НИЙТЛЭЛЧ

Анх-Отгонтой хамт алсарсан ХҮНИЙ ЭРХ

Гэрэл зургийг MPA.mn

Монголчуудын өгсөн нэршлээр Анх-Отгоноос “Ковид-19”-ийн халдвар илрээд яг нэг жил, 20-иод хоногийн хугацаа өнгөрч байна. Уг нь Франц Улсын иргэн, нэр нь ч өөр. 2020 оны гуравдугаар сарын 10-нд халдвартай нь тогтоогдсон түүний хувьд ХӨСҮТ-д 47 хоногийн турш эмчилгээ хийлгэж эдгэрсэн нэгэн. Ингээд дөрөвдүгээр сарын 26-нд эмнэлгээс гарч, үргэлжлүүлэн “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байгаад тавдугаар сарын 2-нд эх орон руугаа буцаж байв.

“Монгол орон намайг аварлаа. Монголд биш Францдаа байсан бол ямар хувь тавилан хүлээж байхыг мэдэхгүй байна” хэмээгээд ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүтэй гар барьж, маскаа тайлан тэврэлдсэн Анх-Отгоныг нутаг буцсан өдрөөс монголчууд нийтээрээ тайвширч байлаа. Тайвширсан ч гэж, дотоодод бүртгэгдсэн халдварын анхны тохиолдлыг хугацаа алдалгүй илрүүлж, эмчилж, эдгээгээд буцаасанд асуудлын учиг байсан юм.

Гэвч энэ үйл явдлаас зургаан сарын дараа буюу 2020 оны арваннэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн, олон улсын тээврийн жолооч Д “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байгаад гарснаас хойш гурав хоногийн дараа халдвар илэрсэн нь тайван монголчуудыг түгшээж, дахин сандаргав. Улсын Онцгой комисс яаралтай хуралдаж, нийслэл болон орон нутгаас гарах хөдөлгөөнийг хааж, нийслэлийн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргаж байлаа. Энэхүү гэнэтийн шийдвэрт олон нийт бэлэн байсангүй.

Дотооддоо алдаагүй цорын ганц “ОРОН” …

“Ковид-19”-ийн халдварыг зөвхөн Анх-Отгонд хамаатуулж явсан нь өрөөсгөл байж жолооч Д-гийн ойрын болон дам хавьталууд түрүүчээсээ бүртгэгдэж эхэлснээр Монгол Улсад анх удаа гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээс аргагүйд хүрсэн нь саяхан. Жолооч Д-гээс үл хамаарах халдварын тоо ч өдрөөс өдөрт нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 12 мянгыг давав.

Тусгай үүргийн онгоцоор ирж, тусгаарлалтад орсон иргэдээс бүртгэгдсэн статистиктайгаар дотооддоо алдаагүй цорын ганц “ОРОН” хэмээх шошготой, сайд, дарга нарын төвшиндөө саймширч явсан Монгол Улс дахь халдварын тоо хоёр хүрэхгүй сарын дотор огцом өндөрт шидэгдсэн нь энэ. Сонгуулийн өмнөхөн салбарын сайд асныг нь “Төрийн хатан эрдэнэ”-ээр өргөмжилж, тархалтаас урьдчилан сэргийлэх менежментэд бус зөвхөн тоонд ач холбогдол өгсний гор нь ингэж гарсан хэрэг. Хөл хорихоос өөрөөр дорвитой шийдэлд хүрч чадахгүй гэдэгтэйгээ эвлэрсэн эрх баригчид өдгөө хүний амь нас эрсдэх вий гэсэн болгоомжлол дунд явна.

Гэвч Монгол гэлтгүй дэлхий нийтийг урьдчилан тооцоолоогүй их сорилтын өмнө зогсоосон “Ковид-19” цар тахлыг хохиролгүй даван туулах арга нь вакцинжуулалт гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн энэ цаг үед дархлаажуулалтыг шат дараатай хийж эхэлсэн нь гялтайх ганц сайн мэдээ болж байна. Бусдаар хүмүүнлэг Ардчилсан Монгол Улсад хүний эрх гээч зүйл хөлөө тушуулж, хөсөр хаягджээ. Галан дээр тос гэгчээр Ерөнхийлөгчийн сонгууль угтсан хаврын их улс төрийн эрчимжилт түүнд нь нэмэр биш нэрмээс болох нь олшров.

Гэрэл зургийг MPA.mn

Эхлээд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож хүүхдүүдийг гэрт нь “түгжиж” эрхийг нь хязгаарлав. Дараа нь хичээлийн цагийн хуваарийг хоёр цаг 30 минутаар зааглаж, хэсэгтээ л тарамдсан. Цагийн зохицуулалтаар хүүхдэд ерөнхий боловсролын мэдлэг олгох яамны шийдвэрийг буруутгаж боломгүй ч тэр хэрээр эцэг, эхчүүдийн ажил нь цалгардаж, өөх ч биш, булчирхай ч биш байдалд шилжив. Ажлын бүтээмжээс гадна гар дээр авах мөнгө нь ч багассан. Араас нь ээлж дараалсан хөл хорио тогтоож, “Ковид-19”-ийн тархалтыг хумих, голомтыг “аргамжих” гэж үзсэн нь хувийн хэвшлийнхэнд хүнд цохилт болсон.

Хөдөлгөөн хязгаарлаж, хөл хорио тогтоосноор халдварын тархалтыг хангалттай хэмжээнд хяналтад оруулж, хумьсан уу гэвэл үгүй. Өдөр бүр орон даяар шууд дамжуулдаг 11.00 цагийн албан мэдээнд дурьдагддаг тоо баримт үүнийг гэрчилнэ. Гэлээ гээд дахиад хөл хорио тогтоох асуудлыг мэргэжлийн байгууллагаас удаа дараа гаргадгаас бусдаар хүн байх эрхээ тушуулсан иргэд нь хохирогчийн дүрээр өдөр хоногийг аргацаах болов.

60 удаа залгаад хариу авч чадаагүй …

Хатуу хөл хорионы үед хүнд өвчний улмаас Архангайгаас ирсэн ч эмнэлгийн тусламж авч чадахгүй 22-ын товчоон дээр амиа алдсан иргэний гашуун сургамж бидэнд бий. Түргэн тусламжийн эмч нь тэгэхэд холбогдох газар руу 60 удаа залгаад хариу авч чадаагүй байдаг. Энэ асуудал намжаагүй байхад Сонсголон чиглэлийн автобусанд зорчиж явсан 20 орчим настай залуугийн утас руу шинжилгээний хариу “эерэг” гарсан хэмээн мэдэгдсэн даруйд 40 гаруй хүнтэй явсан нийтийн тээврийг тухайн өдрийнхөө 11.00 цагаас эхлэн зургаан цаг зогсоож тусгаарлалтад авч байв.

Агааргүй бүгчим орчинд олон хүнтэй хамт байгаагаасаа санаа зовсон залуу алба хаагчдаас гадаа байхыг гуйсан ч зөвшөөрөөгүйд арга барахдаа автобусны цонхыг хагалж, гарч зогссон гэдэг. Залуугийн шинжилгээний хариу сөрөг байсан ч гадаа хүйтэнд ялтан шиг буруу харан гурван цаг зогссоноос гадна сэтгэл санааны асар их хямралд орсон мэдээж. Ил гарсан нь энэ болохоос ийм нөхцөл байдалтай өдөр бүр нүүр тулж байгаа иргэд олон.

Дахин тодотгоё!. Анх-Отгоноос “Ковид-19”-ийн халдвар илрээд яг нэг жил, 20-иод хоногийн хугацаа өнгөрч байна. Эдгэрээд буцахдаа чин сэтгэлээсээ хэлсэн, тэр нь “Монгол орон намайг аварлаа. Монголд биш Францдаа байсан бол ямар хувь тавилан хүлээж байхыг мэдэхгүй байна” хэмээх түүний үгээс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн ч Монгол Улс өөрөө сэхээнд орохтой үгүйтэй байдалд шилжсэнээс өөрөөр нөхцөл байдал дээрдсэнгүй, улам дорджээ. Ялангуяа хүний эрх. Үнэнийг хэлэхэд анх удаа дотоодод халдварын тохиолдол бүртгэгдсэн Анх-Отгоны үед л монголчууд “жаргалтай” байжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн, “Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, “COVID19”-гүй зуныг хамтдаа угтацгаая” гэж. Тэр болтол Монгол Улс хүний эрхийн мэдрэмжээ шалаар нэг тараачихгүй л юмсан! Цар тахалтай тэмцэх нь зүйн хэрэг ч цаг үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж чадахгүй, ажлын хариуцлага алддаг, асуудлыг түргэн шуурхай шийдэхгүй, хамгийн гол нь хүнлэг ёсоор хандахгүй бол хэчнээн хөл хориод нэмэргүйг бид хангалттай харж, мэдэрлээ.

1 сэтгэгдэл

  1. Avatar

    Сараа

    2021-04-07

    Хатан эрдэнэ яг юу хийсэн юм! Худлаа попорсоор дахиж гарсан биз дээ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet