КАЗАХСТАН

Ч.Пүрэвсүрэн: Бүх юм хаалттай гэр гэртээ нуугдацгаа, цонх руугаа ч ойртож болохгүй шүү гэж мэдэгдэж байна

Казахстан Улсын Засгийн газар 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шингэрүүлсэн хийн үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал Мангистау мужийн Жанаозен болон Актау хотуудад 1 дүгээр сарын 2-ны өдөр гарч, Алматы, Нур-Султан зэрэг хотуудад тэлж, улмаар шаардлага нь зөвхөн хийн үнийн асуудал бус, эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилсэн хэлбэрт шилжив. Тус улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон ч жагсагчдын сэтгэл ханаагүй бөгөөд зохион байгуулалттай дээрмийн бүлэглэл жагсаалыг урам хурцатгаж, цэрэг цагдаагийн олон арван хүн алагдаж, 300 гаруй хүн хүнд шархдаад байгаа аж. Улмаар 14 хоногийн хугацаатай онц байдал зарлаад буй.

Мөн Казахстанд дэгдээд буй засгийн газрын эсрэг жагсаал цуглааныг намжаахад туслахын тулд Орос тэргүүтэй улс орнуудын цэргүүд Казахстан руу орохоор болж байна.

Тус улсад оршин сууж буй Монгол иргэн Ч.Пүрэвсүрэн бодит нөхцөл байдлын талаар өөрийн фэйсбүүк хуудсандаа ийнхүү бичжээ:

Миний амьдардаг Казахстанд аймшигтай үйл явдал өрнөж байна даа. Гадаадын(барууны) тусгай албадын төлөвлөж, олон улсын террористуудын лагерьт бэлтгэгдсэн хөлсний дээрэмчид зохион байгуулсан Казахстаны засаг төрийг унагах том алан хядах дээрмийн ажиллагаа явагдаж байна. Маш удаан нарийн бэлтгэж нэгэн зэрэг эндэхийн том хотуудад төрийн байгууллага руу дайрч галдан шатааж, тонон дээрэмдэж байна. Алма-Ата хот хамгийн их өртлөө. Одоо энд том офисууд, хэдэн зуун машин шатаж байна. Бүх том худалдааны төвүүд, дэлгүүр, склад, алтны болон зэвсгийн дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж шатааж байна.

– Яг хотын төвд байдаг, миний 4 салбарын нэг нь лав халдлагад өртсөн байна, сүүлийн мэдээгээр. Бусад микро районд байдаг салбарууд маань гайгүй өнгөрч байгаа юм болов уу гээд залбирч сууна. Алма-Ата хотын олон улсын нисэх буудлыг эзэлж нисэх гэж байсан 5 онгоцыг дээрэмдэн тоножээ. Цэрэг, цагдаа нараас нилээд хэдэн хүн алагдаж, 320 гаруй шархаджээ одоогийн байдлаар. Байдал хяналтаас гарч Казахстаны Ерөнхийлөгч Аюулгүй Байдлын Хамтын Нийгэмлэгийн орнуудаас энэ олон улсын террористуудын халдлагыг няцаахад туслаач гэж хүсэлтээ явууллаа. Маргаашнаас Оросын болон бусад орнуудын цэргийн хүчин гэрээ ёсоороо орж ирэхээр боллоо.

Анх газ хийн жижиглэнгийн үнэ өссөн гэсэн шалтагаар нэг жижиг хотод цуглаан болж үймэхэд нь засаг тэр дор нь захирамж гаргаж үнийг буулгаж асуудлыг шийдсэн боловч, Казахстаны бусад хотуудад ямарч шалтгаангүйгээр дээрэмчид залуусыг хатган цуглуулж дээрэм тонуул хийж шатааж, зэвсэг барин алан хядаж байна. Бүх интернетийг хаасан байсан тул дөнгөж сая түр зуур орж ирэхээр нь бичиж байна. Одоо ингээд таслах биз… Маргааш хотод шийдвэрлэх том тулаан болно. Бүх юм хаалттай гэр гэртээ нуугдацгааж байна. Цонх руугаа ч ойртож болохгуй шүү гэж мэдэгдэж байна….

Казахстаны бүх нутаг даяаар 14 хоногийн Байлдааны Онц байдал зарлаж, хөл хорилоо.

Нутгийн минь хөх тэнгэр, Дорнодын минь Хан уул маань намайгаа харж хандаж байгаа гэж найдая, дараа энх мэнд уулзацгаая! хэмээжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet