ИРГЭНИЙ ӨНЦӨГ

ТҮЦ

ИРГЭНИЙ ӨНЦӨГ

via Мягмар Саруул-Эрдэнэ

Зах зээлд шилжин, хүн бүр дор бүрнээ амьдрах гэж чаддагаасаа чаддаггүйгээ хүртэл боломжтой бүгдийг хийж үзэж байсан үе. Сургуулиа дөнгөж төгсөөд багш болсон жил буюу 1994 оны өвөл юм аа. Муугаа мэдэхгүй эхнэр авчихсан, болоогүй ээ, бас хүүхэд гаргачихсан… Цалин гээч чинь тэр үед гэр бүлтэй хүнд байтугай, ганц бие залууст ч юм болдоггүй байлаа.

Багшийн дээдийн хажуугаар ТҮЦ ярайгаастай, тэр дунд харин ганц ТҮЦ хаалттай байх. Эхнэр нэг өдөр энийг хоёулаа түрээслээд ажиллуулж үзэх үү гэж байна. Өвлийн хүйтэн болоод, дотроо цахилгаан дулаалгагүй болохоор зун хүртэл хаагаад явсан бололтой. Хаалганых нь завсар хэрэг учраа бичээд үлдээчихлээ, хоёр хоногийн дараа холбогдож байна шүү, эзэн нь.

Ингээд ТҮЦ-тэй боллоо хөөрхий. Өвөл ч бас л яггүй шүү дээ. Эсгий гуталтай л сууна, хөлдчих гээд л байна. Эхнэр зардаг нь, би бараагаа татдаг нь. Зах гарах болгондоо би бүтэлгүйтнэ ээ. Боодолтой Марлборо гэж тамхиа нэг удаа суйлуулаад ирсэн, буруу печень чихэр хоёр ч удаа өндөр үнээр аваад ирсэн, ингээд байхаар чинь ашиг яаж олох вэ дээ, сүүлдээ эхнэр уурлаад, чи сууж зар, би гарч юмаа авчирна гэдэг юм байна. Суугаад овоо наймаа хийж байтал нэг охин “Тэр модтой чихрээс гурвыг авъя, БАГШ АА” гэдэг юм даа. Муу юм байж бас оюутнаасаа ичмэр болж байна. Эхнэрээ ирэхээр нь “За би одоо юу ч суйлуулахгүй, яг зөв юм авна” гээд бараа татдаг ажилдаа эргэн орлоо.

Тэр хавийн хүүхдүүд их ирнэ. Мөнгөгүй, юу ч авч чадахгүй, зүгээр л тэр ямар үнэтэй юм, энэ хэд гэж байгаа юм гэж асууж асууж л яваад өгнө. Авч чаддаг ганц юм нь таван төгрөгний ганц ширхэг гаа. Заримдаа тэрийгээ ч авч чадахгүй хараад зогсоод байхаар нь бид хоёр өрөвдөөд аваад өгчихнө өө. Баярлаад л алга болно шүү дээ.  

Гэхдээ бас чиг дандаа алдаад байгаагүй ээ. Үе үе сүрхий хийнэ. 12 сарын 31-ний орой бүх ТҮЦ хаагаад явчихсан, бүх дэлгүүр хаалттай, бид хоёр ганц удаа өрсөлдөгчгүй дээрээ гээд л гүрийгээд суугаад байсан, пээ хүмүүс чихэр печень, тамхи шоколад, сүүлдээ бүр огт зарагддаггүй бүх юмыг маань хуу хамаад юу ч үгүй болоод аргагүй хааж билээ. Баяжсан хоёр баяртайяа алхан харьж явахад цагийн зүү 12-ыг зааж, шинэ он гарсан сан. 

Хориотой бараа болох ШАГ хэмээх архи бас сайн мөнгө хийнэ. ТҮЦ-ний нүхээр толгойгоо бараг оруулж ирээд “Ганц юм байна уу?” гэхээр нь “Ороод ир” гэдэг юм. Орж ирж суугаад, их ёс төртэй ээ бас, архиа задална, дээжээс нь ядам хуруугаараа өргөнө, эцэст нь амсана, хэсэг сууна, тэгээд за мөн байна аа гээд мөнгөө өгөөд гарна. 

Тавин төгрөгний тэг дөрвөлжин вафли печень хамгийн их зарагддаг амттан. Тэр вафлийг зараад дуусахаар хайрцагт нь үйрмэг хэлтэрхий асар их үлдэнэ, тэрэн дээр нь найрлана.   

Хөгийн юм бас их болно оо. Хүү дөнгөж хэлд ороод байсан, өөрийг нь “еэ еэ бөөвөө” гэж шоолдог байсан юм. Нэг орой хоёулаа бууж ирээд баахан тавт аравтаа ялган, ид тоолж байтал хүү маань харж сууснаа “Шуналтай еэ еэ бөөвөө” гэдэг юм даа. 

Мань Илд чинь хүн еэеэ бөөвөө гэж дооглохтойгоо боловчиг мөөмнөөсөө гараагүй хэвээр, яг арын яслид нэг давхрын Нэргүй эгчийн ангид өгчихсөн, яслиас нь аваад ТҮЦ-ндээ хөхүүлнэ. Тэгээд ангийн анд Бөмбүүлэйг харихад нь өгөөд ээж рүү явуулчихна.  

Нэг өвгөнийг өрөвдөж хэдэн өдөр хоёулаа зүрхээ шархлуулсан сан. Боорцог хийж ирээд тавьж заруулдаг байсан юм. Дуусахаар нь залгая гэхээр “Өвөөд нь утас байхгүй ээ, зүгээр өөрөө хүрээд ирнэ ээ” л гэх. Долоо хоногтоо нэг ирж тооцоо хийнэ. Тэгж байтал хавар дөхөөд, ТҮЦ-ний эзэн одоо хаа гэж байна. Өвөөгийн боорцгийн хагасыг зарчихсан, үлдсэнийг нь өөрсдөө авлаа. Гэтэл яг тэр хэд хоног ирдэггүй дээ. Хэдэн боорцгийнхоо мөнгийг авахаараа их л баярладаг сан. Тэгж баярлахыг нь харахаараа бид хоёр бас их таашаал авдаг байсан юм. Тэгтэл холбогдох утас шөрмөс юу ч үгүй. Нөгөө эзэнд өвөөг ирвэл залгаарай гээд утсаа өгсөн, эргэж холбогдоогүй дээ, хөөрхий. Хэдэн долоо хоног бид хоёр өвөөг өрөвдөн харуулдаж, боорцогныхоо мөнгийг авахаар ирэхэд нь хаалттай ТҮЦ угтах дүр зургийг бодон шимширсэн дээ.

Япон зурагчны авсан энэ фото яг манай тэр ТҮЦ мөн ч шиг  санагдаад элэрсэн үеийн баларсан түүхийг нэхэн сануулав.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet