НИЙГЭМ

“САНАЛАА ӨГСНӨӨР ямар АЧ ХОЛБОГДОЛТОЙ вэ гэдгийг иргэдэд сайтар ойлгуулах хэрэгтэй”

2021 оны ОНХС-ийн санал асуулга явагдаж буйтай холбогдуулан ОНХС-ийн санал асуулга, түүний ач холбогдлын талаар Багахангай дүүргийн ЗДТГ-н Санхүү, төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалт, өмч, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Г.Одонбаатартай ярилцлаа.

-Орон нутгийн хөгжлийн сангийн талаар товчхон тайлбарлавал, ОНХС байснаар ямар ач холбогдолтой вэ?

-Орон нутгийн хөгжлийн сан нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах хийгээд иргэдэд тогтвор суурьшилтай, таатай нөхцөлд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл иргэн та өөрийн амьдрах орчин нөхцөлд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудалдаа саналаа өгснөөр ОНХС-ийн хөрөнгөөр түүнийгээ шийдвэрлүүлэх бүрэн боломжтой гэсэн үг. Мэдээж иргэдийн өөрсдийнх нь саналд тулгуурлан шаардлагатай ажлуудыг хэрэгжүүлдэг ба энэ нь иргэдэд эргээд тохижилтын ажил,засвар үйлчилгээ зэрэгт сэтгэл хангалуун мөн ариг гамтай хэрэглэх биднийх гэсэн сэтгэлээр хандах “өөриймсөг” хандлагыг бий болгодог. Ингэснээр тухайн хорооны иргэд эрүүл цэвэр, орчин нөхцөлд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэнэ.

-Бусад хөрөнгө оруулалтуудаас юугаараа ялгаатай, давуу талтай вэ?

-Төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлуудыг Улсын болон Нийслэлийн, ОНХС-ийн хөрөнгө оруулалт гэж 3 ангилдаг. Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар урт болон богино хугацааны бодлогын бичиг баримтад тусгагдсан стратегийн ач холбогдол бүхий ажлууд хийгддэг бол ОНХС-ийн хөрөнгөөр таны амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнд зарцуулагддагаараа онцлогтой. Барууны болон өндөр хөгжилтэй орнуудын хөгжих болсон гол шалтгаан бол ердөө иргэдийнхээ санал санаачилгад тулгуурлан барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулдагтай холбоотой. ОНХС нь энэхүү механизмаар ажиллах хамгийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлдгээрээ бусад төслөөс давуу талтай.

ОНХС-ийн санал асуулгад өмнө жилийнхтэй харьцуулахад танай дүүргийн иргэд энэ удаад хэдэн хувийн ирцтэй оролцож байна вэ?

No description available.

-Энэхүү санал асуулгыг 2018 оноос хойш 3 дах жилдээ авч байгаа тул энэ жилийн хувьд манай дүүргийн иргэд харьцангуй мэдээлэл сайтай байгаа. Манай дүүрэг хоёр хороотой, 2021 оны 03 дугаар сарын 13 гэхэд нэг болон хоёрдугаар хороо 100 хувийн санал өгснөөр бусад дүүргүүдээ тэргүүлээд байна. 2019, 2020,2021 он тус бүр 100 хувийн санал авч оролцсон. Энэ нь иргэдийн бүртгэл мэдээллийн сан хангалттай байгаа төдийгүй хорооны хэсгийн ахлагчид иргэдийн уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайн байгаагийн илрэл юм.

Танай дүүргийн хоёр хороо эхний 15 хоногтоо саналаа аваад дууссан гэсэн хороодынхоо ажлын зохион байгуулалт, туршлагын талаар дэлгэрэнгүй ярьвал?

-Манай дүүргийн хувьд хүн ам цөөтэй тул хэсгийн ахлагч нар иргэдтэйгээ харьцангүй уялдаа холбоо мэдээлэл сайтай ажилладаг. Мөн нийт хүн амын 70 гаруй хувь нь ажилчин албан хаагчид байдаг тул аливаа зүйлд ач холбогдол өгч идэвхтэй оролцдог. Хороод маань төрийн байгууллагын анхан шатны нэгж учраас хороодын ажилчид маш их ачаалалтай ажилладаг. Энэ жилийн хувьд хэдий ковидтой ч гэсэн цахим санал асуулгад иргэд маань идэвхтэй бүрэн хамрагдаж, хэсгийн ахлагч нар маань холбогдох сайт мэдээллийн самбаруудад мэдээлэл сайн түгээсэн тул ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй, түргэн шуурхай, хамтарч ажиллаж чадсан.

Танай дүүрэгт иргэдийн бүлэг хамтраад ОНХС-ийн хөрөнгөөр ажил хийж, орлоготой болсон гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-OНХС-гийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр батлагдсан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 7.1-д заасны дагуу “олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааг 20 сая хүртлэх бараа, ажил үйлчилгээг худалдан авч болно” гэж заасны дагуу тухайн ажлыг сонирхсон иргэдийг ОНОХАА журмын дагуу бүртгэн бүлэг болгон ажлуулдаг. Энэ хүрээнд тухайн бүлэг маань хашаа барих, зам талбай, малын худаг засварлах ажлуудыг хийдэг. 2020 онд худаг засварлах ажил хийж гүйцэтгэсэн бол 2021 онд хашаа хайс барих ажил хийхээр төлөвлөөд явж байна.

ОНХС-ийн хөрөнгөөр танай дүүрэгт ямар ажлууд хийгдэж, хэрэгжсэн бэ. Энэ жилийн зорилго?

-Дүүрэгт маань камержуулалт, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай авто, явган замын засварын ажлууд гэх мэт ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх боломжтой бүхий л ажил иргэдийн санал санаачлагын үндсэн дээр хэрэгжиж ирсэн. Манай дүүргийн хувьд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлынхаа талаар үйл ажиллагааны тайлан брошурыг бэлтгэн цаг тухайд нь иргэддээ тараан тайлагнаж, цаашлаад дараа дараагийн санал асуулгад иргэдээ идэвхтэй оролцохыг уриалан ажилладаг. Ихэнх иргэдийн хувьд ийм санал авдаг гэдэг ойлголттой байдаг болохоос мөн чанарыг нь төдийлөн сайн ойлгодоггүй. Иймд иргэдийн оролцоог хангах хамгийн гол нь хичнээн иргэд саналаа хүргүүлсэн тухай тоонд бус тухайн саналаа өгснөөр ямар ач холбогдолтой вэ гэдгийг иргэдэд сайтар ойлгуулах хэрэгтэй юм. Учир нь ОНХС нь иргэдийн саналд тулгуурлаж тухайн дүүрэг хороодын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэдэг тул иргэд та бүхэн санал асуулгадаа идэвхтэй оролцож, өөрийн болон бусдын эрх ашгийг хүндэтгэн, ирээдүйн үр хүүхдүүдийнхээ сайн сайны төлөө санал асуулгадаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet