3 сарын 6, Бямба
ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-ын Техас мужид хөлдөж амиа алдсан хүүхдийн эцэг эх 100 сая ам.доллар нэхэмжлэв

АНУ-ын Техас мужид хөлдөж нас барсан хүүхдийн эцэг эх мужийн эрчим хүчний ERCOT (Electric Reliability Council of Texas) компаниас 100 сая ам.доллар нэхэмжилжээ. Гэрт нь цахилгаангүй, халаалт тасарсны улмаас хүү гэртээ хөлдөж нас барсан бөгөөд үүнд мужийн эрчим хүчний хэрэглээний 90 хувийг хангадаг ERCOT компанийг буруутай гэж эцэг эх нь үзэж байна.

“ERCOT болон орон нутгийн цахилгаан түгээх “Entergy” компани цаг агаар муудаж, хүйтэрнэ гэдгийг мэдэж байсан. Мужийн эрчим хүч, цахилгаан түгээх сүлжээнд 10 жилд байгаагүй ачаалал үүснэ гэдгийг ч тааварлаж болохоор байсан. Гэтэл тэд ямар нэгэн арга хэмжээ аваагүй, үүсэж болох нөхцөл байдлыг үл тоосон” гэж нэхэмжлэлд онцолжээ.

Түүнээс гадна цахилгаан, халаалт хэд хоногийн хугацаанд тасарна гэдгийг ERCOT оршин суугчдад анхааруулаагүйг талийгаач хүүгийн эцэг эх мэдэгдсэн. Ямар нэгэн анхааруулга, мэдэгдэл гаргаагүй учир олон хүн юу хийхээ мэдээгүй, тулгамдсаныг тэд нэхэмжлэлдээ дурджээ. ERCOT компанийнхан хүүгийн эцэг эх, гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлж, хүлцэл өчөөд байна.

Техаст цасаар шуурч, цочир хүйтэрсний улмаас цөөнгүй хүн амиа алдаж, цахилгаан, дулааны хангамж тасалдан, хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэж, шатахууны үнэ өсөөд буй. Хүнд нөхцөлд байгаа иргэдэд анхан шатны тусламж үзүүлэх, хүнс, цэвэр ус, халаагуур, дулаан хөнжил тараах шийдвэрийг Ерөнхийлөгч Жо Байден гаргаад байна.

Эх сурвалж: ABC news

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet