НИЙГЭМ

20 МЯНГАД бензин авахын тулд ХОЁР ЦАГ дугаарлаж байна

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс хүчгүйдсэн нэг жишээг өнөөдөр бид харлаа. Орос, Хятад хоёр шатахууны импортоо хумих “чимээ”-нээр улс даяараа хүндхэн нөхцөлд шилжив.

Манай улс сардаа нийт 38-40 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг. Уг хэрэглээний 95 орчим хувийг ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг юм. ОХУ-ын “Роснефть” компаниас сардаа 28 мянган тонн АИ-92 шатахуун авдаг бөгөөд энэ нь хоёр талын хийсэн гэрээний биелэлт болдог. Гэтэл хөрш улс өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр дээрх хэмжээний шатахууныг нийлүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн гэдгээ манай талд мэдэгджээ. Үүнийг Ангарск хот дахь газрын тосны үйлдвэрт засвар хийгдэж байгаатай холбон тайлбарласан бөгөөд улмаар есдүгээр сард нийлүүлэх шатахууны хэмжээг 17 мянган тонн болгож бууруулсан байна. Иймд УУХҮЯ үүссэн нөхцөл байдлаас хамаарч шатахууны хэрэглээг хэвийн хэмжээнд байлгахын тулд БНХАУ-тай хэлцэл хийж, тус улсын “China oil” компанитай “Шунхлай”, “Сод Монгол”, “Магнай трейд” гэрээ байгуулсан байна.

Өөрөөр хэлбэл, тус гэрээний дагуу нэг сар гаруй хугацааны шатахууны хэрэглээг БНХАУ-аас хангахаар болсон. Ачалтын вагонд код авсан бөгөөд татан авах ажил л үлдсэн гэж УУХҮ-ийн сайд Г.Ёндон өнөөдөр мэдээллээ. Мөн ОХУ-ын “Роснефть” компани аравдугаар сарын 1 хүртэл манайд шатахуун нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн тухай дурдлаа. Ингээд бодохоор өнөөдрийн нөхцөл байдал есдүгээр сарыг дуустал үргэлжилэх нь тодорхой болов.

2021 оны есдүгээр сарын 21. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA

Өнөөдрийн 18.00 цагийн байдлаар “Петровис”-ийн ШТС-ууд зөвхөн карттай болон талонтой хэрэглэгчдэдээ бензин олгосон хэвээр байсан бол “Nes oil” 20 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд шатахуун өгөхгүй байв. Тус түгээгүүрийн газарт дуугарлаж байгаа жолооч Д.Гантулгаас нөхцөл байдлыг тодруулахад, “Петровис”-оос шатахуун авах гэж хоёр цаг дуугарлаад бүтсэнгүй. Аргаа барж, хайж явсаар “Nes oil” дээр ирээд байна. Эднийх оочир багатай ч 20 мянгаас дээш төгрөгт өгөхгүй гэнэ. Энэ шатахууны асуудалд арай дэндэж байна” гэсэн юм.

Харин “Шунхлай” ШТС-ын хувьд 30 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд бензин өгөхгүй байсан бөгөөд жолооч нар мөн ижил 1-2 цаг дугаарлаж байж шатахуунтай золгож байгаагаа хэллээ.

Тэгвэл “Сод Монгол”-ын хувьд бас л өөрийн нэрийн карттай хэрэглэгчдэд шатахуун өгч байна.

Хөрсөн дээрх нөхцөл байдал ийм байхад УУХҮЯ-наас “Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 26 хоногийн нөөцтэй байгаа. Үүнээс,

  • АИ-80 автобензин 46,
  • АИ-92 автобензин 16,
  • ДТ-29,
  • ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байна.

Харин өргөн хэрэглэгддэг АИ-92 автобензин Улаанбаатарт 4 хоногийн нөөцтэй, Дархан-Уул, Орхон аймагт мөн хэвийн хэмжээнээс бага нөөцтэй байгаа тул тодорхой хязгаарлалт хийсэн. Бусад аймагт нөөц хэвийн байна” гэж мэдээлж байгаа юм.

Ташрамд, Монгол Улс жилд 1 сая тонн шатахуун хэрэглэдэг бол ОХУ жилд багадаа 100 сая тонн шатахуун үйлдвэрлэдэг аж. Тодруулбал, манайх үйлдвэрлэлийнх нь 1-хэн хувийг авдаг гэсэн үг.

Ямартай ч импортлогч компаниудын төлөөлөл болон УУХҮЯ-ныхан ОХУ руу явсан байна. Тэд “Роснефть” компанийн удирдлагатай маргааш уулзах аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet