10 сарын 24, Бямба
НИЙГЭМ

ЕСӨН АЛХАМ: “Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ” аяны агуулга, удирдамж

“Лантуун дохио” ТББ-аас хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ” аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд гаргасан удирдамжны 9 алхмыг танилцуулъя.

…………………………………

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход иргэний, эцэг эхийн хяналт оролцоог нэмэгдүүлэх ХҮН БАЙ аяны агуулга, удирдамж 9 алхмыг танилцуулъя.

Зорилго: Хариуцлагатай иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүчирхийллийг таслан зогсоох, хүүхдэд ээлтэй хөрш, сургууль, гэр бүлийн орчныг бүрдүүлэхэд иргэдийг уриалах, төр иргэний нийгэм, аж ахуй нэгж байгууллагын хамтын ажиллагааг сайжруулахад нөлөөлөх 

Бидний хийж чадах зүйлс: 

1. Хүүхдийн эерэг хүмүүжлийн аргуудыг ашиглаж, хүүхдийн өмнө  зөв үлгэр дуурайл үзүүлдэг байх

2. Томчууд хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж эцэг, эх, багш нягт хамтын ажиллагаатай байж, хоорондын харилцаа холбоог сайжруулах  

3. Бүх төрлийн хүчирхийлэл, хууль бус үйлдлийн хажуугаар чимээгүй өнгөрөлгүй хариуцлагатай, оролцоотой иргэн байж холбогдох байгууллагад ЗААВАЛ мэдээлэх 

4. Хамаатан, садан, айл хөрш эргэн тойрондоо сонор сэрэмжтэй байж хөршийн холбоог сайжруулах, хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх

5. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллага, төр, хувийн хэвшил, иргэдийн нягт хамтын ажиллагааг эхлүүлж олон нийт рүү чиглэсэн олон талт ажлуудыг өөрсдөө санаачлан хэрэгжүүлж, бүх талын хамтын ажиллагааг сайжруулах 

6. Хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж буй ТББ, олон нийт, төр засгийн зүгээс иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын оролцох боломжийг нээж өгч хамтын ажиллагааг сайжруулахад бүхий л дэмжлэгийг үзүүлэх 

7. Жолоо барихдаа хүүхдийг гарцан дээр хүндэлж, дуут дохио дуугаргахгүй утсаар ярихгүй байж хүүхдийн аюулгүй байдлыг үргэлж нэгт тавих

8. Өөрийн амьдарч буй орон нутаг, сум хороондоо ХҮН БАЙ хөдөлгөөнийг эхлүүлж ямар нэгэн бүтээлч алхам хийн бусдад сэрэмжлүүлэг түгээх. Жишээ нь, гудамжны зураг, дуу уран бүтээл, нийтлэл мэдээ … 

9. Хүчирхийллийг шууд таслан зогсооход өөрсдийн хувь нэмрээ оруулж Хүүхдийн утас 108, Хүчирхийллийн эсрэг утас 107 утсыг таниулан сурталчлах, олон нийтэд ач холбогдлыг нь таниулахад хувь нэмрээ оруулах 

Иргэдийн бодит оролцоо, хариуцлагатай байдал, зөв хандлага одоогийн нийгэмд дутагдсаар байна. Хариуцлагатай төр, иргэнийг бий болохыг хүлээн суух биш өөрөөсөө эхлэн хариуцлагатай хувь хүн байж, нийгмийн асуудалд бодитоор дуу хоолойгоо өргөн, хүний эрх тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалан ажиллахад бүхий л хувь нэмрээ оруулах нь хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээхэд том нөлөө үзүүлж байна. 

Хүүхэд ирээдүй биш. Харин ОДОО.
Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ. 
Хүүхдэдээ үлгэрлэн дуурайх хүн нь байя.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш