НИЙТЛЭЛЧ

Ганцаардсан генерал

Гэрэл зургийг MPA.mn

Батын Хурц хэмээх алтан мөрдэстэй эрхмийг монголчууд танина. Таних гэж сайн мэднэ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа гадаадад айлчлал хийгээд эх орондоо газардах үед хамт ирснээрээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга гуншинтай явсан тэрбээр нийгэм, улс төрийн хүрээний гол хүнээр тодорч байв. Хүн хулгайлсан гэх асуудлаар Англи, Германы шоронд жил дамнан хоригдсон түүнийг Төрийн тэргүүний хамтаар эх орондоо ирнэ гэж хэн ч бодоогүй. Германы талаас “Та чөлөөтэй яв” гэсэн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ажилдаа шууд ороорой” гэж Б.Хурцад үүрэг өгсөн гэдэг. Ц.Элбэгдоржийн хэлснээр Б.Хурц ч шууд ажилдаа орсон. Орох орохдоо Авлигатай тэмцэх газрын дэд даргаар очиж байв. Одоогоос 10 жилийн өмнө болсон үйл явдал гэхээр 2011 оныг хэлээд байгаа нь энэ. Түүнээс хойш юу болов…?

Зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш…

Харийн шорон дамжин нэг оныг үдсэн тагнуулын хурандаа /2015 оны арванхоёрдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн зарлигаар хошууч генерал цол хүртсэн/ эх орондоо газардсанаас хоёрхон сарын дараа Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажиллагааг хариуцсан гол хүнээр очсон нь ямар нэгэн хардлагад хөтөлсөн. Төд удалгүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оймсыг нь гозолзуулаад баривчлав. Араас нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн хамаарал бүхий этгээдүүдийг түрүүчээс нь АТГ-аас уяж, танхимаараа огцрох хүртэл нь боргож л байлаа. Сонирхолтой нь, Н.Алтанхуяг огцорч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсныхоо дараа анхныхаа шийдвэрээр Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар дэвшүүлэн томилсон нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш байв.

Сүүлд Н.Алтанхуяг “Шударга бусын хонгил” байдгийг зарлаж, тэргүүнээр нь Ц.Элбэгдоржийг, гүйцэтгэгчээр нь Б.Хурцыг нэрийдсэн нь одоо ч улстөрчдийн ам дамжин ярьдаг, бараг брэнд сэдэв болтлоо өргөжжээ. Хуулийн шинэчлэлийн хүрээнд тэрхүү “Хонгил” нурж эхэлсэн тухай улстөрчдийн яриа хэр бодитойг хэлж мэдэхгүй. Харин нэгэн цагт мандаж явсан Б.Хурц төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдуулж, шүүхээс ял ногдуулсан нэр бүхий хоёр хүнийг эрүүдэн шүүсэн гэх асуудалд холбогдсон тухай асуудал өнөөг хүртэл түүнийг чичлэх шалтгаан болжээ.

Гагцхүү өнгөрсөнд түүнтэй сөргөлдөж ирсэн бүхэн өнөөдөр ямар нэгэн байдлаар ёс юм шиг албан тушаалын үзүүрээс атгаж, бүр дэвшсэн нь гашуун үнэн. Л.Оюун-Эрдэнэ гэхэд Ерөнхий сайд болж дэвшив. Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга, Н.Алтанхуяг УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, Ж.Батзандан алсын Австралид Элчин Зөвлөхийн томилолт өвөртлөв. Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр “Хойд Солонгосын Ерөнхий прокурорын газраас 300 сая ам.доллар нэхэмжилсэн бичиг ирсэн нь үнэн” гэсэн үгийн эзэн холбогдогч Л.Болд Төрийн тэргүүний дэргэд зөвлөж байна. Хуулийн сайдаар очсоныхоо дараа хамгийн түрүүнд генерал Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаас нь буулгахаа мэдэгдэж, тэрэндээ төвөггүйхэн хүрсэн Ц.Нямдорж ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар суугаа нь бас нэгэн үнэн.

Ц.Нямдорж бид хоёрыг түүх шүүнэ…

Харин 10 жилийн өмнө сүр дуулиантайгаар ирсэн, АТГ-ын дэд даргаар очсон, Монгол Улсын нүд, чих болсон нэгдүгээр байгууллагын дарга болсон, хүрч болох хамгийн дээд цолыг зүүсэн зэрэг зөвхөн өгсөж, дэвших хувьтай явсан Б.Хурц өнөөдөр шүүхийн тогтоолтой яллагдагч болчихоод сууж байгаа нь цорын ганц үнэн. Хууль бусаар бусдыг тагнаж, чагнасан гэх асуудлаар толгойлж явсан тагнуулын байгууллагадаа хүртэл шалгагдаж эхэлсэн нь түүнийг буланд шахаж, бүр ганцаардуулж байна. Цаг хугацааны дэнс гэдэг ийм л тохуутай.

Тэр хэлсэн байна лээ, “Ц.Нямдорж бид хоёрыг түүх шүүнэ. Тэр үед хэн нь Монголдоо үнэнч явсан бэ гэдэг нь тодрох биз” гэж. Тийм ч байж болох. Генерал Б.Хурц гүйцэтгэх ажиллагааг удирдах чиглэлээр шилдэг нь, Монголдоо урдаа барих хэмжээний мэргэшсэн тагнуулч байж мэднэ. Харин тэр бүгд нь хуулийн дагуу байсан уу эсвэл хэн нэгний захиас даалгавраар явсан уу? гэдгийг ёстой л цаг хугацаа, түүх шүүнэ.

Хамгийн гол нь, Тагнуулын ерөнхий газрын даргаас бууж, БНСУ-д суух Элчин сайдын томилолт өвөртлөх гээд чадаагүй тэр үеэс хуулийн хайчин галд орсон тэрбээр өнөөдөр ч түүнээсээ гарч чадаагүй бүр нэмж өөр зүйлчлэлээр буруутгагдаж, ороогдож эхэлсэн нь юуг өгүүлнэ вэ?. Түүнд өөрийгөө зөвтгөх 100 магад 1000 шалтгаан байж болох ч цагийн зүү түүний эсрэг эргэж байгаа нь хоржоонтой. Юу үнэн энэ л үнэн!.

3 сэтгэгдэл

  1. Avatar

    D

    2021-03-24

    Хурц бол хурц

  2. Avatar

    zochin

    2021-03-25

    tsoliin huraaj shorond tamaln naad hulgaichaa

  3. Avatar

    Цорж

    2021-03-28

    Би л лав Б.Хурцыг дэмждэг. Яс хүн

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet