11 сарын 28, Бямба
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Өмнөд солонгосчууд томуугийн вакцин хийлгэхээс татгалзаж байна

Инчоны дунд сургуулийн 17 настай сурагч улирлын чанартай томуугийн вакцин хийлгэснээс хойш хоёр хоногийн дараа нас баржээ.  Түүнчлэн томуугийн вакцин хийлгэсэн хүмүүст сөрөг шинж тэмдгүүд илэрч байгаатай холбоотойгоор өмнөд солонгосчууд  вакцин хийлгэхээс зайлсхийх болсон талаар “Koreatimes” онцолсон байна. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Хойд Гёнсан мужийн Ёнддок хотын Нийгмийн эрүүл мэндийн төвийн вакцины дээжээс цагаан тоосонцор илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор олон эцэг эхчүүд хүүхдүүдээ ханиадны вакцинд хамруулахаас татгалзах болжээ. 17 настай сурагчийн үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ч нас баралтын шалтгаан нь вакцинтай холбоотой болох нь тогтоогдвол томуугийн эсрэг вакциныг албан ёсоор улс даяар хэрэглэхийг хорих нь дамжиггүй юм. Ханиад томууны улирал “COVID-19”-ийн хоёр дахь  давалгаатай давхцаж байгаа нь олон хүний санааг зовоож байгаа юм. Сөүлийн Сонгпа-гу хотод амьдардаг 34 настай Лим И Ён “Би өнгөрсөн долоо хоногт дөрвөн настай хүүдээ томуугийн эсрэг вакцин хийлгэх ёстой байсан. Гэхдээ вакцин хийлгээгүй. Үнэндээ ямар эрсдэл үүсэх бол гэхээс маш их айж байна” хэмээн ярьжээ. БНСУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлаг (KDCA) -ын дарга Жунг Ен-кюн  энэ жилийн вакцинжуулалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш   353 сөрөг урвалын тохиолдол бүртгэгдсэн гэдгийг мэдэгдсэн байна. Амиа алдсан сурагч энэ сарын 14-ний өдрийн 12.00 цагт  вакцин хийлгэсэн бөгөөд хоёр хоногийн дараа буюу 16-ны өглөө нас баржээ. Үүнээс гадна өчигдөр хойд Жолла мужийн Гочан тойрогт 78 настай эмэгтэй томуугийн вакцин хийлгэснээс хойш нэг хоногийн дараа амиа алдсан байдалтай олдсон байна. Мэргэжилтнүүд мэдэгдэж буйгаар томуугийн эсрэг вакцин үхэлд хүргэх нь маш ховор тохиолддог аж. Гачон их сургуулийн Гил анагаах ухааны төвийн халдварт өвчний профессор Еом Жонг Сик “Вакцины гаж нөлөөнөөс болж нас барсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ хүүгийн үхэл  томуугийн вакцинтай холбоогүй гэж шууд хэлж чадахгүй. Ямартай ч задлан шинжилгээний хариуг эхлээд харах хэрэгтэй байна” гэжээ.

Эх сурвалж: Koreatimes

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш