НИЙГЭМ

Улсын начин Э.Энхбат таалал төгсчээ

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулсаны улмаас хүнд гэмтэл авч, эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат өнөөдөр таалал төгсчээ.

Тэрбээр БНСУ-д цөөнгүй сар эмчлүүлсэний эцэст энэ сарын дундуур эх орондоо ирсэн юм. Түүнийг ар гэрийнхэн нь “Сонгдо” эмнэлэгт хэвтүүлээд байсан билээ.

Хэргийг эргэн сануулахад, Улсын начин Э.Энхбат,  гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар дөрөвдүгээр сарын 2-ны өдөр маргалдаж, улмаар Э.Энхбатын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан. Хохирогч ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад, биеийн байдал сайжрахгүй байсан тул гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай болж, Өмнөд Солонгосыг зориод дээрдээгүй тул эх орондоо ирсэн билээ.

Н.Түвшинбаярын хувьд хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн.

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн юм.

Шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байгаа.

Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet