СОЁЛ УРЛАГ

World Press Photo 2021: Оны шилдэг гэрэл зурагт нэр дэвшигчдийг зарлалаа

Өнгөрөн одсон 2020 оны амаргүй, ярвигтай үйл явдал, хүнд хэцүү өдрүүдийг гэрэл зургийн хальснаа буулгасан “World Press Photo 2021” уралдааны шилдэгт тунаж үлдсэн 22 бүтээлийг зарлажээ.

“Дэлхийн өнцөг булан бүрт коронавирусийн цар тахал дэгдэж,  нийгмийн шударга ёсны төлөөх жагсаал цуглаан өрнөсөн 2020 онд  цаг уурын хямрал, хүний эрх болон хүйсийн тэгш эрх, газар нутгийн зөрчил, байгаль орчин  зэрэг олон чухал сэдэв, тулгамдсан асуудлуудын тусгал, тайлбар, үзэл бодлыг хуваалцаж байна” хэмээн уралдааны зохион байгуулагчид онцолжээ.

Энэхүү уралдааныг жил бүр зохион байгуулж, гэрэл зургийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулан олонд толилуулдаг Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн сан нь Нидерландын Амстердам хотод төвтэй бөгөөд 1955 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ жил 130 орны 4315 гэрэл зурагчин 74470 бүтээлээ ирүүлснээс  Аргентин, Армени, Австрали, Бангладеш, Беларусь, Бразил, Канад, Дани, Франц, Грек, Энэтхэг, Индонез, Итали, Иран, Ирланд, Мексик, Мьянмар, Перу, АНУ тэргүүтэй   28 орны 45 гэрэл зурагчны бүтээл  шилдэгт нэр дэвшсэн байна.

Орчин үеийн асуудал, мэдээ, хүрээлэн буй орчин, урт хугацааны төслүүд, байгаль, онцлох мэдээ, спорт, хөрөг зураг гэсэн найман номинацид нэр дэвшсэн хүмүүсийн бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулж, оны шилдэг гэрэл зураг, оны шилдэг фото түүхийн шагналын эздэд  тус бүр 5000 евро олгодог.

Ташрамд, энэ оны уралдааны шалгаруулалт, шүүх үйл явц цахим хэлбэрээр болж байна. 2021 оны гэрэл зургийн уралдаан, 2021 оны дижитал өгүүллийн уралдааны ялагчдыг ирэх дөрөвдүгээр сарын 15-нд онлайнаар болох шагнал гардуулах ёслолын үеэр зарлах болно.

2021 оны шилдэгт  нэр дэвшигчдийн бүтээлүүдийг онцолж байна.

Оны гэрэл зураг

1.

  • Линкольны дурсгалын хөшөөний дэргэдэх маргаан. Эвелин Хокстейн, зургадугаар сарын 25, АНУ. Америкийн нийслэл Вашингтон дахь Авраам Линкольны дурсгалын хөшөөний дэргэд маргаж буй эрэгтэй, эмэгтэй хоёр.
White man and black woman argue over Emancipation Memorial, Washington

2.

  • Анхны тэврэлт. Мадс Ниссен, наймдугаар сарын 5, Бразил. Сан-Паулу хотын “Вива Бем” асрамжийн газарт 85 настай Роза Лузиа Лунардийг сувилагч Адриана Силва да Коста Соуза тэвэрч буй нь. Розаг таван сарын хугацаанд анх удаа хэн нэгэн тэвэрч байгаа нь энэ ажээ. Бразилд гуравдугаар сараас цар тахал дэгдэж, улс даяар асрамжийн газрууд гаднын хүмүүс, зочдыг хүлээн авахаа больсон тул сая сая хүн  өндөр настан хамаатан, эцэг эхдээ зочилж чадахгүйд хүрсэн. Халдвар авах эрсдэлтэй учир өндөр настнуудтай ойрын зайнаас харьцахыг хориглож байв.
World Press Photo contest: An old lady in a nursing home is embraced by a nurse.

3.

  • Шилжилт. Олег Пономарев, дөрөвдүгээр сарын 23, ОХУ. Трансжендер Игнат Санкт-Петербург хотод найз Мариягийн хамт сууж буй нь. Сургуулийнхаа сэтгэлзүйчид хүйсийнхээ талаар ярьсны дараа Игнатын тухай цуу яриа сургуулиар тарьж, тэрбээр дээрэлхүүлж, гадуурхагдаж эхэлжээ.Трансжендер гэдгийнхээ талаар сэтгэлзүйчид анхлан ам нээхдээ тэрбээр энэ бүхнийг нууцлахыг гуйсан ч энэ бүхэн талаар болж, сургууль даяараа түүнийг доромжилж, тохуурхах болов.
World Press Photo contest: a transgender man, sits with his girlfriend Maria in Saint Petersburg

2020 оны долдугаар сард ОХУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр гэрлэлт бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын холбоо бөгөөд өөр сонголт хийх боломжгүй гэж заасан. Түүнчлэн хэн боловч анх төрсөн, төрсний гэрчилгээнд заасан  ​​хүйсээ  өөрчлөх, солиулах боломжгүй гэдгийг хуульчилжээ.

4.

  • Самбуру тойргийн Арчерс суурингийн дарга Хенри Ленаяса бэлчээр сүйтгэж буй царцаан сүргийг үргээж буй нь. Луйс Тату, дөрөвдүгээр сарын 24, Кени.  2020 оны эхээр Кени Улсад сүүлийн 70 жилд тохиолдоогүй цөлийн царцааны нүүдэл болжээ. Арабын хойгоос нүүдэллэсэн царцаанууд 2019 оны зун Этиоп, Сомалид тархан өсөж үржсэн. Мөн оны арванхоёрдугаар сард аадар бороо орсон үед улам олшрон үржсэн царцаан сүрэг  хоол тэжээл эрэхдээ Кени Улсад хүрч, Африкийн зүүн хэсгийн бусад орнуудаар үй олноороо тархжээ. Цист царцаан сүрэг маш хол зайд хурдан нисэж, өдөрт 150 км замыг туулдаг агаад бэлчээр, үржил шимт хөрсийг богино хугацаанд сүйтгэдэг. Царцааны энэхүү нүүдлийн үеэр нэг сүрэг буюу 40-80 царцаа  нэг хавтгай дөрвөлжин км талбайг эзэлж байв.
World Press Photo contest: a massive swarm of locusts ravaging East Africa

5.

  • Бейрутын дэлбэрэлтийн үеэр бэртсэн эр. Лорензо Тугноли, наймдугаар сарын 4, Ливан. Наймдугаар сарын 4-ний 18:00 цагийн орчимд 2750 тонн гаруй хэмжээний аммиакийн нитрат дэлбэрч, Ливаны нийслэл Бейрутыг доргиов. Тэсрэх бодисыг боомтын агуулахад хадгалж байсан бөгөөд дэлбэрэлт болсон газраас ганцхан км зайд 100 мянган хүн амьдардаг байлаа. Рихтерийн шатлалаар 3.3 нэгжтэй тэнцэх хүчтэй дэлбэрэлтийн улмаас 6000 орчим барилга байгууламж эвдэрч сүйдэн, хамгийн багадаа 190 хүн амь үрэгдэж, 6000 гаруй хүн гэмтэж бэртэн, 300 мянган хүн дүрвэн дайжихад хүрсэн юм. Их хэмжээний аммонийн нитратыг 2012 онд агуулахад хадгалсан бөгөөд  хөлөг онгоцны болон бусад төлбөрийг төлөөгүйн улмаас эзэн нь тэнд орхисон бололтой.
World Press Photo contest: Injured Man After Port Explosion in Beirut,

Оны фото түүх 

1.

  • Үлдэж хоцорсон нь аварга болно. Крис Донован, хоёрдугаар сарын 24, АНУ. Мичиган мужийн Флинт хотын сагсан бөмбөгийн “Флинт Ягуарс” баг хотынхоо иргэдэд тогтвортой оршин тогтнох, бие биедээ дэмжлэг үзүүлэх үзэл санааг бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэдэг.
World Press Photo contest: Flint Jaguars team star Taevion Rushing jumping.

“Женерал Моторс”-ын уугуул нутаг Флинт бол автомашины үйлдвэрлэл огцом унаснаас үүдсэн шилжих хөдөлгөөн их, усны хангамжийн эх үүсвэрийг хамгаалаагүй учир  эрүүл мэндийн хямрал газар авсан, ядуурал ихтэй, хар арьстнууд голчлон суурьшсан хот болжээ. Төрөлх хотоо орхин явж буй иргэдийг тэд орон нутгийнхаа төлөө үлдэж, хөгжилд нь хувь нэмрээ оруулахыг уриалах зайлшгүй шаардлага тэнд буй.

Сагсан бөмбөг бол Флинт хотын соёлын салшгүй нэг хэсэг бөгөөд коллежийн болон мэргэжлийн түвшинд олон том амжилт  гаргаж байсан удаатай. Одоо хотод ганц л ахлах сургуулийн баг бий. “Флинт Ягуар” баг 2017 онд байгуулагдсан бөгөөд тухайн үед үлдсэн сүүлийн хоёр сургуулийн багийг нэгтгэсэн нь энэ. 2020 он хүртэл ялалт байгуулаагүй түүхийг өөрчлөхөөр тэмцсэн тэд гуравдугаар сар гэхэд тэд 18:4 гэсэн амжилтаар  ялалт байгуулж, финалд бэлтгэлээ базаасан билээ. Харин цар тахлын улмаас шувтаргын тоглолтыг цуцлахад хүрсэн.

2.

  • Хабиби. Антонио Фаццилонго, Палестин. Араб хэлээр “хайр минь”  гэсэн утгатай “Хабиби” нэртэй гэрэл зураг орчин үеийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн, хамгийн төвөгтэй мөргөлдөөнийг даван туулсан хайрын түүхүүдийг хүүрнэжээ. Энэхүү зөрчил, мөргөлдөөн Палестины жирийн иргэдийн гэр бүлд үзүүлж буй нөлөө, тэдний нөхөн үржихүйн эрх, хувь хүний ​​нэр төрийг хадгалахад учирч буй саад бэрхшээлийг харуулахыг гэрэл зурагчин зорьсон байна. Хүний ​​эрхийн “Б Тселем” байгууллагын тайланд дурдсанаар 2021 оны хоёрдугаар сарын байдлаар  Палестины 4200 хоригдол Израилийн шоронд хоригдож байна. Тэдний зарим нь 20 болон түүнээс дээш жилийн ял сонссон.  Хорих ангид очиж, ойр дотнын хүмүүстэйгээ уулзахын тулд палестинчууд хилийн тухай хууль, хорих ангийн журам, аюулгүй байдлын хязгаарлалтуудыг дагаж мөрдөх ёстой. Чингэхдээ 10 хүртэлх насны хүүхдээс бусад хүнд хоригдолд гар хүрэх, ойртох, бие махбодийн холбоо тогтоохыг  хориглоно. 2000-аад оны эхэн үеэс Израилийн шоронд удаан хугацаагаар хоригдож буй палестин хоригдлуудын үрийн шингэнийг үзэгний гуурс, чихрийн хуванцар сав, шоколадны дотор хийх зэргээр шоронгоос хууль бусаар нуун гаргаж байжээ. Ийм үрийн шингэнээр үр тогтсон 96 дахь хүүхэд эсэн мэнд төрсөн тухай 2021 оны хоёрдугаар сард “Миддл Ийст Монитор” сонин мэдээлсэн.
World Press Photo Contest: Amma Elian with baby twins and a husband serving life-sentence

3.

  • Алдагдсан диваажин. Валерий Мельников, арваннэгдүгээр сарын 30, Уулын Карабах. Азербайжан, Арменийн хил дэх, Уулын Карабахын бүс нутгийн маргаан 30 жилийн турш намжсаны дараа есдүгээр сард дахин сэдрэв. 1980-аад оны сүүлчээр ЗХУ задарч байхад Азербайжаны Уулын Карабах дахь армени үндэстнүүд эрх мэдлийн хоосон орон зайг ашиглан Арменитай нэгдэхээр саналаа өгсөн юм. 1991 онд ЗХУ задарснаас 1994 онд гал зогсоох хүртэл үргэлжилсэн газар нутгийн маргаан, түүнээс үүдсэн зэвсэгт мөргөлдөөнд 20 мянга гаруй хүн нас барж, нэг сая хүн гэр орноо орхин дүрвэхэд хүрчээ.  Армянчууд ялалтаа тунхаглан, улсаа эмхэлж,  800 мянган азербайжан иргэнийг цөлсөн. Түүнээс хойших 30 жилийн хугацаанд Уулын Карабахын статусыг шийдвэрлэхэд дорвитой алхам хийгээгүй агаад маргаантай бүсэд цэргийн мөргөлдөөн  байсхийгээд гарч байжээ. 2020 оны долдугаар сард болсон хилийн мөргөлдөөнийн үеэр  Азербайжаны нийслэл Баку хотод олон мянган хүн жагсаж, улс орноо Арменитай дайтахыг уриалав.
World Press Photo contest: an old woman crying at the door of her bombarded home.

Дахин сэдэрсэн хямрал, зэвсэгт мөргөлдөөн есдүгээр сарын 27-нд эхэлснээр Уулын Карабахын хоёрдугаар дайн гэгдэх болов. Зэвсэгт мөргөлдөөн арваннэгдүгээр сарын 9 хүртэл үргэлжилж, 1990-ээд оноос хойш гарч байгаагүй хамгийн аймшигт тулаан болжээ. Хоёр тал ОХУ-ын зуучилснаар хэлэлцээр хийж, Азербайжан улс 1990-ээд онд арменичуудад алдсан газар нутгаа эргүүлэн авсан боловч бүс нутгийн төв Степанакерт Арменийн мэдэлд үлдсэн юм. Хэдийгээр дайн дууссан ч газар нутгаа эзлүүлсэн армянчууд, дайны хөлд нэрвэгдсэн бүс нутагт буцаж ирсэн азербайжанчууд хаяа нийлэн амьдрах хэцүү хэвээр.

Орчин үеийн асуудал

1.

  • Доктор Пейо, мистер Хассен. Жереми Лемпен, арваннэгдүгээр сарын 30, Франц. Гэрийн тэжээвэр амьтдын гэж нэрлэгддэг энэхүү эмчилгээг эмнэлзүйн орчинд, ялангуяа сэтгэлзүй, хөнгөвчлөх эмчилгээнд амьтдыг ашиглахыг хэлдэг. Амьтад нь хүний сэтгэлийн түгшүүр, стрессийг багасгах чадвартай бөгөөд цусны даралтыг бууруулах, зүрхний цохилтыг сайжруулах, өвдөлтийг бага мэдрэхэд туслах зэрэг нөлөө үзүүлнэ. Зарим эмнэлгүүд хүн ба амьтны байгалийн холбоогоор дамжуулан эдгэршгүй өвчтэй хүмүүст тайтгарал, амар амгаланг өгөхийг зорьж байна. Ялангуяа хүрээлэн буй орчинтойгоо хурдан дасан зохицож чаддаг учир морь хөнгөвчлөх эмчилгээнд нэн тохиромжтой байдаг ажээ. Францын Кале хотод амьтдын эмчилгээ болон үүнтэй холбоотой эрдэм шинжилгээний ажил хийдэг “Les Sabots du Coeur” байгууллагад Пейо  морь, сургагч багш Хасен Бучакугийнхаа хамт хүчин зүтгэдэг. Морь сар бүр 20 орчим өвчтөнд ийм эмчилгээ хийхэд оролцдог бөгөөд түүний хорт хавдар, хавдарыг тодорхойлох зөн, чадварыг эрдэмтэд одоо судалж байна.
A mother with metastatic cancer with her son and a horse

2.

  • Сахавуд. Алексей Васильев, ОХУ. ОХУ-ын зүүн хойд зүүн хэсэгт орших Бүгд найрамдах улсын Саха Улсын иргэд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, алслагдсан бүс нутагт амьдардаг. Тэнд өвлийн улиралд -50°C хүртэл хүйтэрнэ. Саха буюу Якут нь гурван сая гаруй км хавтгай дөрвөлжин км газар нутгийг хамардаг боловч хүн ам нь  950 мянга орчим,  үүний 50 орчим хувийг саха (якут) үндэстэн эзэлдэг. Оршин суугчдын хувьд урлаг, тэр дундаа кино  нь Сахагийн соёл, уламжлал, түүхийг үзүүлэх, хадгалах гол арга хэлбэр болжээ. 1990-ээд оноос хойш тэнд кино театр цэцэглэн хөгжсөн. Романтик инээдмийн кино, гэмт хэргийн тухай киноноос эхлээд үлгэр домгийн сэдэвт хүртэл 7-10 бүтээлийг олонд толилуулдаг нутгийн кино үйлдвэрлэлийг “Сахавуд” гэж хошигнон нэрлэнэ. Ихэнх кинонуудыг якут хэл дээр хийж, орчуулгыг нь орос хэлээр хаддаг бөгөөд бүтээлийн төсөв нь 12000-120 000 ам.долларын хооронд хэлбэлздэг. Эдгээр кино орон нутагтаа нэрд гарч, амжилт олдог агаад сүүлийн жилүүдэд саха кино олон улсын наадмуудад  ч оролцон, цөөнгүй шагнал хүртсэн.
Young extras with their monsters' customs in remote Sakha, Russia.

Хүрээлэн буй орчин, байгаль

1.

  • Өрөөл уулын сүм. Хкун Лат, долдугаар сарын 15, Мьянмар. Хпакант уул бол хаш чулуу олборлодог хамгийн том орд бөгөөд хамгийн үнэтэй чулууг нийлүүлдэг. Нийгмийн зэрэг зиндааг илэрхийлэх хаш чулуу Хятадад асар эрэлттэй тул энэ зах зээл тэнд хурдацтай цэцэглэн хөгжиж байна. “Глобал Витнес”-ийн мэдээлж буйгаар, Мьянмар 2014 онд л гэхэд 31 тэрбум ам.долларын хаш чулуу олборлон худалдсан нь тус улсын ДНБ-ий тэн хагасыг эзэлжээ. Тиймээс энэ салбарыг цэргийнхэн, хар тамхины томоохон бүлэглэлүүд, толгой компаниудын сүлжээ хянахыг эрмэлзэж буй.
Buddhist temple occupies one half of a mountain, the other has been carved away

Уул уурхайн салбарын зохисгүй үйл ажиллагааны дүнд бүс нутгийн ургамал, амьтан мөхөж, тариалангийн хөрс доройтон, гол мөрний урсгал татарч байна. Хпакантад ч уурхайн хог хаягдал овоорч, ухаж орхисон том нүх, ангалууд харлан онгойж буй дүр зургийг харж болно. Түүнчлэн бүс нутагт өнгөрсөн оны долдугаар сард аадар бороо орсны улмаас хөрс гулгаж, 100 гаруй хүн амь эрсэджээ.

2.

  • Амны хаалтаар тоглож буй далайн арслан. Ральф Пэйс, арваннэгдүгээр сарын 19, АНУ. Калифорнийн далайн арслан бол Хойд Америкт тархсан, хөгжилтэй, найрсаг амьтан. Цар тахлын улмаас Калифорни даяар хөл хорих үед нутгийн оршин суугчид байгалийн үзэсгэлэнт газруудаар зугаалах нь олширчээ. Тэд коронавирусээс хамгаалан зүүсэн амны хаалтаа байгальд хаяж, хог болгож байв.  ВВС мэдээлснээр, цар тахал дэгдсэнээс хойш сар бүр  129 тэрбум амны хаалт, 65 тэрбум бээлийг хүн төрөлхтөн ашиглаж байна. Байгальд, усанд хаягдсан амны хаалт, бээлийг шувуу, загас, далайн хөхтөн амьтад хоол хэмээн андуурч болзошгүй. Байгаль хамгаалагчдын мэдэгдэж буйгаар, жил бүр 136000 далайн хав, далайн арслан, халим хуванцар хаягдалд орооцолдон үхдэг гэсэн тооцоо бий.
A curious California sea lion swims towards a face mask in Monterey, California

3.

  • Пантаналын түймэр. Лало де Алмеида, Бразил. Бразилийн Пантанал бүсийн гуравны нэгийг том халуун орны намгархаг хөрс эзэлнэ. Ойролцоогоор 140-160000 хавтгай дөрвөлжин км газар нутгийг хамрах Пантаналд 2020 оны туршид түймэр дэгдэж, түймрийн голомт 2019 онтой харьцуулахад гурав дахин нэмэгджээ. Намгархаг хөрсний доогуур дэгдсэн түймрийг шатамхай занар улам өрддөг тул удаан үргэлжилдэг, унтраах хэцүү.  ЮНЕСКО-гийн мэдээллээр, дэлхийн шим мандлын нөөц, олон ургамал, амьтны өлгий хэмээгдсэн Пантаналд сүүлийн 50 жилд байгаагүй ган гачиг болж, түймэр дэгдсэн нь энэ. Түймэр ихэнхдээ хавцгай, ургамал багатай газар ил задгай гал тавьснаас үүддэг бөгөөд байгаль орчны хамгаалалт сул нь үүнд бүр ч нэрмээс болдог хэмээн Ерөнхийлөгч  Жаир Болсонару мэдэгдсэн. Уур амьсгалын өөрчлөлт энэ эрчээрээ, экологи цаашид доройтсоор байвал Пантанал сүйрнэ гэж  мэргэжилтнүүд таамаглаж байна.
Fires consuming a third of Brazil’s Pantanal region, the world’s largest tropical wetland

4.

  • Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэгэн арга: Мөсөн суварга босгохуй. Кирил Язбек, Энэтхэг. Гималайн цас багасч, мөсөн голууд татрах үед хойд Энэтхэгийн Ладах мужийн ард иргэд зун цагт усаар тасрахгүйн тулд  асар том мөсөн суварга босгожээ.  Ладах бол хүйтэн цөл бөгөөд өвөлдөө -30°C хүрч хүйтэрдэг бөгөөд жилд дунджаар 100 мм орчим хур тунадас ордог. Нутгийн иргэд, тосгодын оршин суугчид усны хомсдолд орох нь олонтаа бөгөөд дөрөв, тавдугаар сард тариалангийн үе эхлэхэд байдал бүр ч дорддог. Ладахын инженер, шинийг санаачлагч Сонам ​​Ванчук 2013 онд цас, мөсний усыг хөлдөөн хадгалах зориулалттай суварга хэлбэрийн мөсөн овоолго босгож, хаврын усны гачигдалтай цагт хайлуулан хэрэглэх аргыг сэджээ. 2020 онд 26 тосгонд тавьсан газар доорх хоолойгоор хайлсан цас, мөсний усыг өндөрлөгөөс татаж мөсөн суваргуудыг “босгодог”.
communities in the Ladakh region of northern India building huge ice cones in the desert

Мөсөн суварга бүтээгч Ванчукийн хэлж буйгаар, энэ бүхэн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавруудтай Хималайн уулархаг бүсийнхэн өөрсдийнхөөрөө тэмцэж буй нэгэн арга зам аж. Гэвч Засгийн газар, хүн төрөлхтөн дорвитой арга хэмжээг авахгүй бол ийм байдлаар асуудлыг шийдэх боломжгүйг тэрбээр онцолно.

A young woman in front of a desert glacier

5.

  • Эргэн төрөгсөд. Каролина Жандерко. “Эргэн төрөгсөд” хэмээх энэхүү бүтээлүүд 1990-ээд оноос гарч ирсэн. Гайхалтай нарийн хийц, яг бодит мэт сэтгэгдэл төрүүлэх нялх хүүхэлдэйнүүдийг мэнгэ, нулимс, шүлстэйгээр бүтээдэг. Тэдний зарим нь нярай хүүхдийн зүрхний цохилт, амьсгал, хөхөх чадварыг ч мэдрүүлэх нарийн цахилгаан системээр тоноглогдсон. Ийм хүүхэлдэйнүүдийг ихэнхдээ винилээр хийдэг ч хүний биеийн бүтцийг санагдуулах  силиконон байх нь ч бий. Мөн зарим нь хүний үсээр хийсэн сормуустай агаад нялхынх нь үнэр ханхална.
Hyper-realistic dolls looking like babies, carefully crafted by artists known as ‘reborners’.

“Эргэн төрөгсөд” хүүхэлдэйг цуглуулгаар нь онлайн худалдаагаар, эсвэл яармагаас худалдан авч болох бөгөөд үрчлэх эсвэл “төрсний гэрчилгээг” нь дагалдуулан авах  боломжтой. Нярай хүүхэлдэйг ээж болоход бэлдэх сургалт, асрамжийн газруудын өндөр настнуудыг тайвшруулан тайтгаруулах зэргээр ашигладаг. Гэхдээ ийм хүүхэлдэйн ихэнхийг хүүхэлдэй цуглуулагчид худалдан авна. Мөн үр хүүхдээ алдсан, тээж төрүүлж чадаагүй, нярай нь эндсэн эцэг эхчүүд, хүүхэд үрчлэх боломжгүй хүмүүс худалдан авдаг ажээ.

6.

  • Шинэ амьдрал. Жэйми Кулебрас, долдугаар сарын 25, Эквадор. Нимпаргус Вилэи хэмээх энэ амьтныг Янаяку адхь биологийн станцын эргэн тойронд анх нээж, Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) -оос гаргадаг хэрхэн хамгаалах талаарх мэдээлэл хомс амьтдын жагсаалтад оруулжээ. Энэ зүйл нь манант ойд амьдрах агаад шөнийн цагаар навчин дээрээс олж харж болно. Эмэгчингүүд мөчрөөс унжсан навчны гадаргуу дээр өндөглөнө. Эрэгчин нь үржлийн үедээ дөрөв хүртэлх өндөг гарах хэмжээний үр цацдаг. Цайвар өнгийн, 19-28 ширхэг үр хөврөл хэдэн өдрийн турш бойжсоны эцэст цацагдан гарч,  үржих үйл явц цааш үргэлжилнэ.
The eggs of a Wiley’s glass frog hanging on the tip of a leaf.

7.

  • Үерт автсан арлаас анааш аварсан нь. Эми Витал, арванхоёрдугаар сарын 3, Кени. Ротшильдийн анааш нь хойд бүсийн анаашийн дэд зүйл бөгөөд нэн ховордсон амьтдын ангилалд багтдаг. Анааш хуурай газрын  хамгийн өндөр хөхтөн амьтан. Харин Ротшильдийн анааш нь тэдэн дундаа хамгийн өндөр, зургаан метр хүртэл өснө. Нэгэн үе хойг байсан Лонгичаро аралд сүүлийн 10 жилийн хугацаанд Баринго нуурын усны түвшин нэмэгдсэнээр усаар хүрээлэгдэн арал болжээ. Хур тунадас их хэмжээгээр орох үед үер бууж, усанд автсан аралд есөн анаашид живж үхэх аюул нүүрлээд байв. Нутгийн оршин суугчид, Кени Улсын Зэрлэг амьтдыг хамгаалах алба зэрэг байгаль хамгаалагчид  хамтран сал барьж, усанд автсан аралд боогдсон анаашуудыг авран, хамгаалалтын газар руу аваачжээ.
A giraffe being rescued from a flooding island.

8.

  • Тахлын үеийн тагтаа ба хайрын түүх. Жаспер Доест, Нидерланд. Цар тахалдэгдсэний улмаас хөл хорио тогтоосон үед Олли, Долли хэмээх хос зэрлэг тагтаа гэр зурагчны гэр бүлийг өдөр бүр “эргэн” хотын дунд хоригдсон байлаа ч хүмүүс эх дэлхий, байгаль, ан амьтантай ойр байж болохыг мэдрүүлж байв. Зэрлэг тагтаа нь далайн хавцал, ууланд амьдардаг ч хотын өндөр барилга байгууламжийг хадан хясаа хэмээн орлуулан Антарктидаас бусад бүх тивийн олон зуун сая хүнтэй хотод идээшин амьдарчээ. Энэхүү тагтаа нь одоогоор 5-6 мянган жилийн тэртээ хүн гаршуулсан анхны шувууд байлаа. Тэднийг хүмүүс хооллож, үржүүлж, зурвас, захиа зөөлгөж байсан анхны шууданчид билээ.
A pair of feral pigeons befriends a family isolated in their apartment in the Netherlands.

Хөрөг

1.

  • Дэргэд. Алиса Мартынова, Итали. Гэрэл зурагч Африкаас Италид ирж суурьшсан нэг сая гаруй цагаач иргэний уугуул нутаг, зан авир, дүр төрхийг харьцуулан дэлгэсэн нь энэ. Тэд бүгдээрээ өөр өөр шалтгаанаар Итали руу ирсэн. Олон улсын цагаачдын байгууллагаас 2016 онд гаргасан судалгаагаар эдийн засгийн шалтгаан, ажиллах нөхцөлөөс гадна аюулгүй байдал, зөрчил мөргөлдөөн, ялгаварлан гадуурхалт нь цагаачлалын гол шалтгаан болж байгааг онцолсон. Судалгаанд оролцсон хүмүүсийн бараг тал хувь нь нийгмийн бүлгийнхээ хувьд шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа болон бусад шалтгаанаар  ялгаварлан гадуурхагдаж байна.  2020 оны аравдугаар сард Италийн Засгийн газар Дотоод хэргийн сайд асан  Маттео Сальвинигийн нэвтрүүлсэн цагаачлалын эсрэг бодлогыг хүчингүй болголоо.
Two young African immigrant girls in Italy.

Спорт

1.

  • Дугуйн уралдааны үеэрх осол. Томаш Марковский, наймдугаар сарын 5, Польш. Голландын дугуйчин Дилан Гриневеген барианд орохоос хэдхэн метрийн зайд эгнээнээсээ хазайж, баруун талын хаалт руу чиглэн унасны улмаас багийн гишүүн Фабио Якобсен хаалт дээгүүр давж осолджээ. Тэд  хоёулаа тэргүүн байрын төлөө өрсөлдөж байсан бөгөөд цагт 80 км хурдалж байв. Якобсен хүнд гэмтэл авч, таван цаг үргэлжилсэн хагалгаанд орж, долоо хоногийг эрчимт эмчилгээнд өнгөрөөжээ. Харин Гриневегений эгэмний яс хугарсан бөгөөд тэрбээр тэмцээнээс хасагдаж, Дугуйчдын олон улсын холбоо түүнийг (UCI) -ээс есөн сарын хугацаагаар түдгэлзүүлжээ. Эхний шатан Якобсен тэргүүн байр эзлэв.
A Dutch cyclist crashes before the finish line, after colliding with a team member

2.

  • Модонд дээгүүр авирсан нь. Жаспер Доест, есдүгээр сарын 15, Герман. Боулдеринг нь  ямар ч бэхэлгээ, олсгүйгээр ихэвчлэн зургаа хүртэлх метр өндөртэй чулуулаг гадаргууд авирахыг хэлнэ.  Уулын спортын бэлтгэлийн нэг төрөл байсан боулдеринг нь өдгөө спортын бие даасан төрөл болон хөгжсөн түүхтэй. Мюнхен хотын уулын спорт, авирах бэлтгэлийн танхим, сургалтын төвүүд хөл хорионы улмаас хаагдсан тул тамирчид бэлтгэлээ ийнхүү үргэлжлүүлсэн. Асуудалд бүтээлчээр хандах гэдэг энэ шүү дээ.
A man climbs a long pile while training for bouldering.

Онцлох мэдээ

  • Миннеаполисын үймээн. Жон Мончилло, АНУ. Жорж Флойд хэмээх 46 настай, хар арьс эр тавдугаар  сарын 25-нд Миннесота мужийн  Миннеаполис  хотод цагдаа нарт баривчлагдаж байхдаа нас барсан. Флойдын хүзүүн дээр өвдөглөсөн цагдаагийн офицер Дерек Шаувины бичлэгийг дөрөв хоногийн дараа цахим орчинд цацсаны дараа түүнийг  хүн амины хэрэгт буруутгажээ. Миннеаполис хотод төдөлгүй эсэргүүцлийн жагсаал болж, Америк даяар, бусад улс оронд арьсны үзлийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөсөн билээ. Флойдыг нас барсны маргааш олон мянган хүмүүс түүнийг баривчилсан газарт цугларч, тайван жагсаал хийсэн. Хот даяар болж буй өдрийн жагсаал тайван байсан ч шөнөөр дээрэм тонуул, эмх замбараагүй байдал газар авч, олныг хамарч эхлэв. Тавдугаар сарын 28-нд Үндэсний гвардийг хөдөлгөн, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байлаа. Цагдаа нар хар арьстнуудад шударга бус ханддаг, ялгаварладаг, эрхийг нь ноцтойгоор зөрчдөг тогтолцооны хариуд иргэд ийнхүү эсэргүүцсэн нь ойлгож болох зүйл байсан юм.  Улмаар дараачийн саруудад Америкийн 150 гаруй хотод томоохон эсэргүүцлийн жагсаал  өрнөсөн нь 1960-аад оны иргэний эрхийн эсэргүүцлээс хойш өнөөг хүртэл сонсогдоогүй шударга ёсны төлөөх тэмцэл, дуу хоолой байлаа. Зургадугаар сард дөрвөн өөр агентлагийн явуулсан санал асуулгаар АНУ даяар 15-26 сая хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсон нь Америкийн түүхэн дэх хамгийн том хөдөлгөөн болжээ. Мөн “Харуудын амь нас үнэ цэнэтэй”(BLM) хөдөлгөөнийг дэмжсэн жагсаал дэлхийн 60 орчим орны 2000 гаруй хотод болсон билээ.
National Guard agents patrolling a black neighborhood during BLM protests

Эх сурвалж: Forbes

1 сэтгэгдэл

  1. Avatar

    h

    2021-03-13

    habibi tuuh bol super

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet