3 сарын 6, Бямба
LIFE STYLE

ГУРАВХАН АСУУЛТ: Ш.Гүрбазар, С.Гантогоо, Б.Алтанхуяг, С.Баттулга

Дэлхийг хэрсэн коронавириусийн халдварын уршгаар бид гэр, гэртээ хоригдож, “завтай” болов. Энэ хэрээр чөлөөт цаг нэмэгдэж, үүнийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ гэдэг нь толгойны өвчин болж байна. Мэдээж бид гарц, шийдлийг нь ч олж байна.

Зөвхөн залуус ч гэлтгүй хүмүүс нас харгалзахгүй онлайн хичээл, сургалт, гадны хөтөлбөрт хамрагдан мэргэжил дээшлүүлж, гадаад хэлний мэдлэгээ сайжруулахын зэрэгцээ ажлаас шалтгаалж уншилгүй орхисон номынхоо хуудсыг эмрэх таашаалыг эдэлсээр.

Ямар ч цаг хугацаанд уншигчийн сонголт нийгмийн толь байдаг гэдэг. Ингээд номын тухай “ГУРАВХАН АСУУЛТ“-нд тэд хэрхэн хариулсаныг уншаарай.

Энэ удаагийн зочид зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, дуучин мэргэжилтэй эрхмүүд байлаа.

1.

-Та 2020 онд ямар ном (номнууд) уншсан бэ?

2.

Энэ номыг яагаад сонгов. Уншиж дууссаны дараах сэтгэгдэл?

3.

2021 онд уншихаар тоочиглосон, уншиж эхэлсэн ном?

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.ГҮРБАЗАР

ХАРИУЛТ 1: -Улирсан онд Фёдор Михайлович Достоевскийн “Газар доороос бичсэн тэмдэглэл” зохиолыг уншлаа.

ХАРИУЛТ 2: -Достоевскийн маш олон алдартай бүтээлүүд бий. “Гэм зэм”, “Солиот”, “Албингууд” гээд. Энэ дундаас “Газар доороос бичсэн тэмдэглэл” нь маш алдартай сэтгэл зүйн роман л даа.

ХАРИУЛТ 3: -Энэ жил ерөнхий сайд асан Агданбуугийн Амар гуайн түүхийг нэлээд сайн судалж уншихаар ном сэтгүүл эргүүлж сууна. Энэ хүн Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга зэрэг төрийн өндөр албан тушаалд ажиллаж байгаад 1939 онд баривчлагдаж, 1941 онд ЗХУ-д хүргэгдэн Москва хотод цаазаар авхуулсан түүхтэй.

Дуучин С.ГАНТОГОО

ХАРИУЛТ 1: -2020 онд төдийлөн олон ном уншиж чадсангүй. Харин Фредрих Харений “СЭТГЭХ УРЛАГ” номыг эх хэлнээ шимтэн уншлаа.

ХАРИУЛТ 2: -Сэтгэх урлаг. Энэ сэдэв миний сонгох шалтгаан болсон. Хүн өөрийн бодол санаагаа цэгцэлж, хөгжүүлж, санаж төлөвлөсөн зүйлээ хийж чаддаг болоход, мөн зоригоо чангалах, зорилгоо бодит ажил хэрэг болгох тухай өгүүлсэн маш сайхан бүтээл байсан шүү.

ХАРИУЛТ 3: -Шинэ оныг бид хөл хорионы дэглэм дор угтсан болохоор ном унших цаг хангалттай гарч байна. Тиймээс Оливия Фокс Кабейнийн зохиол “Харизм” номыг хүргэлтээр авч, эхлүүлсэн. 2021 оны анхны ном энэ боллоо.

МОНЦАМЭ агентлагийн Урлаг соёлын албаны тоймч, “Алтан-Өд 2020” наадмын шагналт зохиолч Б.АЛТАНХУЯГ

ХАРИУЛТ 1: -Монгол хэл дээр гарсан зохиолчдын бүтээлээс гадна, орчуулгын уран зохиолын номнууд уншсан. Хан Бён Чоль “Тамирдсан нийгэм”, Мо Янь “Туужис”, Айтматов “Чингисийн цагаан үүл”, Шафак “Хайрын дөчин дүрэм”, Дюрренматт “Амлалт”, А.Баатархуяг “Цогт чандманийн эрэлд”, Д.Батбаяр “Навчисын хүүрнэл”, Питер Морроу “Миний монгол”. Энэ дундаас Хомэрийн “Одиссэй”-г онцлон нэрлэж болно.

ХАРИУЛТ 2: -Хомэрийн энэ алдартай туульс эртний грекийн домог зүй, нарийн нандин зүйлсийг, хүн төрөлхтний урлагийн бүхий л төрөлд үлэмж нөлөө үзүүлсэн сор зохиол билээ. Үүнийг эх хэлээрээ унших нь бахдам сайхан байлаа. Нөгөөтэйгүүр баатарлаг туульсаас ялгаатай нь “Одиссэй”-д хошин өнгө аясыг түлхүү шигтгэж өгснөөс гадна үлгэр домгийн асар баян өгүүлэмжээр бусдаас ялгардаг учраас сонгосон.

Дээрх бүтээлийг уншаад эх хэлнийхээ баян тансагийг, орчуулагч Д.Цахилгаан гуайн ур ухааныг биширсэн. Монгол хэлнээ “Одиссэй”-г орчуулахдаа “дуулал” хэмээх үгийг “хайлаан” болгож буулгасан нь туйлын оновчтой сонголт шиг санагдсан. Учир нь монголчууд их хөлгөн туульс уянгалуулан дуудахыг “тууль хайлах” гэж нэрлэдэг шүү дээ. Мөн Одиссэй эх нутаг, эхнэрээ эргүүлэн авч өндөр сэнтийдээ залрахын өмнө өчнөөн их хядлага хэрцгийлэл болдог. Нэг ёсондоо нар жаргаад буцаж манддаг шиг бүх зүйлс сүйрэн унасны дараа дахин шинэ иргэншил бий болж байгаа юм. “Биовүлф” туульсд мөн “Иргэншил оршихын тулд үхэлтэй нүүр тулах шаардлагатай” хэмээсэн байдаг. Туульсийн хамгийн гол санаа нь энэ байсан болов уу.

ХАРИУЛТ 3: -Яг одоогоор Ф.М.Достоевскийн “Кармазовын хөвүүд”, “Гэмт хэрэг ба ял шийтгэл” романуудыг шинээр орчуулагдсан хувилбараар уншиж байна. Мөн Мө Янийн “Мэлхий”, Алисоны “Зохиолчид ба тэдний муурнууд”, Эдгар По “Мари Рожерийн нууц” зэрэг номуудыг нэн түрүүнд уншихаар тоочиглосон байгаа.

Улсын филармонийн дарга С.БАТТУЛГА

ХАРИУЛТ 1: -Өнгөрсөн жил нилээд хэдэн ном уншсан. Хамгийн сүүлд яруу найрагч Ганболдын Баярын “БУГЫН ТОЛГОЙТЫН ГАРАМ”-ыг уншлаа.

ХАРИУЛТ 2: -Энэ номноос утга зохиол, яруу найргаас өөр хэнээс ч юунаас ч ойлгож авч чадахааргүй тийм нэг ухаарал, урам зориг авдаг.

ХАРИУЛТ 3: -Уншихаар төлөвлсөн нилээд хэдэн ном бий…

………………………

ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭЭРЭЙ.

3 сэтгэгдэл

  1. Avatar

    zulka

    2021-01-30

    my crushhhh, gantooo

    • Avatar

      Mu Mu

      2021-01-30

      Krantiniig ur uguujtei unguruulj bgan bna. Odessey unshih yumsan

  2. Avatar

    Нямка

    2021-02-03

    Нас насны сонголтууд өөрнь ч өөр юмаа

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet