10 сарын 27, Мягмар
ЯРИЛЦЛАГА

О.Анужин: Тайзан дээрээ бүжиглэж, үзэгчдийг баярлуулах нь надад илүү үнэ цэнтэй

Өдгөө 25-хан настай ч алдар хүндийн оргилд гялалзан, Монголын балетын урлагийг өнгөлж яваа бүсгүй бол О.Анужин. Түүний алдар хүнд Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч,  Монгол Улсын cоёлын элч, Гавьяат жүжигчин зэргээр тасралтгүй үргэлжилнэ. Гэр бүл, ойрын хамаатан дунд нь нэг ч урлагийн хүнгүй есөн настай охин нэг л өдөр балетчин болох зоримог шийдвэр гаргасан юм. Тэрхүү шийдвэртээ үнэнч байж, зорилгынхоо төлөө хичээнгүйлэн зүтгэсээр үзэгчдийн халуун алга ташилт, хүндэтгэл дунд хун шиг дүүлж яваа нь энэ. Түүний амьдралын замнал, хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцлаа.

……………………………………………..

-Есхөн настайдаа ирээдүйн мэргэжлээ сонгож, ээж, аавыгаа ятган зөвшөөрүүлж чадсан гэхээр хэрсүү хүүхэд байсан бололтой. Плехановын нэрэмжит орос сургуульд сурдаг байсан юм билээ. Хөгжим бүжгийн коллеж руу шилжихэд найз нөхдөөсөө холдох, шинэ орчинд дасах хэцүү байсан уу?
-Би бүжиглэх дуртай, сэргэлэн охин байсан. Олон нийтийн ажилд идэвхитэй, анги хамт олонтойгоо найрсаг. Орос сургуулиас Монгол сургууль руу шилжих хэцүү байсан. Яагаад гэвэл, Монгол сургуулийн хичээлийн программ их хурдацтай. Хуучин сургууль маань нэг сэдвийг хүүхдүүдийг бүрэн ойлготол, удаан давтаж ордог. Мөн цэцэрлэгээсээ  тавдугаар анги  хүртэл орос сургуульд сурч, ихэвчлэн оросоор ярьдаг байсан учраас өөрийгөө ойлгуулахад бага зэрэг хүндрэлтэй байсан. Мэргэжлийн хичээлийн хувьд бүгд эхлэн суралцаж байгаа учраас бусадтайгаа ижилхэн суралцаад явна. Манай ангийнхан 11, 12 настай, би 10 настай байлаа. 

-Хөгжим бүжгийн коллежид элсэхэд олон төрлийн шалгалт өгдөг байх. Хэдий дур сонирхолтой ч бяцхан охинд олон шалгалт өгөх хэцүү байсан болов уу?
-Эхлээд ерөнхий эрдмийн болон мэргэжлийн шалгалт өгнө. Хэрвээ тэнцвэл бэлтгэл ангид суудаг. Түүний дараа ахиад шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд элсэх учиртай. Тухайн үед яавал зөв, бурууг нь мэдэхгүй учраас өөрийн чадах зүйлээ л хийж үзүүлсэн. Мэргэжлийн багш нар бие бялдар, сонсгол зэргийг өндөр түвшинд шалгадаг. Намайг эхний удаа “Боломжийн” гэж үзээд тэнцүүлсэн. Харин бэлтгэл ангид суусны дараа сурсан зүйлээ шалгуулж байгаа учраас тийм ч хэцүү санагдаагүй.

-Эцэг, эхчүүд хүүхдээ урлагийн хүн болъё гэхэд тийм ч дуртай хүлээж авдаггүй санагддаг. Ялангуяа өөрсдөө урлагийн мэргэжилтэй биш бол.  Харин таны аав, ээж охиныхоо хүсэл мөрөөдлийг дэмжжээ?
-Аав, ээж хоёр маань намайг үргэлж дэмжсээр ирсэн. Мөн би бодож, санаж байгаагаа тэдэндээ сайн хэлж, зөвлөлддөг. Ганцаараа бодоод, шаналаад явалгүй, аав ээжтэйгээ хэлэлцэж, ярилцаад шийддэг учраас ажил үйлс маань бүтэмжтэй байдаг болов уу. Багадаа аавын амин охин байсан. Харин том болох тусмаа ээжтэйгээ илүү дотно болсон. Ижилхэн эмэгтэй хүн учраас үзэл бодол, сонирхол ойролцоо. Ээжтэйгээ найзууд шиг л байдаг.

-Хэрвээ балетчин болоогүй байсан бол гэж  бодож үзсэн үү?
-Олон улсын харилцааны чиглэлийн мэргэжил эзэмших байсан болов уу. Бас жаахан бондгор охин байх байсан юм шиг санагддаг. /инээв/

-Яагаад?
Яагаад гэвэл, би амттанд дуртай, хоолны дуршил өндөртэй. Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад жингээ барих ёстой учраас хоолоо хянаж сурсан. Хэдийд ямар хэмжээгээр, яаж  хооллох вэ, хэзээ жаахан тэнхээ авах ёстой вэ гэдгээ мэддэг болчихсон. Ер нь жин багатай байвал өөрт болоод хамтрагчид маань ч амар. Бас гоозүйн урлаг учраас харагдах байдлаасаа ч гоё. Жингээ барьж байгаа нь энэ гээд шаардлагатай амин дэмээ авахгүй, ядарч болохгүй. Тийм учраас сайн уншиж судалж, зохистой хооллолтын тухай мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн ачаалал ихтэй үед алсуураа турчихдаг.

-Балетчин хүн  өдөрт хэчнээн цагийн бэлтгэл хийдэг вэ. 10 настайгаасаа хойш өдөр бүр бэлтгэл хийсэн гэхээр таны амьдралын ихэнхи цаг бэлтгэлийн зааланд өнгөрчээ?
-Тавигдаж буй жүжгээс шалтгаалаад ачаалал, бэлтгэлийн цаг өөр.  Бас хувийн бэлтгэл өөр. Театр ажлын найман цагтай. Энд үндсэн бэлтгэл болон ажлаа хийнэ. Мөн хувь хүн өөрийгөө хөгжүүлэх үүднээс хувийн бэлтгэл хийдэг. Тэгэхээр хүн бүрийн бэлтгэлд зарцуулах цаг адилгүй. Миний хувьд сүүлд нэг илтгэл тавих гээд цаг зарцуулалтаа тооцож үзэхэд 20 гаруй мянга болж байсан.

Соён гэгээрлийг түгээнэ гэдэг хамгийн азтай хүмүүсийн хийдэг ажил гэж боддог.

Ер нь ямар нэг зүйлд амжилт гаргахыг хүсэж байгаа бол түүндээ бусдаас илүү цаг гаргах хэрэгтэй. Тэр тусмаа балетын урлаг нарийн мэргэжил учраас цаг их зарцуулна. Гэхдээ ганцхан дасгал хөдөлгөөний бэлтгэл хийгээд сайн бүжигчин болохгүй. Тухайн жүжиг, дүрийнхээ талаар судалж, хөдөлгөөнөө тархиндаа давтаж, хөгжмөө байнга сонсох нь чухал. Жүжгээсээ холдож болохгүй. Түүгээр оюун тархиа дүүргэж, амьсгалж, өдөр бүр давтаж гэмээнэ сайн жүжиг гарна.

-Энэ хүртэл алхахад шантрах үе бишгүй л таарсан байх. Тэр бүхнийг хэрхэн даван туулсан бэ?
-Хүн л болсон хойно шантарна. Огт шантардаггүй хүн гэж юу байх вэ. Би шантралыг нэг шат ахих алхам гэж боддог. Хэрвээ шантраад л буугаад өгчих юм бол доошоо уруудна. Харин давж чадвал нэг шат дээшээ алхана. Тиймээс зорьсон зүйлдээ хүрэхийн тулд ямар ч бэрхшээлийг зөв аргаар даван туулахыг хичээдэг. Сэтгэлзүйн хувьд өөрийгөө бэлдэнэ. Асуудлыг олон талаас нь эргэцүүлж бодно. Өөртэйгөө ярилцана. Мөн гэр бүл, багш нар, хайртай дотнын хүмүүсээсээ тусламж авдаг. Зөвлөлдөж гаргасан шийдвэр хамгийн зөв байдаг шүү дээ.

-Оюутан байхдаа хувийн сургуульд багшилдаг байсан гэж сонссон. Одоо багшлах  санал  ирж байна уу?
-Ирнэ ээ. Гэхдээ би одоохондоо багшлах сонирхолгүй байгаа. Яагаад гэвэл багш маш хариуцлагатай, хэцүү ажил. Хүүхэдтэй ажиллах гоё л доо. Гэхдээ амаргүй. Одоогоор би бүжиглэхдээ цаг зарцуулах шаардлагатай байна. Театрт бүжиглэнгээ, давхар багшлахаар их ядардаг. Тэгэхээр үр дүнтэй багшлах боломжгүй. Цаг нь болохоор багшлах л байх. Тэр хүртэл сайн бүжиглэх, өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байна. Тайз гэдэг маш аугаа. Тайзан дээр гарахад танхим дүүрэн үзэгч суучихсан, бидний тэдэнд зориулсан үзүүлбэрийг сэтгэл догдлон хүлээж суух нь гоё.

-Бүтээсэн дүрүүдээс нь хамгийн хэцүү нь аль байв?
-Бүгдээрээ л хэцүү. Яагаад гэвэл дүр болгон өөрийн гэсэн онцлогтой. Тэднийг бүтээхийн тулд өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Жишээлбэл, Хунт нуур дээр хун шувуу болох хэрэг гарна. Тэр гоёмсог шувууг тайзан амилуулна гэдэг асар өндөр мэдрэмж шаарддаг. Надад Жизель, Ромео Жульетта гэх мэт жүжиглэлттэй балетууд онцгой санагддаг.  Өнгөрсөн  жилийн тавдугаар сард анх удаа Жульеттад тоглосон. Арван хэдтэй жаахан охин. Гэхдээ хоёрхон цаг үргэлжлэх жүжгийн хугацаанд хэн нэгнийг жинхэнээсээ хайрлан, түүнийхээ төлөө амиа өгөх хэмжээнд өсөж томордог. Үг хэлэхгүй, үйл хөдлөлөөрөө тэр бүхнийг илэрхийлэх амаргүй. Жүжиглэлт ихтэй, гараа олонтой. Маш их судалгаа хийж, уншиж, багш нараасаа зөвлөгөө авсан. Мэдээж зорьсон зүйлийнхээ ард гарах үеийн мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй.

-Авьяаслаг, залуу бүжигчинд гаднын театр, балетын компаниудаас хамтран ажиллах санал, урилга их ирдэг байх?
-Тэмцээн уралдаанд оролцож байхад хамтран ажиллах санал нэлээд ирдэг. Гэхдээ би гэрийнхэнтэйгээ хамт байх дуртай. Туршлага судлах, сайжрах зорилгоор богино хугацаагаар яваад ирэх бодол бий. 

-Мэргэжлээрээ арван жил ажилласан гоцлол бүжигчний хувьд Монголын балетын урлагийн хөгжлийг хэрхэн үнэлдэг вэ?
-Манай бүжигчид үнэхээр сайн. Дэлхийн хаана ч гологдохгүй, ур чадвартай. Үзэгчдийн соёл, хандлага ч жилээс жилд сайжирч байгаа. Гагцхүү манайд ажиллаж, амьдрах нөхцөл гаднын том компаниудтай харьцуулахад тааруу. Мэргэжлийн бүжигчдийн ажлын орчин, нөхцөл гэдэг их чухал. Тодруулбал,  бүжигчин гэмтсэн тохиолдолд шууд хөлдөөдөг аппарат, массажист, эмч хэрэгтэй. Мөн фитнессийн өрөө, хэд хэдэн бэлтгэлийн заалтай байх, заал нь тайзтайгаа ижил хэмжээтэй байх хэрэгтэй. Тэгж байж бүжигчдийн амьсгаа задардаг гэх мэт асуудал бий. Одоо Соёлын яамтай болчихлоо. Цаашдаа улам хөгжих, уран бүтээлчдийн орчин нөхцөл сайжирна гэдэгт найдаж байна.

-Манай бүжигчид олон улсын фестиваль, уралдаанд их оролцдог болжээ. Төр, засгийн зүгээс дэмжлэг хэр байдаг юм бол?
– Ихэвчлэн хувиараа оролцдог. Тухайн тэмцээнд оролцох хүсэлтээ гаргана. Урьдчилсан шатны шалгаруулалт нь бичлэгээр байвал бичлэгээ илгээнэ.  Дараагийн шатанд тэнцсэн тохиолдолд театраасаа чөлөө аваад, өөрсдөө зардлаа гаргаад явдаг. Өндөр хөгжилтэй орнууд бол бодлогоор дэмжиж, багаар нь оролцуулдаг. Манайд тийм цаг удахгүй ирэх байх.  Хүсэл, тэмүүлэл дүүрэн залуучуудаа дэмжээсэй гэж хүсдэг. Уран бүтээлчид маань өөрийгөө улам бүр хөгжүүлэх, улс орныхоо нэрийг өндөрт өргөх гэж хичээж яваа.

-Таны амьдралын хамгийн дурсамжтай үеийн нэг МУГЖ цол хүртсэн үе байх. Баярлаж, омогшсон хүн олон. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр “23-хан насандаа төрийн шагнал авлаа” гэх хүмүүс ч байсан. Энэ бүхнийг хэрхэн хүлээж авсан бэ?
-“Амжилтад хүрсэн эмэгтэй хүн заавал хэн нэгнээс маш их дэмжлэг туслалцаа авсан байх ёстой. Харин эрэгтэй хүн бол өөрөө хөдөлмөрлөж яваад л амжилтад хүрдэг” гэх хэвшмэл ойлголт нийгэмд бий  болчихсон нь харамсалтай. Гэхдээ хүн даваад гардаг л юм билээ. Ер нь нэг их ач холбогдол өгөөгүй.  Миний хувьд хэл аманд харьцангуй бага өртсөн. Мянга дотор нэг сөрөг хүн байх шүү дээ. Түүнээс маш олон хүн баяр хүргэж, урамшуулсан. Ирээдүйд төрөх залуухан, авьяаслаг охид бүсгүйчүүд ийм сэтгэлзүйн дарамттай бүү тулгараасай  гэж бодсон.

-Шагналаа авахаас өмнө нь гавьяат жүжигчин болно доо гэж боддог байв уу?
-Эмээ маань намайг бага байхын л “Миний охин гавьяат жүжигчин болно” гэдэг байсан. Аливаа юманд амны бэлгэ, ерөөл гэж байдаг даа. Тийм болохоор шагналаа авахад надад их дотно, хэзээний танил юм шиг санагдаж байсан. Түүнээс би гавьяат болох ёстой гээд дан ганц одон медалийн төлөө л зүтгэсэн юм байхгүй. Би эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, илүү сайн хичээж, салбартаа чадах бүхнээ зориулж яваа уран бүтээлч.

-Манай уншигчдад гэр бүлийнхээ хүнийг танилцуулбал?
-Манай хүнийг Мөнхбаясгалан гэдэг. Хөгжим бүжгийн коллежийн циркийн ангийг төгссөн учраас бид өмнө нь ч биенээ мэддэг байсан. Одоо Дэлхийн цирк буюу Нарны циркт акробат хариуцсан багшаар ажилладаг. Дэлхийг тойрон аялан тоглолт хийдэг, хэр баргийн хүн тэнцэж чаддаггүй компанид ажиллаад, багшлаад 12 жил болж байгаа мундаг залуу бий. Коронавирусийн улмаас одоогоор эх орондоо амарч байна. Сургуулиа төгссөнөөсөө хойш гадаадад амьдарч байгаа. Энэ жил анх удаа эх орондоо зусаж байна даа.

-Авьяаслаг бүсгүйд сэтгэлээ илчлэх залуус өчнөөн байсан нь маргаангүй. Нөхрийнх нь юу таны сэтгэлийг булаасан бэ?
-Манай хүн их түшигтэй,буурь суурьтай. Ямар нэг хиймэл зангүй, байгаа юмыг байгаагаар нь хэлдэг. Тэр зан чанар нь маш их таалагдсан. Бас их хөөрхөн инээдэг. Мөн урлагийн хүн учраас намайг маш сайн ойлгож, дэмждэг. Урлагийн хүний амьдрал хэцүү шүү дээ. Улс даяар амраад бүх айл халуун ам бүлээрээ сууж байхад түүний ажлаа хийж байдаг. Би ч гэсэн ажлыг түүний нь ойлгохыг хичээдэг.

-Бидэнтэй цаашдын зорилгоосоо хуваалцвал?
-Балетын урлаг өөрийн гэсэн цаг хугацаатай. Тэгэхээр одоо надад 10 жил үлдэж. Энэ богинохон хугацааг тайзан дээр өнгөрүүлэхийг хүсэж байна. Тайз гэдэг дэндүү гайхамшигтай. Одоо ч би тайз руу гарахдаа сандарч, догдолдог. Тэгж байж адреналин маань өндөр болж, хурдацтай ажиллаж эхэлдэг. Тайзан дээрээ бүжиглэж, үзэгчдийг баярлуулах нь надад илүү үнэ цэнтэй. Тайзнаас буусны дараа багшлах ч юм уу эсвэл салбарынхаа төлөө юу хийж болох вэ тэр бүхнийг хийнэ дээ. Соён гэгээрлийг түгээнэ гэдэг хамгийн азтай хүмүүсийн хийдэг ажил гэж боддог.

-Сүүлийн жилүүдэд хүүхдээ балетаар хичээллүүлэх сонирхолтой эцэг, эхчүүд олширчээ. Хэзээнээс эхэлж, хаана сургах, юуг анхаарах гэх мэт асуудалд хариулт хүлээж суугаа хүн олон байх?
-Балетчин гэдэг бол  10 наснаасаа эхлээд бүх зүйлийг сурдаг нарийн, нэр хүндтэй мэргэжил. Монгол Улсад мэргэжлийн боловсрол олгодог цорын ганц сургууль бол Хөгжим бүжгийн коллеж. Мэргэжлийн балетчин болгоё гэвэл мэргэжлийн сургуулийг нь л сонгох хэрэгтэй. Гоо зүйн боловсрол олгох үүднээс балетаар хичээллүүлэх бол багш, сургалтын төвөө сайтар судалж, зөв сонгох хэрэгтэй. Балетын урлаг хүнд учраас өвдөг, шагайнаас эхлээд гэмтэх эрсдэлтэй. Гэхдээ хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг заавал сонсож байж шийдвэр гаргаарай.

СЭТГҮҮЛЧ П.ДАВААЖАРГАЛ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш