11 сарын 28, Бямба
УЛС ТӨР

Ц.Элбэгдорж хавтаст хэрэгтэйгээ танилцаж дууссан байна

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нар энэ сарын 19-23-нд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 80 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнийхээ 13-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12-т хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлж, 55 гомдол, мэдээлэл хянаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 492 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас найман хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах саналтай НПГ-т шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлсэн найман хэргийн дунд олны анхаарал татсан нэг хэрэг буй нь Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид холбогдох хэрэг юм. Түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсгийн “Зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон” хэмээн тодорхойлж, уг хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсгийн “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх үндэслэлээр 2020 оны нэгдүгээр сарын 30-нд НПГ-аас яллагдагчаар татаад байгаа юм. Түүнийг буруутгаж буй гол үндэслэл нь “Монголросцветмет” болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг ОХУ-ын “Ростех” корпорацаас Худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэгийн хөрөнгө оруулсан “Монголын зэс корпорац” ХХК-ийнхан хууль зөрчин худалдан авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хамтран оролцсон хэмээн яллагдагчаар тооцсон билээ.

Улмаар Д.Эрдэнэбилэг, Ч.Сайханбилэг, О.Орхон тэргүүтэй 13 хүнтэй уулзахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ шүүхээс авч байв. Зарим мэдээллийн хэрэгслээр нэлээд хэд хоногийн өмнө “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ” хэмээж байсан ч тухайн үед хэргийг шилжүүлээгүйг эх сурвалжууд батлав. Түүнийг АТГ-ын мөрдөгч нар орон нутгийн сонгуулийн өмнө болон дараах ажлын өдрүүдэд хавтаст хэрэгтэй нь танилцуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан баримтуудтай танилцуулж дуусчээ. Тиймээс яллагдагчийг хавтаст хэргийнх нь хамтаар НПГ-ын хяналтын прокуроруудын мэдэлд шилжүүлсэн байна. Хяналтын прокурорууд хавтаст хэрэгтэй 30 хоногийн хугацаанд танилцаж, шаардлагатай бол хугацааг нь сунган хянаад хэргийн бүрдэл хангагдсан гэж үзвэл харьяалах шүүхэд шилжүүлэх юм.

1 сэтгэгдэл

  1. Avatar

    Зочин

    2020-10-28

    Иймэрхүү тойруу зүйлээр шийгээд байвал монголд шийтгүүлэхгүй хүн бий юу?Энэ бол хонзон авах гэсэн хорон арга.Элбэгдоржийндэргэд хотыг хог болгосон Энхболды г шал гавал материал гараад л харахад бэлэн.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш