АФГАНИСТАН

Талибанчууд цаазаар авах, гар тайрах ял, шийтгэлийг сэргээж буйгаа мэдэгдлээ

Талибан хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг, өмнө нь Афганистаныг Талибанчууд удирдаж байх үед лалын хууль сахиулагчаар ажиллаж байсан Мулла Нуруддин Тураби “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагадаа цаазаар авах, гар тайрах ял, шийтгэлийг дахин сэргээнэ гэж мэдэгджээ.

Талибанчууд өнгөрсөн наймдугаар сарын 15-нд Кабулыг эзлэн, хяналтдаа авснаас хойш Афганчууд болон дэлхий нийт 1990-ээд оны сүүлчээр хэрэгжүүлж байсан хатуу дэглэмээ дахин сэргээх эсэхийг ажиглаж байсан юм. Тэгвэл Мулла Нуруддин Турабигийн ярилцлага бүлгийн удирдагчдын байр суурийг харууллаа.  

60 гаруй настай Тураби нь Талибаны өмнөх засаглалын үед Хууль зүйн сайд, Ариун журмыг сурталчлах, бузар үйлээс урьдчилан сэргийлэх яамны тэргүүнээр ажиллаж байв. Тухайн үед Кабул дахь Спортын цэнгэлдэх хүрээлэнд эсвэл олон зуун Афган эрчүүдийн цуглардаг Эйд Гах сүмийн талбайд шийтгэл гүйцэлдүүлдэг байжээ.

Хүн амины хэрэг үйлдсэн ялтнуудыг цаазаар авахдаа ихэвчлэн толгой руу нь бууддаг байсан бөгөөд хохирогчийн ар гэрийнхэн ялыг гүйцэтгэдэг байв. Хэрэв “цусны мөнгө” гэх төлбөрийг хүлээн зөвшөөрвөл гэмт хэрэгтнийг амьд үлдээх боломжтой байсан аж. Харин хулгайч нарын хувьд гарыг нь тайрдаг байсан бол хурдны зам дээр дээрэм хийсэн хүмүүсийн гар, хөлийг тайрдаг байжээ.

Тухайн үед шүүх хурал, ял шийтгэл олон нийтэд нээлттэй байх нь ховор байсан бөгөөд шүүхийн байгууллагууд лалын шашны зүтгэлтнүүдийн шийдвэрээр хэргийг эцэслэдэг байжээ. Тэгвэл энэ удаад эмэгтэйчүүдийг багтаасан шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүх бөгөөд Афганистаны хууль тогтоомжийн үндэс нь зөвхөн Коран судар байх юм.

Харин олон нийтийн дунд шийтгэл гүйцэлдүүлэх эсэхийг Засгийн газар судалж байгаа бөгөөд энэ тал дээр бодлого боловсруулна гэж мэдэгдсэн байна.  Гэхдээ сүүлийн өдрүүдэд Талибаны дайчид өмнө нь хэрэглэж байсан шийтгэлээ сэргээж байгаа гэх мэдээлэл гарсан бөгөөд жижиг хэмжээний хулгай хийсэн хүмүүсийг олон нийтийн дунд жигшүүлэх аргаар шийтгэжээ.

Тураби нь Талибаны шинэ Засгийн газарт шоронгийн асуудлыг хариуцаж байна. Тэрбээр Талибаны өмнөх засаглалын үед тус бүлэглэлийн хамгийн догшин, тууштай үүрэг гүйцэтгэгчдийн нэг байсан юм. Тэрбээр “Талибанчууд телевиз, гар утас, гэрэл зураг, видео бичлэгийг зөвшөөрөх бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь тэдний захиасыг түгээх арга зам” гэжээ.

Эх сурвалж: AP

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet