11 сарын 30, Даваа
COVID-19

Цар тахлын улмаас 270 орчим сая хүн өлсгөлөнгийн ирмэгт хүрнэ

Норвегийн Нобелийн хороо 2020 оны Нобелийн энхтайвны шагналыг Дэлхийн хүнсний хөтөлбөрт олгоссон. Тус хороо Дэлхийн хүнсний хөтөлбөрийн өлсгөлөнг дайн, мөргөлдөөний зэвсэг болгон ашиглахаас урьдчилан сэргийлэхэд гаргаж буй хүчин чармайлтыг онцгойлон сайшаасан. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Биасли Норвегийн Нобелийн хорооноос саяхан хүнсний хороонд энхтайвны шагналыг олгохоор болсон нь дэлхийн удирдагчдад 2021 онд хүмүүнлэгийн нөхцөл байдал 2020 оноос ч дор байж магадгүй гэсэн сэрэмжлүүлэг өгөх гэсэн оролдлого хэмээн AP агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Тэрбээр “Дэлхийн удирдагчид бэлэнгэ мөнгө болон урамшууллын багц олгох, өр төлбөрийг хойшлуулах зэргээр 2020 онд өлсгөлөн, хямрал хүрээгээ тэлэхээс сэргийлсэн. Харин 2021 онд байдал улам дордоно” хэмээсэн байна. Азийн хөгжлийн банк коронавирусийн цар тахлын улмаас 270 орчим сая хүнийг өлсгөлөнгийн ирмэгт хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлээд буй. Түүнчлэн бага, дунд орлоготой орнуудын эдийн засаг улам бүр доройтож байгааг тус банкнаас анхааруулсаар байгаа юм.

Биасли болзошгүй хямралыг Титаниктай зүйрлэж, “Бид яг одоо мөсөн ууланд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна. Мөсөн уул бол өлсгөлөн, тогтворгүй байдал, шилжилт хөдөлгөөн” гэв. Түүний үзэж буйгаар Дэлхийн хүнсний хөтөлбөр ирэх жил өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалтай холбоотой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дор хаяж 15 тэрбум ам.доллар шаардлагатай аж. Дэлхийн хүнсний хөтөлбөрийг 1961 онд НҮБ-аас хямралд орсон бүс нутгуудад туслах зорилгоор туршилтын механизм болгон байгуулсан боловч олон жилийн турш хүнсний аюулгүй байдал, өлсгөлөнгийн асуудлыг шийдвэрлэсэн хамгийн том хүмүүнлэгийн байгууллагуудын нэг болж өргөжөөд байгаа юм.

Эх сурвалж: https://sputniknews.com/

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш