1 сарын 18, Даваа
ИРГЭНИЙ ӨНЦӨГ

Зовох цагт нөхрийн чанар танигдана

Гэрэл зургийг MPA.mn

“Монгол Улсаас хандивласан 30,000 хонь Эрээний хилээр орж ирж байна” ,“Монгол Улсын хандивласан 30,000 хонь Бээжин хотын Ян Чин дүүрэгт хүрч ирлээ…. ” гэх мэт олон мянган хонь тууж байгаа бичлэг, зураг Хятадын вичат, цахим хуудсаар олон удаа дамжуулагдаж байна.

Мэдээж энэ бол ташаа мэдээлэл. Зарим нь ӨМӨЗО-ны хэдэн жилийн өмнөх малчдын отор нүүдлийн зураг байсан бол бас зарим нь Испани улсын малчид хот дамжин нүүж байсан зураг ч байна. Энэ тухай Хятадын Төрийн хэмжээний том сайтуудад ташаа мэдээлэл болох тухай онцолж байна. 2020 оны цагаан сарын үеэр БНХАУ-ын Үхань хотод коронавирусийн халдвар газар авч, хятадын ард иргэдийн сэтгэл санааг зовоолоо. Халдварын эсрэг БНХАУ эрчимтэй тэмцэж ялалт байгуулсан. БНХАУ-ын коронавирустай тэмцэх аянд Монгол Улс эн тэргүүнд нэгдэж орсон билээ. Хятадын Цагаан сарын дараахан Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчиж, Хятадын ард түмний өвчин зовлонтой тэмцэх үйлд туслалцаа үзүүлэх үүднээс 30 000 хонь хандивлах тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. Хятад ардын зүйр үгэнд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг. Монгол Улс нь БНХАУ-ын нөхөрсөг хөрш болсны хувьд эн тэргүүнд өвчин зовлонтой тэмцэх дайнд нэгдэн орж, эд хөрөнгө мал ахуйгаа хандивласан нь бүх хятадын ард түмний сэтгэл зүрхийг догдлууллаа. Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын дараахан вичатаар “Монгол улсын хандивласан 30,000 хонь Эрээний хилээр орж ирж байна” хэмээх бичлэг зураг дамжигдаж эхлэсэн нь худлаа мэдээлэл байсан хэрнээ Монголын ард түмний сэтгэлийн дэм, нандин тусламжид Хятадын ард түмэн баярлан талархаж байгаа, цаашлаад 30 000 хонины хандив нь хятадын үй түмэн ард иргэдийн зүрх сэтгэлийг өндөлзүүлсэн гэдгийн харуулж буй хэрэг юм.

Монгол Улс нь БНХАУ-ын мөнхийн хөрш улс. 1949 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ улс байгуулснаа тунхаглаад удаагүй байхад, мөн оны аравдугаар сарын 16-нд Хятад Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосон. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нь БНХАУ-ын тусгар тогтнолыг эн тэргүүнд хүлээн зөвшөөрсөн улс орнуудын нэг. Хятад Монгол хоёр улс өнгөрсөн зууны дунд үеэс харилцан туслалцаж, өөр хоорондын бүтээн байгуулалтын ажилд туслалцаа үзүүлж байсан нөхөрсөг уламжлалтай. Энэ тухай жишээ хэлэхэд өнгөрсөн зууны 50-иад оны үеэр БНХАУ 5000 гаруй ажилчин томилж Монгол Улсын бүтээн байгуулалтын ажилд оролцуулж байсан бол Монгол Улс нь БНХАУ-д 15,000 адуу хандивлаж Хятадын тариалан үйлдвэрлэлийг дэмжиж байсан түүхтэй. Адуу мал нь монголчуудын чухал өв хөрөнгө. Адуу малаар баян байх нь Монголчуудын өнгөтэй өөдтэй амьдрахын бэлгэдэл юм. Эд хөрөнгийнхөө дээд болсон адуу малаа хандивлаж буй нь Монголын ард түмний чин сэтгэлийн дэмжлэг болох юм. Хүн төрөлхтөнд тохиосон энэхүү том гай гамшиг коронавирустай тэмцэх дайнд Хятад Монгол хоёр улс сэтгэл нэгдэн оролцож, Монгол улс адуу мал эд хөрөнгөө хандивлаж, БНХАУ Монгол Улсад эмнэлгийн хамгаалах хэрэгсэлийн буцалтгүй туслаж үзүүлэх, эмчилгээний арга туршлагаа танилцуулах, эмнэлзүйн туслалцаа үзүүлж буй нь хоёр орны иж бүрэн стратеги түншлэлийн гадаад харилцааг улам өндөр шатанд гаргаж буй хэрэг юм. Хятад ардын зүйр үгэнд “Холын төрлөөс ойрын хөрш” гэдэг.

Мөнхийн хөрш Монголын ард түмний нандин тусламжид Хятадын ард түмэн баярлан талархаж байнам. Хятад Монгол хоёр орон хамтран коронавирустай тэмцэж буй нь зөвхөн хоёр орны ард түмний эрүүл мэнд, энх тунх амьдралын төлөө биш, нэн цаашлаад бүх дэлхийн ард түмний хамтын ашиг тусын төлөө юм. Хоёр орны ард түмний хамтын хичээл зүтгэлийн дүнд коронавирустай тэмцэх дайнд ялалт байгуулж, хоёр орны нөхөрсөг харилцааны түүхэнд шинэ хуудас нэмэрлэнэ гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.

Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуулийн Үндэстний Цөөнхийн Хэл Утга Зохиолын сургуулийн орлогч захирал, Доктор, Дэд профессор Х.Хувьсгалт

2020 оны наймдугаар сарын 12

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш