11 сарын 30, Даваа
COVID-19

Хөл хорионы үед бид юу хийж болох вэ

Дэлхий нийтийг өвдөг сөгдүүлээд буй шинэ төрлийн коронавирусийн халдвар өдгөө 56 саяыг хол даваад байна. Дэлхийн өнцөг булан бүрт өдөрт хэдэн зуун мянгаараа бүртгэгдэж, нас баралтын тоо ч буурахгүй нь.

Монгол Улсын хувьд коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол энэ сарын 20-ны байдлаар 555, үүнээс дотоодын халдвар 120 болсон нь тун тоогүй мэдээ байв.

Юутай ч УОК-оос тогтоосон 14 хоногийн хөл хорионы үеэр халдварыг барьж, голомтыг нь бүрэн тогтоож чадна гэдэгт ард иргэд итгэж байгаа.

………………………………………………………………………………

За тэгвэл хөл хорионы 14 хоногийг бид хэрхэн үр ашигтай, бүтээлчээр өнгөрүүлэх вэ. Энэ хугацааг өдөр хоногийг аргацаах бус өөрийгөө сорьсон, өөрийн нөөц боломжийг нээн танин мэдсэн, бусдыг ойлгож, тэдэнд сайхан дурсамж үлдээсэн, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх үнэтэй цаг хугацаа гэж харвал ямар вэ?

Ингээд хөл хорионы хугацаанд хийж болох зүйлсийн санааг танд дэвшүүлье.

ЭЭЖҮҮД

  1. Хүүхдээ хараад гэртээ суудаг ээжүүдийн хувьд МАШ САЙН АМАРЧ АВАХ цаг. Гэртээ хийдэг байсан бүх ажлаа нөхөртэйгөө хамтран хийж, ӨӨРТӨӨ ЦАГ ГАРГА. Яагаад халуун устай ваннд бүхэл цагийн турш унтаж болохгүй гэж.
  2. Өөрийнхөө бүх хувцсыг ангил. Бүхнийг бусдын төлөө гэсээр, бүгдийг энэ биеэрээ амжуулах гэсээр та хамгийн сүүлд хэзээ шүүгэндээ доривтойхон гар хүрсэн бэ. Хэрэгтэйг нь авч, хэрэггүйг нь шуудхан хая. Ингэхдээ өнөөх нэвсгэр, бараан өнгийн, олон жил болсон хувцаснууддаа гойд анхаарч шүүлт хийгээрэй. Энэ бүхнийг нөхрийнхөө нүдэн дээр цэгцэлбэл сайн. Гэлээ гээд шинэ хувцас нэхэж байгаа хэрэг биш бөгөөд таны нөхөр үнэнийг мэдэх, харах хэрэгтэй.
  3. Цэвэрлэх гээд чаддаггүй байсан зүйлсээ нөхөртэйгээ хамт хийж болно. Тухайлбал, хана, тааз, цонх, өндөр шүүгээний дээд тавцан гээд гар хүрдэггүй, хүч дутаад байсан хэсгийг цэвэрлэж ав.
  4. Хүүхдийн хичээл, сурлагатай танилцаж болох алтан цаг. Теле хичээлийг нь хамт суугаад үз, хий. Эндээс та өнөө цагийн боловсролын заах арга барил, бүтцийг мэдэхээс гадна таны хүүхэд хэр оюуны чадамжтайг хэн нэгний амнаас бус шууд мэдэрч болно.
  5. “Сэглээд” орхисон номнуудаа дуусга. Гэрийн ажлаас үүдэн уншиж. дуусгаагүй ном эзэгтэй нарт маш олон байдаг. Тэгвэл хорионы 14 хоногийг ашиглаад дуусгалгүй орхисон номнуудаа дуусгаад аваарай.

ААВУУД

  1. Ажил, гэр гэсэн маршруттай явсан та одоо л эхнэртэй, гэр бүлдээ цаг гарга. Энэ хүндхэн цаг үеийг эргээд дурсахад яагаад хамгийн хөгжилтэй дурсамжаар дүүрэн нь байж болохгүй гэж.
  2. Хүүхдүүдээ сонс. Тэд хэрхэн том болсныг, ямар санаа бодолтой нэгэн болж хүмүүжиж байгааг хараарай. Эндээс та ирээдүйд хүүхдээ хэрхэн чиглүүлэх ёстойг олж мэдэх болно.
  3. Гэр бүлийнхэндээ дараа гэж хэлээд хойшлуулсан зүйлсээ хийж өг. Жишээ нь: Хүүхдүүдтэй үзнэ гэж амлаад амжаагүй кинонуудаа хамт үзэж болно.
  4. Гэрийнхээ эвдэрч, хэмхэрсэн зүйлсийг сайхан зас.
  5. Эхнэртээ тавих анхаарал, халамжаа сэргээ. Илүүднэ нь л гэж байхгүй шүү дээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш