Э.ТЭЛМЭН/NEWSWIRE.MN
Э.ТЭЛМЭН/NEWSWIRE.MN
30

нийтлэл

222

уншсан

2

сэтгэгдэл

Social мэдээлэл

Мьянмарт ТӨРИЙН ЭРГЭЛТ хийсэн цэргийн хунтын тэргүүн Мин Аун Хлаин гэгч хэн бэ

2021-02-05
26

Энэ сарын 1-нд Мьянмарт цэргийн эргэлт гарч, Төрийн тэргүүн, сайдыг баривчлан, зэвсэгт хүчнийхэн засгийн эрхийг гартаа авсан билээ. Ингэснээр армийн ерөнхий командлагч Мин Аун Хлаин тус улсыг тэргүүлж байна. Бүх насаараа армид алба хаасан, улс төрийн хувьд ч шинэ тоглогч биш Мин Аун Хлаины талаар гаднын хэвлэлүүд онцолж байна.

Мьянмарт ардчиллын үйл явц эхэлсэн 2011 оноос зэвсэгт хүчнийг удирдаж, лалын шашинт рохинжа ястныг хавчин хяхдаг хэмээн НҮБ-д буруутгагддаг Мин Аун Хлаин гэгч хэн бэ?

Ойрын хугацаанд Мьянмарыг удирдах генерал  Мин Аун Хлаин өдгөө 54 настай бөгөөд Янгоны их сургуулийн хуулийн факультетийн оюутан байхдаа цэрэг армитай холбогдож, 1974 онд Батлан хамгаалах албаны академид гурван удаа шалгалт өгсөний дараа элссэн байна.

Явган цэргийн ангиас карьераа эхэлж, албан тушаал, цол ахисаар 2009 онд тэрбээр Тусгай ажиллагааны II товчооны тэргүүн болсон бөгөөд  энэ албыг хаших хугацаандаа Мин Аун Хлаин Мьянмарын зүүн хойд мужид явуулсан тусгай ажиллагаануудыг удирдаж, лалын шашинт, цөөнх үндэстнүүдийг хяхан хавчсанаар хэдэн арван мянган хүн орон гэрээ орхин, дүрвэсэн байна. Тусгай ажиллагааны үеэр цэргүүд ард иргэдийн амь насанд халдаж, орон гэрийг нь галдан шатаасан гэж НҮБ буруутгаж байсан ч Мин Аун Хлаин генерал албан тушаал ахиж, 2010 оноос Зэвсэгт хүчний нэгдсэн штабын тэргүүн болж, улмаар нэг жилийн дараа тус улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч болжээ.

Тус улсад 50 жил үргэлжилсэн цэргийн засаглал дуусгавар болж, ардчилал эхэлсэн 2011 онд Мин Аун Хлаин армийг удирдаж эхэлсэн бөгөөд нэр хүнд нь олон нийтийн сүлжээ, ард олны дунд өссөөр иржээ. Нобелийн энхтайвны шагнал, ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Су Чигийн тэргүүлсэн Ардчиллын төлөөх үндэсний лиг нам 2016 онд засгийн эрхэнд гарснаар өнөөгийн зөрчил, эргэлтийн үндэс тавигдсан аж.

Мьянмарын парламентын хоёр танхимын 25 хувь, аюулгүй байдал хариуцсан өндөр албан тушаалыг цэргийнхэн хашиж байсан ч Аун Сан Су Чи Үндсэн хуулийг өөрчлөх, цэргийнхний эрх мэдлийг хязгаарлах оролдлого хийж байжээ.

2016 – 2017 онд цэргийнхэн Ракхайн мужийн рохинжа ястнуудыг хавчин хяхах нь нэмэгдсэн тул тэдний олонх нь Бангладеш руу дүрвэж эхэлсэн. 2018 оны наймдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл генерал Мин Аун Хлаин тэргүүтэй цэргийн эрхтнүүдийг мөрдөж, хариуцлага тооцохыг уриалж байв. Үүний дараа “facebook” генералын аккаунтыг устган, АНУ, Их Британи түүний эсрэг хориг тавьсан билээ.

2020 оны парламентын сонгуульд Аун Сан Су Чигийн нам ялал байгуулсан ч цэргийнхний дэмждэг “Эв санаа, хөгжлийн холбоо” нам санал хураалтыг будлиантай гэж үзсэн юм. Цэргийнхэн, сөрөг хүчин болсон намынхан төрийн эргэлт хийх гэж буйг генерал “Үндсэн хуулийг дагаж мөрдөхгүй бол халж болно” хэмээн 1962,1988 онд гарсан эргэлтээр жишээ татан анхааруулж байжээ.

Төрийн эргэлтийн дараа генерал Мин Аун Хлаин Засгийн эрхийг гартаа авч, шилжилтийн энэ үед шийдвэр гаргах болно гэдгээ мэдэгдсэн бөгөөд дахин сонгууль явуулахаа онцолжээ.

Эх сурвалж: ВВС

Хариулах




Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш