УИХ

Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томиллоо

Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсоноор түүний оронд дараагийн хүнийг томилох шаардлагатай болсон юм. Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигчийг томилуулах тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэж, сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигч Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томиллоо.  

Томилгоог УИХ-аар хэлэлцэх үеэр хууль тогтоогчид цар тахлын нэг удаагийн хуулиар төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилгоо хийж байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Мөн 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт муу байгааг онцолсон юм. Хэрэгжилт муу байгаа шалтгааны нэг нь Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа сул байгаатай холбоотой гэдгийг ч хэлж байв. Цаашлаад халаа сэлгээ ихээр хийгдэж төрийн албыг тогтворгүй болгож байгааг цаашид анхаарч ажиллахыг хүслээ. Ялангуяа сонгуулийн үр дүнгээс шалтгаалж улс төрийн зорилгоор томилгоо хийгддэг асуудлыг өөрчлөх чиглэлд ажиллах ёстойг сануулсан юм.

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгсийн хувьд хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, мөн МУИС-ийн Эдийн засгийг сургуульд бизнесийн удирдлагын магистр, Австралийн Флиндерсийн Их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. 1998-2020 онд Хөдөлмөр зохицуулалтын газарт мэргэжилтнээс эхлээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын даргын албан тушаалыг хашсан байна. 2020 оноос Төрийн албаны зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа юм. Түүнийг томилсноор Төрийн албаны зөвлөл нь дарга Б.Баатарзориг, гишүүдээр С.Цэдэндамба, Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан, Ц.Амартөгс гэсэн бүрэлдэхүүнтэй болж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet