9 сарын 24, Пүрэв
ХӨНДӨХ СЭДЭВ

“ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ” гэх жүжгийн хөшигний ард…

Гэрэл зургийг MPA.mn

Цэцэрлэг, сургууль зэрэг нэн чухал байгууллагын хүртээмжийн талаар бодохоос ч толгой өвдөм нийслэл хотод нэгэн төрлийн байгууллага булан тохой бүрд бий. Тэрхүү байгууллагын тоо жилээс жилд нэмэгдэж, хэрэглэгчийнх нь хэтэвч улам бүр нимгэрч буй. Тэр байгууллага бол эмийн сан. Тодруулбал, 10 жилийн өмнө улсын хэмжээнд 666 эмийн сан үйл ажиллагаа явуулж байсан бол арван жилийн дотор хоёр мянга хол давж, гурав дахин өссөн байна. Ийнхүү тасралтгүй өссөн дүнгээс харвал, энэ төрлийн бизнес хэчнээн ашигтай байдаг нь илэрхий. 2018 оны байдлаар улсын хэмжээнд 2128 эмийн сан бүртгэгдсэнээс 1024 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байжээ. Үүнд тулгуурлан тооцоолол хийж үзвэл, тун ч сонирхолтой тоо гарна. Улаанбаатар хотод нэг сая 500 мянга орчим хүн амьдардаг гэж үзвэл, 1400 орчим хүнд нэг эмийн сан оногддог байх юм.

Гэтэл энэ оны зургадугаар сарын байдлаар нийслэлийн 152 хороонд 134 Өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж байна. Хөдөө орон нутгийн тухайд дурсаад ч нэмэргүй. Монгол Улсын 330 суманд 39 сум дундын эмнэлэгбий. Хэтэрхий харьцангуй тоо биш гэж үү. Борооны дараах мөөг шиг өнгө алаглуулан хаяг шошгоо тогтоож, хаяа дэрлэн үүд хаалгаа нээсэн эмийн сантай байлаа гээд иргэдийн эрүүл мэнд, өрхийн эдийн засагт эерэгээр нөлөөлдөг үү гэвэл үгүй.

Нийслэлчүүд хэтийдсэн үнэтэй эм хэрэглэсээр өдийг хүрч байна. Таван алхам бүрд таарах эмийн санд нэг ижил төрлийн эм хэд хэчнээн төгрөгийн зөрүүтэй худалдаалагдаж байгаагаас энэ бүхнийг харж болно. Яагаад ижил найрлагатай, ижил үйлчилгээтэй, яг ижил замаар оруулж ирж буй эм харьцангуй өөр үнэтэй байдаг нь сонирхолтой. Учир нь, эмийг импортын үнээс хэд дахин өсгөсөн дүнгээр борлуулдаг бөгөөд өрсөлдөгч компаниа зах зээлээс шахахын тулд хэсэг хугацаанд үнээ буулгах башир арга хэрэглэдэг тухай жижиг эмийн үйлдвэрийн эзэд нэг бус удаа хэлж байсан.

Гэвч эмийн үнэ ганц хоёр мянгаас илүү буудаггүй шалтгаан нь эм ханган нийлүүлэх байгууллагууд үгсэн хуйвалдаж зохиомол үнийн доод хязгаар тогтоодог тухай яриа ч чих дэлсээд амжсан. Энэ ч үнэн биз. Хэрвээ хэн нэг нь “жинхэнэ” үнээр нь зараад эхэлбэл хэн хэнийх нь олдог ашиг татарч, хэтэвч нь нимгэрэх аюултай тул харилцан ашигтай тохиролцоогоор эмийн зах зээлийг эзэгнэж байж мэдэх юм. Энэ хардлага зөвхөн олон нийтийн дунд байгаа юм биш.

Наймдугаар сарын 21-ний УИХ- ын чуулганы хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эм хилээр орж ирсэн үнээсээ 68 хувийн нэмэгдэлтэй зарагддаг. ДЭМБ- ын жишиг үнэтэй харьцуулахад таваас зургаа дахин өндөр үнэтэй байгаа нь судалгаагаар батлагдсан. Эмийн үнийг дураараа тогтоодог асуудлыг цэгцлэхгүй бол зэрлэг капитализм байдлаар явж байна. Мөн ДЭМБ-ын судалгаагаар хилээр орж ирж буй гурван эм тутмын нэг нь хуурамч гэсэн үр дүн гарчээ. Тиймээс мэргэжлийн агентлаг байгуулж ажиллах хэрэгтэй” хэмээн ярьсан нь эмийн бизнесийн булхай хэчнээн газар авсныг гэрчилнэ.

Нөгөөтэйгүүр өчнөөн мөнгө төлөөд ч найдвартай, чанартай эм авч чадаж буйдаа эргэлзэх шиг. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1-т “Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг мөн” хэмээн бичжээ. Тэгвэл энэ амин чухал салбарт төрийн оролцоо, хяналт хэр байдаг вэ. Энэ асуултад “сансарт ниссэн” эмийн үнэ төвөггүйхэн хариулт өгнө. Угаас1990 оноос хойш эмийн салбар, бизнес эрхлэгчдийн ашиг хонжооны талбар болсон нь нууц биш.

Дэлхийн жишигт 10 сая хүн амтай хотод зургаагаас долоон эм ханган нийлүүлэх байгууллага хангалтай гэж үздэг байхад манай улс 300 гаруй компани, эмийн 46 үйлдвэртэй.

Тоо толгойг нь бодвол өрсөлдөөн өрнөж, эмийн үнэ бодит бөгөөд тогтвортой баймаар.Нийт бүртгэлтэй эмийн 70 хувь нь импортоор орж ирдэг бөгөөд БНЭУ, БНСУ, ХБНГУ, ОХУ, БНХАУ зэрэг улсын бүтээгдэхүүн тэргүүлэх байрэзэлж байна.Нэг эм өөртөө хэчнээн төрлийн нэмүү өртөг шингээж,хэрэглэгчийн гарт хүрч байгаагсонирхвол, импортоор орж ирснээр улсад 15 хувийн НӨАТ төлдөг.Үүний цаана бөөний төв болонжижиглэн худалдаа эрхлэгчид буюу эмийн сангийн ашгийн хувь нэмэгдэнэ.

Судалгаагаар бөөний төв 30 хувь хүртэл, эмийн сан 15 хувь хүртэлх үнэ нэмдэг аж. Ийнхүү хамгийн багадаа 60 хувийн нэмэгдэлтэйгээр худалдаанд гарч байгаа юм. Мөн мэргэжлийн байгууллагын шалгалтаар зарим эм ханган нийлүүлэх байгууллагууд дээрх хэмжээнээс илүүг нэмдэг нь тогтоогдсон. Нэгэнт импортын бүтээгдэхүүний үнэ өндөр тогтчихоор дотоодын эмийн үнэ өсөх нь тодорхой. Бизнес эрхлэгчдийн урдаа барьдаг бамбай нь долларын ханш. Гэтэл эмийн үнийг хэрхэн тогтоох, хянах талаар хуульчилсан зүйл үгүй учир арга хэмжээ авахад төвөгтэй байдаг аж.

Төрийн зүгээс зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих замаар, эмийн үнэд шууд бус зохицуулалт хийдэг гэх. Гэвч өнөөх нь зах зээлд дорвитой өрсөлдөөн байхгүй. Магад харилцан тохиролцооны гэрээ гэж л бий. Нэгэнт гаарсан эмийн бизнест хутгалдах, иргэдийн хэтэвчин дэх хэдэн цаасыг хэмнэх, айл өрхийн орлогоос эрүүл мэндийн шалтгаантай гадагш урсаж буй мөнгийг зогсоох гаргалгаа нь “Хөнгөлөлттэй эмийн жагсаалт” байв. Энэхүү жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргадаг бөгөөд нэн шаардлагатай, иргэдийн голчлон хэрэглэдэг 200 гаруй ерөнхий нэршлийн эмийг 20-80 хувь орчим хөнгөлөлттэй худалдаалдаг.

Эрүүл мэндийн даатгал төлдөг хэнбугай ч тус жагсаалтад багтсан эмээс “хүртэх” боломжтой. Гэвч хэрэглэгчийн гарт хүрэх хүртэл олон асуудал бий. Нэгдүгээрт, хүртээмж, зардал, чирэгдлийн асуудал. Ахмад голцуухан хүмүүс сар бүр эмийн сангийн үүдэнд социализмын үеийн сүү тарагны оочер шиг урт дараалал үүсгэн зогсдог уламжлал тогтсон. Даралтны эмээ хөнгөлөлттэй үнээр авах гэж халуун нар, усан бороо, шороон шуурганд даралтаа хэлбэлзүүлэн зогсоо нь тэр.

Ихэнх хөнгөлөлттэй эмийг өрхийн эмчийн жороор олгодог. Өрхийн эмч жор бичихийн тулд ehealth.gov.mn гэх тусгай программд нэвтрэн шивэх учиртай. Гэтэл өнөөх программ нь нэг хүний эм бичээд дараагийн хүний эмийг бичихийн тулд арван минут хүлээх горимтой. Эмчийн үзлэг, эм бичих хугацааг тооцвол дор хаяж 40 минут болно. Ингэхээр өдөрт 12 хүний л эм бичих боломжтой. Түүнчлэн оронт даяар сарын тогтсон өдрүүдэд хөнгөлөлттэй эм олгодог тул программын ачаалал хэрээс хэтэрч гацчихдаг гэнэ. Ажлаа тараад аажуу уужуу бичье гэвч ажлын цаг дуусмагц программ нь хаачихна.

Монгол Улсын урдаа барьдаг эмч нарын ихэнх нь аль нэг эмийн компанид харьяалалтай, урилгаар очиж лекц уншдаг, эмийг нь рекламддаг.

Тиймээс сар бүр өрхийн эрүүл мэндийн төвд бөөн бужигнаан, хэл ам болдог аж. Арай гэж жороо бичүүлээд эмийн санд хүрмэгц “Санхүүжилт дууссан.

Тариа тариулахаас татгалзаж, эм ууж эмчлэгдэх нь зүйтэй - www.hidoctor.mn -  Эрүүл биед саруул ухаан

Дараа сараас наашгүй” гэх хариултад “алгадуулаад” буцна. Иргэд, эрүүл мэндийн байгууллагыг улам бүр үл ойлголцуулсан үйл ажиллагаа үргэлжилсээр. Саяхан УИХ-ын хуралдаанаар ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс бүх эмийн сангуудаар хөнгөлөлттэй эм худалдаалахаар шийдвэрлэсэн. Үнэхээр санхүүжилт нь хүрдэггүй юм бол худалдаалах газрын тоог нэмээд ч яахав дээ.

Нөгөөтэйгүүр зарим эмийн санд мэргэжлийн эм зүйч биш оюутан эсвэл мэргэжлийн бус хүн суудаг тохиолдол бий. Тэгэхээр эмийн тун хэмжээг зөрүүлэн олгох зэрэг замбараагүй байдал үүсч, эргээд иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ч болох юм. Хоёрдугаарт, “Хөнгөлөлттэй эмийн жагсаалт”-ын ар дахь хөрөнгө мөнгөний асуудлыг сөхөхгүй өнгөрч болохгүй. Улсын төсвөөс жил бүр 40 орчим тэрбум төгрөгийг тус жагсаалтын хэрэгжилтэд зориулан зарцуулдаг. Жишээлбэл, өнгөрсөн жил 33.4 тэрбум, энэ онд 34.9 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Энэхүү жагсаалтад өөрийн компанийн эмийн нэрийг багтаана гэдэг эмийн компанийн хувьд шүдний өвчин болоод удаж буй. Учир нь, тус жагсаалтад хэдий чинээ олон эм багтана төдий чинээ ашиг нэмэгдэнэ. Мөн иргэд нэгэнт жороо бичүүлчихсэн тул хөнгөлөлт эдлэх боломжгүй болсон ч дараа сарыг хүлээлгүй үндсэн үнээр нь авахаас өөр замгүй. Мөн өрхийн эмч болон нарийн мэргэжлийн эмч нарт “Манай эмийг бичээрэй. Энэ эмээс 10-ыг бичвэл ийм урамшуулалтай шүү. Удахгүй хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орчихно” гэх мэтээр эм ханган нийлүүлэх байгууллагын эмч төлөөлөгч нар ухуулан, сард хэдэнтээ хаалга үүдийг нь тогшино. Түүнчлэн тус жагсаалтыг шинэчлэн гаргахаас урьтаж өөрийн оруулж ирдэг, болон үйлдвэрлэдэг эмээ жагсаалтад шургуулахын тулд дээгүүр, доогуур, ил далд төрөл бүрийн лобби хийдэг. Хөл хориогүй үед, эмийн компаниуд кино, жүжиг, хошин шог зэрэг үнэгүй үзвэр үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр эмийн нэгдсэн сургалт зохион байгуулж, будаа агшаагч, холигч гэх мэт аахар шаахар зүйлийн азтан тодруулж, ядарсан хэдэн эмч нараа тохуурхана.

Цаашлаад Монгол Улсын урдаа барьдаг эмч нарын ихэнх нь аль нэг эмийн компанид харьяалалтай, урилгаар очиж лекц уншдаг, эмийг нь рекламддаг. Энэ бүхэн нь эцсийн дүндээ жорын цаасан дээр өөрсдийн эмийг бичүүлэх гэсэн алсын бодлого. Өөр хаана, аль даргын өрөөнд ямар ухуулга хийж буйг бид таашгүй. Эмийн бизнес эрхлэгчид энэ мэтээр сэхээ сэлгээгүй ухуулдаг тул “Хөнгөлөлттэй эмийн жагсаалт” ойр ойрхон шинэчлэгддэг ч байж мэдэх юм.

Хамгийн сүүлд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны долдугаар сарын 29-ний XII тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, мөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ. Тус жагсаалтад насанд хүрэгчдийн 175 ерөнхий нэршлийн643 эм, хүүхдийн 53 нэршлийн 159 эмэнд 20-80 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр заасан. Гэтэл энэ талаар Монголын мэм хангамжийн байгууллагын холбооноос хэвлэлийн бага хурал хийж “Нэр бүхий компанийн зарим эмийг зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр тогтоож, зөвхөн тус эмийн сангуудаас авахаас өөр сонголтгүй болгож байна” хэмээн мэдэгдэл хийж байсан.

Энэ бүхнээс харвал, нэр нь дээрээ иргэдээ бодсон мэт боловч нэдэр дээр бизнес эрхлэгчдийн хэтэвчийг зузаалсан үйлдэл мэт. Анхнаасаа эмийн үнийг зөв, шударгаар тогтоочихвол ингэж улсын төсвөөс шамшигдуулан, даатгал төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж хөнгөлөлт үзүүлэх шаардлага алга гэмээр. Ерөөс 70 орчим хувийн нэмэгдэлтэй худалдаалж буй бизнес эрхлэгчдийн эмэнд төр нь 80 хувийн хөнгөлөлт үзүүлж, төсвөө тэмтэчнэ гэдэг хоржоонтой хэрэг бус уу.

СЭТГҮҮЛЧ П.ДАВААЖАРГАЛ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш