ИРГЭНИЙ ӨНЦӨГ

“ХӨХӨӨ” гэж кино БҮТЭЭЛ юм аа

“Сайхан хаана орших вэ? Үнэнд оршино…” гэж урлагийн онолын номуудад олон дурдсан байдаг…

Киноны туршид ямар нэгэн хиймэл зүйл байхгүй. Үзэгчийг уйлуулж, инээлгэх гэсэн эсвэл эмзэглүүлэх гэсэн чинэрсэн хүчилсэн юм огт байхгүй. Бүр хөгжим ч байхгүй.

Зүгээр л амьдралын бодит ҮНЭНЭЭР бялхжээ. ҮНЭН зохиол, ҮНЭН найруулга, ҮНЭН зураг авалт, ҮНЭН жүжиглэлт, ҮНЭН орчин, Бас харгис ХАТУУ ҮНЭН. Зохиол, Найруулга, Тэр тусмаа зураг авалтын зохиомж, гэрлүүд, далд өгүүлэмж тансаг болжээ.

Энэ бүхний дундаас Ц.Цэрэнболд жүжигчин дүрдээ ууссан орж, гүндүүгүй, гүжирмэг, молхи хатуу, хээгүй атлаа уян зөөлөн, хэнэггүй боловч холч бодолтой, борог Монгол эрийн нэгэн хэв шинж дүрийг урлан бүтээж чаджээ. Хэлж болохгүй үнэнийг хэнд ч үг алдалгүй өөрөө тээж чаддаг, хийж боломгүй хатуу үйлийг ч хийж чадах нэг тийм хүчирхэг бодит дүр болжээ.

Уг кинонд олон яруу зүйрлэл, далд бэлгэдэл, нууцлал метафорууд шингэсэн нь дахин дахин үзэх хүсэл төрүүлэх аж.

Зөвхөн үзсэн хүн л ойлгох хэдэн метафор : Спойл биш шүү

Нэгэн хөхөө ертөнц хэмээх зуурдын хавцал дунд үлдчихээд манант өглөө тоонон дээгүүрээ үрсээ эргэнэ.

Хүлээсэн итгэл нь хөх тэнгэрийн тэрлэгээр гоёж ирээд ухамсарт нь цөхрөл болон ургахад, хэдийнээ сэмэрч цоорсон хуучин дээлээ тайлж үлдээгээд үүрд нисэн одохыг хүснэ.

Зуурдаас одохын өмнө ангаахайнууд нь нас гүйцсэн ч балчир хэвээрээ орилон чарлах хуурмаг уйлаан, онцгой нялуун үгсийн цуглуулга, нэгэнт өмсөхгүй торгон дээл, авах, идэх, явах хүсэл шунал. Энэ бүхэн тамхины утааг сүүлчийн удаа сорхосоос ч хямдхан ажээ.

Харин тэдний дунд уяатай ботго шиг гадсаа тойрон оршихдоо Шамбалын үүдний гархин түгжээг хэдийнээ тайлчихсан нэгэн байх аж. Одоо улаан авдар шинэ эзэнтэй болж, дараагийн нүүдэл эхэлнэ.

via Ido Nyamsuren

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet