10 сарын 21, Лхагва
ЗУРАГТАЙ ЗУРВАС

Ерөнхийлөгч өө, Та өнөөдөр гэр бүлийн, хүүхдийн хүчирхийллийн асуудалд СОХОР, ДҮЛИЙ хандлаа

Гэрэл зургийг MPA.mn


УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож, бүх хэвлэл мэдээллийн байгууллага шууд дамжууллаа. Өөрөөр хэлбэл, танхимд үг хэлсэн хэний ч үгийг хүссэн хүсээгүй бүх салбар, шатны удирдлага чих тавин сонсов. Бас ард иргэд…

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та чуулганы нээлтэнд хэлсэн үгэндээ эдийн засаг, төсөв мөнгө, импорт экспорт, мал аж ахуй тэр ч байтугай Дархан-Уул, Орхон аймгийн хөгжлийн түүхийг хүүрнэн өгүүллээ. Харамсалтай нь таны энэ өргөн мэдэгдэл дунд ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ТЭР ДУНДАА ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН АСУУДАЛ, үүнд анхаарал хандуулах тухай, хойд эцэгтээ зодуулж амиа алдсан болоод бусармаг хүчирхийлэл амсаж амь тавьсан есхөн настай охидын тухай ганц ч үг, өгүүлбэр багтсангүй.  

Өрх гэрээр төсөөлбөл, Ерөнхийлөгч та энэ улсын аав нь биш үү. Таны хайрлан хамгаалж, халамжлан бөөцийлөх ёстой, үүрэгтэй бяцхан үрс зуурдаар амиа алдаж байхад та чуулганы индэр дээрээс УИХ-ын гишүүдийнхээ уйдсандаа хэлсэн, хийх ажилгүйдээ санаачилсан гэмээр дээлийн хээ, архины савлагааны яриаг санан, санан байж өндөр индэр дээрээсээ дурслаа, түүнийг чинь цөм сонслоо.

Нийгэмд шуугиан тарьсан энэ мэт хэнд ч хэрэггүй асуудлыг та мартаагүй атлаа нийгмийг цочирдолд оруулсан, олон мянган ээжүүдийн зүрх сэтгэлийг урсан гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийллийн асуудалд СОХОР, ДҮЛИЙ хандлаа. Итгэж чадахгүй юм… Энэ үйлдлээрээ Ерөнхийлөгч та Монгол Улсад хүүхэд гэдэг малнаас дор болсоныг өөрийн биеэр үлгэрлэн нотоллоо.

Та түрүүн хэлсэн “Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцэлд нэг алхмын ч ухралт байх ёсгүй гэж иргэд захиж байна” гэж. Уучлаарай, энэ захиасыг та дамжуулах эрхгүй гэж бодож байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш