12 сарын 4, Баасан
COVID-19

Ч.Энх-Амгалан: Он дуусахаас өмнө 31 сургууль, 41 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

Эрүүл мэндийн яамнаас “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлыг хийлээ. Энэ удаагийн хуралд БШУЯ-ны хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан оролцож, хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан мэдээлэл өгөв.

Тэрбээр “Коронавирустай холбоотойгоор энэ жилийн импортоор орж ирэх бараа материалд бага зэрэг саатал гарсан. Гэсэн хэдий ч 30 сургуулийн өргөтгөл, 45 цэцэрлэгийн барилга болон өргөтгөлийг өнөөдрийн байдлаар ашиглалтад оруулаад байна. Улмаар сургуульд суралцах хүүхдийн суудлын тоо 14,000, цэцэрлэгийн орны тоо 6000 орчмоор нэмэгдэж байгаа.

Одоогоор 140 сургуулийн өргөтгөлийн ажил явагдаж байна. Энэ төсөл арга хэмжээ ойрын хоёр, гурван жил дамнан хэрэгжинэ. Цэцэрлэгийн 171 барилгын ажил явагдаж байгаа. Үүнээс гадна он дуусахаас өмнө 31 сургууль, 41 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

БШУЯ-наас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 104 барилга байгууламжид засвар үйлчилгээ хийсэн. Мөн 35 сургууль, 26 цэцэрлэг, 8 дотуур байрны их засвар дууссан бол 14 барилгын их засвар ирэх сарын эхний хагаст дуусахаар төлөвлөгдсөн. Улсын дунджаар өвөлжилтийн бэлтгэл ажил 92 хувийн биелэлттэй байна. Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн хүрээнд 45 цэцэрлэг, 15 сургуульд тавилга тоног төхөөрөмж олгох ажил хийгдсэн.

Энэ жил улсын хэмжээнд 3300 багшид зөөврийн компьютер олгох ажил хийгдсэн. Сургуульд хоёр, цэцэрлэгт гурван зөөврийн компьютер нийлүүлэгдсэн. Энэ ажил цаашид үргэлжлээд явна.

Гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар энэ жил томоохон сургуулиуд ашиглалтад орж байгаа. Тухайлбал БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хоёр, Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжтайгаар гурван сургууль ашиглалтад орсон. Дахин таван сургуулийг арав, арваннэгдүгээр сард ашиглтад оруулахаар төлөвлөж байгаа. Мөн АНУ-ын цэргийн тусламж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн барилгыг өргөтгөх ажил үргэлжилж байна” гэлээ. 

Д.Занданбат

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш