COVID-19

ДЭМБ ба ТАЙЛАН: Уханийн лабораторийн ажилтнуудад амьсгалын замын өвчлөлийн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй

Коронавирусийн халдварын голомт гэгдсэн БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод дөрвөн долоо хоногийн турш ажиллаж, вирусийн үүсэл гарал, тээгчээс (сарьсан багваахай, панголин) хүнд халдварласан замыг судалсан ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн тайланг олон нийтэд ил болголоо. Тайланд мэдээлснээс үзвэл, коронавирус Уханийн вирус судлалын хүрээлэнгээс алдагдсан гэх хувилбар хамгийн магадлал багатай гэнэ.

Ухань хот дахь вирусийн оношлогоо, вакцин судлалын гурван лаборатори аюулгүй байдлын чанд дэглэмд ажиллаж байгаа бөгөөд цар тахлын халдвар анх дэгдэх үед, мөн түүнээс өмнө лабораторийн ажилтнуудад амьсгалын замын өвчлөлийн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүйг ДЭМБ-ын мэргэжилтнүүд онцолж буй юм. “Уханийн лабораторийг 2019 оны арванхоёрдугаар сарын 2-нд нүүлгэх үед ямар нэгэн осол, онцгой зүйл болоогүй. Түүнчлэн лабораторид коронавирус болон сарьсан багваахайн тээдэг өөр ямар нэгэн вирустэй холбоотой үйл ажиллагаа явуулаагүй гэж ажилтнууд мэдэгдсэн” гэж тус илтгэлд өгүүлжээ.

“Ковид-19” халдварыг үүсгэгч вирус анхдагч тээгчээс завсрын тээгчээр дамжин хүнд халдсан байх магадлал өндөр гэж судлаачид мэдэгдэв. Түүнчлэн хөлдөөсөн бүтээгдэхүүнээр дамжих, тээгчээс шууд хүнд халдсан гэх хувилбарыг ч үгүйсгэх аргагүй гэж тэд үзэж буй.

Өнгөрсөн мягмар гарагт ДЭМБ тайланг нийтэлсний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Помпео “ДЭМБ-ын тайлан бол БНХАУ-ын Коммунист намаас түгээж байгаа ташаа мэдээллүүдийн нэг. ДЭМБ-аас АНУ гарах ёстой гэж үзэж байсан нь ч үүнтэй холбоотой” гэж твиттерт мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ АНУ болон холбоотнууд нь коронавирусийн гарал үүсэл, хүнд халдварласан арга замыг яг таг тодорхойлоогүй, мөн БНХАУ-аас хангалттай мэдээлэл авч чадахгүй байгаад зовниж буйгаа илэрхийллээ.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet