СОЁЛ УРЛАГ

Ц.Цэрэндорж: Тэр жижигхэн ертөнцийн алга таших чимээгээр би цэнэглэгддэг

Энэ удаагийн дугаарын зочноор Монгол Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчин Ц.Цэрэндоржийг урилаа. Тэрбээр сүүлд театрын бүтээл болох “Пөөдөө” тайз дэлгэц хослосон бүрэн хэмжээний кинонд ажилласан юм.

-Театр маань Монголдоо анхдагч болсон тайз дэлгэцийн бүтээлийг амжилттай хийлээ. Таны хувьд энэ бүтээлд эсрэг дүр дээр ажилласан гэж сонслоо?

-Театр маань одооноос хэвийн үйл ажиллагаанд орж байна.Бид жилдээ 3-4 шинэ бүтээл хийдэг. Үүний нэг нь Монголдоо анхдагч, Азидаа хоёрдугаарт бичигдэх зөвхөн таягт хүүхэлдэй тоглуулсан “Пөөдөө” уран сайхны киног амжилттай хийлээ. Монголын кино салбарт урдаа барьдаг уран бүтээлчид оролцсон. Энэ бүтээл маань бүх насныханд зориулсан. Удахгүй нээлтээ хийнэ. Үүний дараа “Эрэлхэг Пөөдөө” гээд тайзны жүжиг хийнэ. Миний хувьд энэ бүтээлд эсрэг дүр дээр ажилласан. Муу талын баатар юм даа.

-Өөрийг тань эсрэг дүрээр харж байсангүй. Муу талын баатрыг хэрхэн бүтээсэн бол. Сонирхолтой байна шүү?

-Найруулагчид ихэвчлэн надад эерэг дүр санал болгодог. Ялангуяа инээдмийн. Харин энэ кинонд Хялар луус гээд эсрэг дүр дээр ажиллалаа. Манай театрын үзэгч хүүхдүүд их хөөрхөн. Эерэг дүрээ их хайрладаг. Тайзан дээр муу баатар гараад ирэхээр л шуугилдаад эхэлдэг. Эсрэг талын баатар луу юм шиднэ, чин сэтгэлээсээ уурлана, уйлна. Би хүүхдийн инээх мөчийг харахдаа хүүхэлдэйн жүжигчин болсноороо хамгийн их бахархдаг. Бид удахгүй тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан “Аз жаргалтай ханхүү” жүжиг тоглохоор бэлтгэж байна. Энэ бүтээлд би гол дүр дээр ажиллахаар болсон тул тусгай хэрэгцээт сургуулийн багшаар дохионы хэл заалгаж байна.

-Хүүхэлдэйн театрын уран бүтээлчдийн хувьд их хөдөлмөрч юм шиг санагддаг?

-Театр маань орон тооны хувьд цөөхөн байдаг учир бид жүжиг эхлэхээс дуусах хүртэл бүхий л ажилд гар бие оролцдог. Өөрсдөө хүүхэлдэй урлахад туслахаас эхлээд тайзаа хүртэл засдаг. 

-70 гаруй жилийн түүхтэй театрт ажиллаж байгаадаа мэдээж  баярлаж, бахдах үе олон байсан байх даа?

-Хүүхдийн инээд цалгисан энэ өргөөнд ажиллаж байгаадаа үргэлж талархаж явдаг. Учир нь хүүхэд гэдэг ямар ч хир буртаггүй цав цагаахан цаас шүү дээ. Тэр гэгээн ертөнцийн инээх, жижигхэн гараараа алга таших чимээгээр нь би цэнэглэгддэг. Манай ахмадууд ч хүүхдийн цагаан буян нэг л өдөр ирнэ гэж хэлдэг юм. Хүүхэлдэйн театрын хувьд 1948 онд анх “Гайхамшигт хайрцаг” жүжгээр нээлтээ хийсэн байдаг. Түүнээс хойш 70 гаруй жил уран бүтээл туурвиж байна. Зарим номонд бүр 1921 оноос ч өмнө Хүүхэлдэйн театрын суурь тавигдсан гэх нь бий. Мөн Чойжин буулгах үедээ ямааны тосоор хүүхэлдэй хийгээд олон утсаар дүүжилж буулгаад бүжиглүүлдэг байсан нь манай театрын эхлэл ч гэж бичдэг юм билээ. 

-Таны хувьд Хүүхэлдэйн теарт орсон нь хувь тохиол байв уу?

-Би 2011 онд КУДС-ийг Сугарын Болормаа багшийнхаа удирдлага дор төгссөн. Тухайн үед манай ангийн охин Хүүхэлдэйн театрт дагалдан хийдэг байлаа. Анх амьгүй хүүхэлдэйг амь оруулдаг гэж сонсоод сонирхож эхэлсэн. Оронгуутаа л нөгөө хүүхэлдэйнүүдийг нь тоглуулаад л бужигнуулж өгнө гэсэн дэврүүн мөрөөдөлтэй л орсон. Гэтэл юун шууд хүүхэлдэй тоглуулах. Дахиад нэг их сургуульд орсон юм шиг л мэдрэмж төрсөн дөө. Өдөр бүр хүүхэлдэйтэйгээ дасахын тулд байнга бэлтгэл хийнэ, гар хуруу өвдөхөөс эхлээд олон бэрхшээлтэй тулгарсан.

-Анхны гол дүр чинь юу байв?

-Би их азтай. Дөнгөж шалгалт өгөөд театрт орсныхоо дараахан Буратиногоор анх тайзан дээр гарч байлаа. Илбэчин, их сахилгагүй Буратино болж байсан. Одоо ч энэ дүрдээ хайртай байдаг. Түүнээс хойш “Лусын хааны охид”, “Том хамарт одой” гээд театрынхаа бүхий л уран бүтээлд оролцсон байна.

-Залуу жүжигчний хувьд та хоёр ч түүхэн дүр дээр ажиллажээ. Д.Нацагдорж гэдэг агуу хүний дүр дээр ажиллана гэж өмнө нь төсөөлж байв уу?

-Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулж “Монгол ардын суут” жүжгийг тоглоход миний бие энэ агуу хүмүүний дүр дээр ажиллах ховорхон боломж тохиосон юм. Энэ бүтээл Б.Баатар найруулагчийн сүүлчийн бүтээлийнх нь нэг. Ц.Хулан дарга зохиолыг нь бичсэн. Анх энэ дүр дээр ажиллана гэж бодоогүй. Найруулагч маань СУИС-аас нэг оюутан авчраад бэлтгэл хийсэн. Энэ л Д.Нацагдоржид яг тохирох хүүхэд гээд л. Намайг болохоор “Чи энэ хүүхдийн хэрхэн тоглохыг харж бай” гэсэн. Гэтэл өнөөх хүүхэд нь яваад өгөв өө. Найруулагч маань “Энэ хүүхдийг иртэл чи оронд нь бэлдэж бай” л гэнэ. Гэтэл яг жүжиг нээлтээ хийхийн өмнөх өдөр гэнэт “Чи тоглоно шүү” гэж хэлсэн. Үнэхээр гэнэтийн байсан. 

-Яг танай жүжигтэй зэрэгцээд УДЭТ-д бас зохиолчийн тухай “Жаргаагүй нар” жүжгийг тавьж байсан санагдаж байна?

-“Жаргаагүй нар” жүжиг их зохиолчийн мэндэлснээс хойшхи амьдралын бүхий л түүхийг өгүүлдэг. Харин манай жүжиг зохиолчийн үхлийн өмнөх шөнийн тухай, сэтгэлийн зөрчлийг нь өгүүлдгээрээ онцлог. Жүжиг маань цаг гучин минутынх хэрнээ гуравхан тайзтай. Тайзан дээр морины толгой үргэлжлээд бие нь араг яс байдаг. Найруулагчийн хувьд тайзны нэг ширхэг жижиг хэрэглэлээрээ хүртэл санаа хэлэх гэж зорьсон. Жүжигт зохиолч “Элгэн хайртай миний монголчууд эх болсон монгол сайхан хэлээрээ нэгнээ ойлгодог болсон тэр л цагт би эргэж ирнэ” гэж хэлсэн байдаг. Тэр үг нь одоог хүртэл миний санаанаас гардаггүй юм.

-Жүжиг нээх өдөр бас өөрийг тань бие нь өвдсөн гэдэг яриа байдаг. Тухайн үед юу болсон юм бэ?

-Оройных нь 19:30 минутад бид жүжгээ нээх байсан. Гэтэл өглөө нь миний хэвлийгээр хатгаад тэрийчихсэн. Түргэн дуудсан чинь олгой байна, яаралтай хагалгаанд оруулахгүй бол болохгүй гээд аваад явчихлаа. Тухайн өдөр нээлтэндээ бид баахан сайд дарга нарыг урьчихсан байсан юм. Тэр цагт багшийн минь хэлсэн “Өвчин зовлонтой байсан ч чи үзэгчдээ хүндлэх ёстой. Уран бүтээлч хүнд золиос гаргах үе олон ирнэ” гэсэн үг л толгойд эргэлдээд байсан. Тиймээс эмнэлэг дээр очоод эмчээсээ хагалгаанд орохгүй, өвчин намдаагч хийлгээд явъя гээд гуйсан л даа. Эмнэлгийн зүгээс намайг өргөдөл бичиж өг гэсэн. Эмнэлгээс гараад уламжлалт эмнэлэгт очоод зүү тавиулаад унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь 18 цаг болчихсон Ц.Хулан дарга маань миний хажууд зогсож байна. Тэгээд л нөгөө эмнэлгээсээ нэг эмч аваад театр дээрээ очоод жүжгээ нээж байсан түүхтэй. Өнөөх эмч маань хамгийн урд талын эгнээнд суучихсан. Намайг ухаан алдах л юм бол зүү тавина гээд бэлтгэлтэй. Жүжиг дуусахад миний хөл салганаад, хөлс асгарчихсан байж билээ. Хамгийн сайхан нь жүжиг дуусахад Б.Баатар найруулагч тайзан дээр гарч ирээд “Би олон юм яримааргүй байна. Ганц л хүнд баярлалаа гэж хэлээд үнсмээр байна. Тэр нь гол дүрд тоглосон Ц.Цэрэндорж гээд хүүг. Олгой нь хөөрхий дотроо хагарчихсан юм байна хөөрхий. Чи жинхэнэ уран бүтээлч байна” гээд духан дээр үнэрлэсэн. Тэр үед жүжигчин болсноороо хамгийн их бахархаж, бардаж, баярлаж билээ.

– Нэг түүхэн  дүр нь “Мял богдын намтар” жүжиг байхаа?

-Би энэ дүрээр “Гэгээн муза” наадмын “Хүүхдийн жүжиг”-ийн төрөлд “Шилдэг эрэгтэй гол” дүрийн шагнал хүртэж байсан. Энэ жүжгээрээ хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлсэн гэж боддог. Учир нь би бага байхдаа их өрөвчхөн сэтгэлтэй хүүхэд байлаа. Өөрийгөө их том ламын хойд дүр гэж боддог байсан. Тухайн жүжгийг яг тэр Мял Богдын хойд дүр гээд найман настай хүү Төвдөөс ирж үзэж байсан. Тухайн үед их сайхан мэдрэмж төрсөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ГАНТУЛГА

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 5 (6737)

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet