БАЙГАЛЬ ОРЧИН

ФОТО: Сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар тэнхэрсэн борцгор хотон шувууг Хар Ус нууранд нь тавилаа

Сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар тэнхэрсэн борцгор хотон шувуу Хар-Ус нуурандаа буцаж иржээ. Тодруулбал, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хар-Ус нуурын БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдтэй хамтран далавч нь гэмтээд эдгэрсэн хотон шувууг нууранд нь буцаан тавьжээ.  

May be an image of bird, body of water and nature

Уг шувууны талаар өгүүлбэл, 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Хар-Ус нуурын хаяа Шувуун цуглаанд нисэж чадахгүй хотон шувуу байна гэсэн мэдээллийн дагуу Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд очиж хотон шувуу олсон байна. Хотон шувуунд үзлэг хийхэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг байгаагүй, харин гаднын нөлөөгөөр далавч нь гэмтсэн байв. Улмаар Хамгаалалтын захиргааныхан ярилцаж уг шувууг экологич мэргэжилтэй Ц.Ганболдоор асруулахаар болсон байна.

Тэрбээр өмнө нь 2018 онд шархадсан хотон шувуу тэжээж, эдгээгээд ижил сүрэгт нь нийлүүлж тавьсан туршлагатай нэгэн юм. Ц.Ганболд “Саяхан байгальд нь тавьсан хотонг маань “Азбаяр” гэдэг юм. Миний хувьд урьд нь буюу 2018 онд бас нэг шархадсан хотон тэжээсэн туршлагатай болохоор гэртээ авчраад тэжээсэн.

Дэлхийн байгаль хамгаалах сан

Ингээд хагас жил тэжээгээд тавдугаар сарын 8-нд Дэлхийн шувуу хамгаалах өдрөөр Хар-Ус нуурт тавилаа. Баруун далавч нь өнгөрсөн оны долоо эсвэл наймдугаар сард гэмтээд арваннэгдүгээр сар гэхэд буруу эдгээд нисч чадахгүй болчихсон байсан. Тэжээж байх хугацаандаа Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт аваачаад рентген зураг авахуулсан. Далавчных нь нэг, хоёрдугаар үе гэмтсэн байна гэсэн.

May be an image of bird and nature

Монголд эмчлэх боломжгүй юм билээ. Харин Солонгос, Японд ийм төрлийн эмчилгээг хийх боломжтой гэсэн. Уг нь эрүүл далавчтай болгоод, нисч чаддаг болгоод явуулчих юмсан. Гэхдээ цар тахалтай байгаа болохоор хаашаа ч авч явж болохгүй байна. Харин “Азхүү”-гийн хувьд (2018 онд тэжээсэн шувуу нь) шинэ шархтай ирсэн болохоор эмчилгээ хийж далавч нь зөв эдгээд хэвийн нисдэг болсон билээ.

May be an image of body of water and nature

Урьд нь “Азхүү”-г шууд сүрэгт нь нийлүүлсэн. Харин “Азбаяр” маань нисч чадахгүй болохоор түүнд зориулсан орчин, талбай хэрэгтэй. Тиймээс талбай томтой хавтан хийж өгсөн. Бас хянах зорилгоор автомат камер тавьсан байгаа” гэсэн юм.Сонирхуулахад, борцгор хотон нь олон улсын хэмжээнд “Ховордож болзошгүй” ангилалд орсон бол Монгол оронд “Устаж байгаа” ангилалд байдаг нэн ховор шувуу юм.

May be an image of body of water and nature

Борцгор хотон манай орны баруун бүс нутагт Их нууруудын хотгорын Хар-Ус, Хар, Айраг, Хяргас зэрэг томоохон нууруудад тархан үрждэг байсан бол сүүлийн 20 гаруй жилд тоо толгой нь эрс цөөрч зөвхөн Хар-Ус, Айраг нууруудад цөөн тоогоор үржих болсон. Хар-Ус нуур нь дэлхий дээрх борцгор хотонгийн зүүн Азийн популяцийн үржлийн нэг чухал нутаг юм. Борцгор хотонгийн тоо толгой нь Монгол орны хэмжээнд 110-120 байгаа гэж судлаачид үнэлсэн байдаг ажээ.

Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сан

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet