НИЙГЭМ

Ц.Эрдэнэбаяр: Манай улс шатахууны 30 хоногийн нөөцтэй байх ёстой ч багасаж, 21-18 хоногтой байгаа

Гэрэл зургийг
MPA.mn

Сүүлийн өдрүүдэд бензиний хомсдол үүсэхээс сэргийлж буй гэх шалтгаанаар шатахуун түгээх штанцууд АИ-92 бензинийг хязгаарлалттай олгож байгаа. Харин АИ-95 автобензиний үнэ энэ сард гурван удаа нэмэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шатахуун түгээх станцууд харилцан адилгүй буюу 2550-2650 төгрөгөөр борлуулж байна.

Үүнтэй холбоотойгоор АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “2021 оны есдүгээр сараас бүтээгдэхүүн импортын хэмжээ багассан. Манай улс ОХУ-ын Рос-Нефть компани дахь Ангарск дахь газрын тосны үйлдвэрээс АИ-92 автобензинийг нийлүүлэлтээр авдаг. Үйлдвэрлэлийн өөрийнх нь процесс, засвар үйлчилгээ, ОХУ-д болж буй дотоод сонгууль гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж дотоодын хэрэгцээ нэмэгдсэн. Улмаар есдүгээр сард манайд нийлүүлдэг АИ-92 бензиний хэмжээг бууруулсан. Үүнийг дагаад Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ багассан. Манай улс шатахууны 30 хоногийн нөөцтэй байх ёстой. Одоо 21, 18 гэх мэтээр нөөц багасаж. Хомсдол үүсээгүй зөвхөн нөөцийн хэмжээ багассан.

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр.
Гэрэл зургийг MPA.mn

Энгийн АИ-92 автобензиний үнийн хувьд өөрчлөлт гараагүй. Улаанбаатар хотын хэмжээнд 2050 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт зарим шатахуун түгээх станцуудад АИ-95 автобензиний үнэ өссөн. Үүнтэй холбоотой манайхаас албан мэдэгдэл явуулна. АИ-95 бензин дээр буцаагаад үнэ бууруулах арга хэмжээг авч ажиллана.

ОХУ-ын Роснефть компаны Ангарск үйлдвэр нь аравдугаар сарын дундуур хэвийн горимоор ажиллана гэсэн мэдээллийг өгсөн” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet