллахаар өчигдөр нийслэлээс хөдөллөө. Тэд зудтай байгаа аймгуудад ажиллаж, өвлийн бэлтгэлтэй танилцан, эрсдэлийн үнэлгээ гаргах юм. Мөн тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдэх ажээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш