8 сарын 7, Баасан
НИЙГЭМ

Эвдэрсэн замуудын шалтгаан нөхцлийг тогтоож, зөрчил гаргагчдад хариуцлага тооцохыг үүрэг болголоо

Нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.  Хуралдааны эхэнд сүүлийн өдрүүдэд орсон усархаг борооны улмаас ус зайлуулах байгууламжид үүссэн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатар хот орчимд усны түвшин  10 см нэмэгдэж, олон жилийн дунджаас давсан байдалтай байна. 2020 оны долоодугаар сарын 3-6-ны өдрүүдэд орсон борооны үеэр 143 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, 187 км урттай ус зайлуулах шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж үерийн усыг зайлуулсан. Шуурхай удирдлагын төвд 28 дуудлага ирсэн. Манай байгууллагын зургаан шуурхай бригад, 40 инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэй 18 машин, зөөврийн ус зайлуулах таван төхөөрөмжтэй газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажилласан” гэв. Мөн усархаг борооны улмаас нийт 6 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжид нуралт эвдрэл үүсч засварлаж байгаа талаар  дуулгалаа.

Үерийн усны улмаас автозам, гудамж талбайд учирсан хохирлын хэмжээг тооцож, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра мэдээлэл өгсөн юм. Төвийн гол замууд үерийн усанд автаж буй асуудалд  ажлын хэсэг гарч ажиллахад үерийн далан суваг дагаж буусан айл өрхүүд зөвшөөрөлгүйгээр хашаагаа сунгаж, хүнсний дэлгүүр,  дугуй засвар гэх мэт үйлдвэр үйлчилгээ эрхэлж үерийн жалгыг хаасан зөрчлүүд илэрсэн байна. Иймд үерийн далан сувгийг чөлөөлөх ажлыг эрчимжүүлж эхэлжээ.

Өнгөрсөн хугацаанд орсон борооны улмаас зургаан дүүргийн зорчих хэсэг үерт автаж, нийт 14 мянган метр квадрат талбайд эвдрэл гэмтэл гарч, 7 300 метр кв явган зам, 13100 мянган метр автозамын хашлага эвдэрсэн талаар дуулгаад, нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газрууд хамтран засвар үйлчилгээг гүйцэтгэжээ.

Баянгол дүүрэгт байрлах Чингүнжавын гудамжинд асфальтан зам хууларсан асуудалд нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра тайлбар өглөө. Тус замыг  2008 онд  JGC компани хийж гүйцэтгэжээ. Бүтцийн эвдрэлд орсон 0,9 км тус автозамыг нөхөөс тавьж засварлахаас илүүтэй шүүрт худгуудыг нэмж шинээр барьж байгуулах шаардлагатай гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Төсвийн мөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалт бүрийг хайрлаж хамгаалж ажиллах ёстой. Үүний тулд татварын хөрөнгөөр та бид цалин аваад сууж байгаа гэдгийг маш сайн ойлго. Автозамын газар эвдэрсэн замуудыг нэг бүрчлэн гаргаж, шалтгаан нөхцөлийг тодорхойлон хуулийн хэлтэст өгөх ёстой. Хуулийн хэлтсээс хаана, ямар хууль зөрчигдөж, далан суваг бөглөсөн байгааг ол. Хууль зөрчиж, далан суваг бөглөсөн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооц. Далан суваг хааж буугаад байгаа, инженерийн байгууламжийг битүүлж буугаад байгаа хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх үүргийг дүүргийн удирдлагуудад өгч байна. 1970 1980 онд хийгдсэн инженерийн байгууламжийг шинэчлэх ёстой. Ерөнхий төлөвлөгөөний газар яагаад ийм зургийг батлаад явуулаад байдаг юм бэ. Газар хэлтсүүд харилцан уялдаатай ажилла.  Улаанбаатар хотод өчигдөр бороо ороход Гэсэр сүм рүү Тасганы овоон дээрээс ус буусан, далан нь хаачив. Нийслэлийн Авто замын газар нэг бүрчлэн явж ажилла” хэмээлээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод байгаа үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулан ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж ажиллахыг холбогдох албаныханд даалгав.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлш нөөцлөлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсгийн хуралдаанд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөц бүрдүүлэлтийн ажлын явцын талаарх мэдээллийг сонслоо. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын нэмэлт өөрчлөлт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаварын хүрээнд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр жигд хүртээмжтэй хангах,  дүүрэг тус бүрт 60,000 тн-оос доошгүй сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулан  ажиллаж байна.

Сайжруулсан түлш нөөцлөх, хадгалах , ачиж буулгах, хураах шаардлагад нийцсэн агуулахуудын байршилд нэг бүрчлэн ажиллаж, 22,176 тонн түлш нөөцлөх боломжтой 11 агуулахыг сонгож гэрээ байгуулж эхэлжээ. Энэ жилийн хувьд нийт 39100 тонн сайжруулсан түлш нөөцлөх боломжтой 30 агуулахын судалгааг төвийн зургаан дүүргээс ирүүлжээ. Одоогийн байдлаар 23235 тонн түлшийг нөөцөлсөн бол долдугаар сард 45411 мянган тонн түлш нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сайжруулсан түлшний нөөцлөлт, хадгалалтын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэхээс сэргийлж, шуурхай арга хэмжээ авахыг “Тавантолгой түлш” компанийн удирдлага болон дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн жил сайжруулсан түлшийг гадаа талбайд хадгалснаас үүдэж чийг цохиж түлшний найрлагад өөрчлөлт гарсан тохиолдол гарсан учраас гадаа талбайд хадгалахгүй. Түлшний орц найрлагад анхаарал хандуулж, иргэдэд угаарын хийнээс сэрэмжлүүлсэн заавар зөвлөмжийг хүргэж, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Бүх дүүрэг хороод сайжруулсан түлшний хэрэглээнд нэвтэрч байгаа учраас зуны 3 сарын дотор түлш нөөцлөлтийг эрчимжүүлэх ёстой” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш