Live
УЛС ТӨР

Ч.Өнөрбаяр: Энэ 30 жилийн хугацаанд Үндсэн хуулийн үзэл санааг бид бодитой амьдруулж чадсангүй

АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр, дэд дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Д.Ганбаяр нар Үндсэн хууль ба Намын асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монгол Улсын бодлогыг хэн нэгэн гадна, дотноос заадаг биш дэлхийн бусад орнуудтай эн тэнцүү харьдаг бие даасан, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах суурь зарчмуудыг бид зарлан тунхагласан. Манай улс Ардчилсан үндсэн хуулиа баталснаар дэлхийтэй ойртсон байна. 

Үндсэн хуулийг дээдлэх гэдэг нь төрийн ордонд залаатай байх, Ерөнхийлөгч болоод тангараг өргөхдөө ашигладаг зүйл биш. Ардчилсан Үндсэн хуультай байна гэдэг УИХ-ын гишүүн болоод тангараг өргөхөд ширээн дээр тавьдаг зүйл ч бас биш. Энэ бол төрийн хамгийн өндөр албан тушаалтнууд үйл ажиллагаандаа өдөр бүр мөрдлөг болгож байдаг, ард түмний оюуны үнэ зүйл юм. 

Үндсэн хуулийг дээдлэх санаа хөсөрдөж, дээгүүр нь алхдаг болсон. Сонгогдож гарсны дараа хуулийг үгүйсгэдэг. Үндсэн хуульд төрийн эрх мэдэл харилцан хяналт тэнцвэртэй байна гэдгээр асуудал шийдэгддэггүй. Нэг нам дангаараа ноёлсон үед Үндсэн хуулийн зүйл, заалт тунхаг болж үлддэг юм байна. 

Цаашид Үндсэн хуулийн тэнцвэр парламентад суудалтай улс төрийн бодит хүчний харилцаан дээр оршин тогтноно. Үүний тулд сонгуулийн тогтолцоог эргэж харах ёстой. 1,500 хүрэхгүй хүнтэй сум руу зардал гаргаад зам тавьж, хөрөнгө оруулалт хийдэг, УИХ-ын гишүүд тойрогтоо гээд хэдэн тэрбум төгрөгийг хуваарилдаг нь сонгуулийн тогтолцоотой холбоотой. Жалга довны улс төрөөс гарахгүй бол бид урагшаа том алхахгүй. 

Парламентын гишүүдийн тоог хэн нэгэн тэнгэр харж байгаад тавьдаггүй. Энэ нь нийт сонгогчийн төлөөлөх чадвараар хэмжигддэг. 1992 онд Үндсэн хууль баталж байсан аргачлалаар бодох юм бол парламентын гишүүдийн тоо 120 орчим байх ёстой. Дэлхий нийтийн жишиг 130-140. Манай парламент давжаа байна. 

Ингэхээр идэж, уух нь ихэснэ гэж ярьдаг. УИХ-ын гишүүнийг дарга гэж ойлгодог. Тэд бол ард түмний элч бөгөөд нийтийн ашиг сонирхлын төлөөлдөг. Төрийг цомхон байлгах тухай ярих гэж байгаа бол яамдын тоог цөөлөх хэрэгтэй. Өмнө нь есөн яамтай ажил хийж болоод байсан. Ашиггүй ажилладаг төрийн өмчит компаниудыг хувьчилмаар юм. Ер нь төр нь өөрөө компани, үйлдвэр бариад иргэдтэйгээ бизнес хийх гээд уралдаад байж таарахгүй. Олон яам, агентлаг бүгд том байшинтай байж биш бүгдийг нь нэг байшинд байж болно. Асуудлыг илүү ухаалгаар шийдэх олон санаа бий. 

Харамсалтай нь энэ 30 жилийн хугацаанд Үндсэн хуулийн үзэл санааг бид бодитой амьдруулж чадсангүй” гэв. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet