ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хойд Солонгосын хакерууд 2021 онд 400 сая долларын криптовалют хулгайлсан гэж мэдээлэв

Хойд Солонгосын хакерууд өнгөрсөн онд криптовалютын платформ руу долоон удаа халдлага үйлдэж, 400 орчим сая долларын үнэ бүхий дижитал хөрөнгийг хулгайлсан гэж тайланд дурджээ. Блокчейн шинжилгээ хийдэг “Chainalysis” компани зүүн Азийн хаалттай орны кибер гэмт хэрэгтнүүдийн хувьд хамгийн амжилттай жилүүдийн нэг байсан гэж мэдэгдэв.

Халдлагад голчлон хөрөнгө оруулалтын пүүсүүд болон төвлөрсөн биржүүдийг онилсон байна. Харин Хойд Солонгос хакерын халдлагад оролцсон гэдгээ байнга үгүйсгэдэг.

“2020-2021 онд Хойд Солонгостой холбоотой хакерын халдлагын тоо дөрвөөс долоо болж өссөн бөгөөд эдгээр халдлагаас олж авсан хөрөнгө нь 40 хувиар өссөн” гэж “Chainalysis”-ийн тайландаа дурджээ.

Хакерууд байгууллагуудын “халуун” хэтэвчнээс мөнгө татаж, фишинг, кодын мөлжлөг, хортой программ зэрэг олон арга ашиглан Хойд Солонгосын хяналтад байдаг хаяг руу шилжүүлдэг гэж тус компани мэдэгдэв.

Криптовалютын халуун түрийвч нь интернет болон криптовалютын сүлжээнд холбогдсон тул хакердуулах эрсдэлтэй. Хэтэвтчийг криптовалютыг илгээх, хүлээн авахад ашигладаг бөгөөд хэрэглэгчдэд хэдэн токен байгааг харах боломжийг олгодог.

Олон шинжээчид өдөр тутамд шаардлагагүй их хэмжээний криптовалютыг интернетэд холбогдоогүй “хүйтэн” түрийвч рүү шилжүүлэхийг зөвлөдөг байна.

“Chainalysis”-ийн мэдээлснээр өнгөрсөн жилийн ихэнх халдлагыг Хойд Солонгосын тагнуулын ерөнхий товчооны хяналтад байдаг АНУ-аас хориг арга хэмжээ авсан хакерын бүлэг болох Лазарус групп үйлдсэн байх магадлалтай гэв.

Лазарус группыг өмнө нь 2014 онд “WannaCry” хортой программын халдлага, олон улсын банк, харилцагчийн дансыг хакердсан, “Sony Pictures”-д хийсэн кибер халдлагад оролцсон гэж буруутгаж байжээ.

Хойд Солонгост тавьсан хориг арга хэмжээг хянадаг НҮБ-ын зөвлөл нь Пхеньяныг хулгайлсан хөрөнгөө цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөө дэмжихэд ашигласан гэж сэжиглэж байгаа юм.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард АНУ Хойд Солонгосын гурван компьютерын программистыг 1.3 тэрбум долларын мөнгө болон криптовалют хулгайлах зорилготой хакерын халдлагад буруутгаж байсан. Кибер халдлагад банкнаас эхлээд Холливудын кино студи хүртэл компаниуд өртсөн гэж Хууль зүйн яам мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet