ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хүчирхийллийн хэрэгт холбогдсон Хунтайж Эндрюгийн цэргийн цолыг хурааж, Эрхэм дээдэс хэргэмийг ашиглах эрхгүй болжээ

61 настай хунтайж Эндрю бэлгийн хүчирхийллийн хэргээр АНУ-ын иргэний нэхэмжлэлтэй тулгараад байгаа бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан Букингемийн ордон түүний цэргийн цолыг хурааж, хааны гэр бүлийн дэмжлэгийг зогсоож, Эрхэм дээдэс хэргэмийг албан ёсоор ашиглах эрхгүй болгожээ.

Йоркийн герцог түүнд тулгаад байгааг хэргийг байнга няцаасаар ирсэн. Виржиниа Жиффре гэх эмэгтэйн Нью-Йоркт үүсгэсэн хэргийн эсрэг “өөрийгөө үргэлжлүүлэн хамгаална” гэж гүнгийн ойрын эх сурвалж хэлэв.

Букингемийн ордны мэдэгдэлд “Хатан хаан зөвшөөрч, тохиролцсоны дүнд Йоркийн гүнгийн цэргийн холбоо, хааны ивээлд хамрагдах эрхийг Хатан хаанд буцааж өгсөн. Йоркийн герцог цаашид төрийн ямар ч үүрэг хүлээхгүй бөгөөд иргэний хувиар энэ хэрэгт оролцох болно” гэжээ.

Энэ асуудлыг хааны гэр бүлийнхэн өргөнөөр хэлэлцсэн гэж эх сурвалж хэлэв.

Йоркийн гүн хааны тэнгисийн цэргийн флотод 22 жил ажилласан бөгөөд Фолкландын дайны үеэр нисдэг тэрэгний нисгэгчээр ажиллаж байжээ. Тэрээр Британийн армийн хамгийн ахмад явган цэргийн нэгтгэлийн нэг болох Гренадийн харуулын хурандаа зэрэг цэргийн цолуудаа алдах боловч дэд адмирал цол хэргэмээ хадгална гэдгийг ордон батлав.

Бусад хэд хэдэн буяны байгууллагууд герцогтой харилцаагаа тасалсан боловч тэрээр нэр хүндтэй гольфын клуб, сургууль, соёлын итгэмжлэлийн ивээн тэтгэгч эсвэл гишүүн байх зэрэг олон арван хааны гэр бүлийн эдэлдэг боломжуудыг эдэлсэн хэвээр байх юм.

Хунтайж Эндрюгийн холбогдоод байгаа бэлгийн хүчирхийллийн хэргийн дурдвал: Өдгөө 38 настай хатагтай Жиффре 2021 оны наймдугаар сард Нью-Йорк хотод хуулийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн юм. Жиффре өөрийгөө талийгаач тэрбумтан санхүүч Эпштейний бэлгийн наймаа, хүчирхийллийн хохирогч болсон гэж мэдүүлээд байгаа.

Эпштейний хүчирхийллийн нэг хэсэг нь насанд хүрээгүй хохирогчдыг бусад нөлөө бүхий хүмүүст зээлдүүлдэг байсан бөгөөд Эпштейн Жиффрег 17 настай байхад нь хунтайж Эндрютэй бэлгийн харьцаанд оруулахын тулд худалдаалж, АНУ-ын хуулийн дагуу насанд хүрээгүй байхад нь герцог түүнийг Их Британи болон АНУ-д гурван удаа хүчирхийлсэн гэж мэдэгджээ.

Хатан хааны хоёр дахь хүү 2019 онд “BBC Newsnight”-д өгсөн ярилцлагадаа Жиффретэй уулзсанаа огт санахгүй байгаа бөгөөд АНУ, Их Британид бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлээд байгаа шиг зүйл болоогүй гэж хэлсэн.

Эндрю ярилцагын үеэр Жиффрегийн мэдэгдлийг үгүйсгэж, Эпштейн болон түүний найз бүсгүй Гислейн Максвеллтэй нэг удаа нөхөрлөж байсан тухайгаа тайлбарлаад ярилцлагын дараахан олон нийтийн амьдралаас хөндийрсөн юм.

Өнгөрсөн сард Эпштейний найз бүсгүй, дараа нь бизнесийн хамтрагч нь болсон Гислейн Максвелл насанд хүрээгүй охидыг бэлгийн хүчирхийлэлд өртөхөд нь тусалсан, тэднийг худалдаалсан хэрэгт буруутай нь тогтоогдсон билээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet