11 сарын 28, Бямба
ЯРИЛЦЛАГА

С.Болд-Эрдэнэ: Жүжигчин хүнд дүрээ хэрхэн бүтээх вэ гэх шаналал, түгшүүр төрөхөө больчихвол аюултай

Үзэгчид түүнийг орчин цагийн Гамлет хэмээн нэрийдэж, гавьяат цолоор энгэрээ мялаах цаг аль хэдийн болсон гэж үнэлдэг. Үе үеийн найруулагч түүнд гол дүр оногдуулсаар ирсэн нь ур чадвар, чанар чансааг нь төвөггүйхэн илтгэх шиг. Гэвч “Би чадлаа” гэж хашхирч яваагүй даруухан эрхэм бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Сугарын хүү Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ. Тэрбээр цэл залуу нас, авьяас билэг, сэтгэл зүрхээ драмын урлагт зориулсаар яваа нэгэн. “Надаар тоглосон хайр”, Би ч гэсэн жаргамаар байна”, “Атга нөж”, “Тэнгэрийн хүү”, “Оролмаа эх”, “Гамлет”, “Дон Кихот” зэрэг Монголын төдийгүй дэлхийн олон арван шилмэл жүжгийн дүрээр амьдарч, асаж дүрэлзэж, бөхийж, тэмцэж, ялан дийлэгч хүмүүн билээ. Тайзны төдийгүй 30 шахам дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж, түүнээ үзэгчдийн сэтгэлд хоногшуулсан авьяаслаг жүжигчин. Тиймдээ ч найруулагч М.Батболд Германы суут зохиолч Гётёгийн “Фауст” жүжгийг Монголын үзэгчдэд таниулах эрхэм үүргийг түүнд олгосон биз ээ. Энэхүү хоёр бүлэг, 14 үзэгдэлт жүжгийг 2018 онд олны хүртээл болгож, С.Болд-Эрдэнэ гол дүрийг нь бүтээсэн юм. Өдгөө тэрбээр гурав дахь удаагаа хүн төрөлхтний мөнхийн асуултын эрэлд гарахаар зэхэж байна.

-Жүжгийн бэлтгэлийн хэсгээс үзэж сонирхлоо. Нэлээд жигдэрчихсэн харагдаж байна. Бэлтгэл сургуулилалт амжилттай юу?

-Энэхүү жүжгийн тухайд өмнө нь хоёр ч удаа тайзнаа тавигдсан. Маш шинэлэг тавилттай пост модерн жүжиг. Хамгийн анх 2018 онд Соёлын төв өргөөнд нээлтээ хийж байлаа. Өнгөрсөн жил “Корпорэйт”-ийн тайзнаа тавигдсан. Үзэгчид маш гоё хүлээж авсан. Энэ жилийн тухайд, есдүгээр сарын 17-20-нд дахин “Корпорэйт”-ийн тайзнаа тавих гэж байна. Хугацаа тун дөхжээ. Өмнө нь тоглож байсан жүжиг учраас харьцангуй хурдан сэргэж, тавилтаа санадаг л даа. Гэхдээ жүжигчдийн бүрэлдэхүүн шинэчлэгдсэн.Тодруулбал, Мефистофелийн дүрд “Х ТҮЦ” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Т.Бархүү, Маргаритагийн дүрд залуу жүжигчин н.Цэлмүүн тоглож байгаа. Тиймээс маш сонирхолтой болох байх. Одоогийн байдлаар тайзны нэгтгэл явж байна. Жүжиг бол багийн ажил, хамтын бүтээл. Зөвхөн найруулагч, жүжигчнээс гадна тайзны ар дахь маш олон хүний сэтгэл хөдөлмөрөөр бүтдэг.

-Дэлхийн алдарт “Фауст” жүжиг Монголын үзэгчдэд анхлан хүрэхэд та гол дүр бүтээсэн. Одоо ч бүтээж байна. Тэгэхээр цаашид Фаустыг таниар төсөөлж, дараа дараагийн жүжигчдийг таньтай жишнэ. Бахархалтай сайхан ч түүнтэй эн тэнцүү ачаа ирдэг үү?

-Тэгэлгүй яах вэ. Дэлхий дахинаа Мигель Сервантесийн “Дон Кихот”, Уильям Шекспирийн “Гамлет”, Гётёгийн “Фауст” жүжгийг драмын урлагийн гурван ноён оргил гэж үздэг. Надад “Гамлет” жүжгийн Гамлетын, “Фауст” жүжгийн Фаустын дүрд тоглох завшаан тохиосон. Энэ аугаа гурван жүжгийн хоёр гол дүрд тоглоно гэдэг их хувь заяа. Хүссэн хүн бүр тоглодог дүр биш шүү дээ. Тиймээс бахархалтай сайхан. Фаустын тухайд найруулагч М.Батболд надад санал тавьсан. Ийм санал хүлээж авахад маш сайхан санагдсан. Гэхдээ их том дүрийн санал авна, түүн дээр ажиллана гэдэг маш том хариуцлага. Ер нь найруулагч, тухайн уран бүтээлийн баг хамт олон хэн нэг жүжигчинд гол дүр өгнө гэдэг бол асар их итгэл хүлээлгэж буй явдал. Тиймээс чадах болов уу. Алдах болов уу, яах бол гэх мэт олон бодол, эргэлзээ үүснэ. Хэрэв дахин тоглож байгаа бол өмнөхөөсөө яаж сайжруулах вэ гэж тархиа ажиллуулах хэрэгтэй. Том дүр дээр ажиллахад түгшүүр гэх үү, зовуурь гэх үү нэг тийм мэдрэмж төрдөг. Угаас дүр дээр ажиллана гэдэг тийм л байдаг.

-Та Фаустын дүрийг гурав дахиа бүтээх гэж байна. Одоо ч тийм мэдрэмж төрж байна уу?

-Хэрвээ жүжигчин хүн дүр дээр ажиллахад нь шаналал, зовуурь, түгшүүр төрөхгүй болчихвол аюултай. Худлаа …

-Дэлгэцийн уран бүтээлчид ихэвчлэн бүтээсэн дүрээрээ нэрлэгдээд байна уу гэж анзаарагддаг юм. Харин таныг үзэгчид орчин үеийн Гамлет гэж нэрлэдэг юм билээ. Жүжигчин хүнд бүтээсэн дүрээрээ овоглуулахаас илүү шагнал үгүй байх?

-Ардын жүжигчин А.Очирбат агсан гэхэд Итгэлт баяны дүрээр Монголын ард түмний сэтгэлд хоногшсон. Бид тийм хэмжээнд хүртлээ ажиллах хэрэгтэй л дээ. Ер нь жүжигчний зорилго дүр бүтээх шүү дээ. Хэрвээ уран бүтээлийнхээ дүрээр нэрлэгдэж, танигдсан бол тухайн жүжигчин тэрхүү дүрийг сайн бүтээж л гэсэн үг. Жүжигчин хүн насан туршдаа хөдөлмөрлөхдөө гарын таван хуруунд багтахуйц маш цөөхөн дүр бүтээдэг. Тоглосон дүр гэвэл олон. Дүр бүтээнэ гэдэг тийм л хэцүү. Нээрэн л ийм хүн байдаг даа гэмээр, тэр хүн яг амьдрал дээр байгаа мэт хүний сэтгэлд буух дүр бүтээхэд жүжигчин хүнээс их зүйл шаарддаг. Насан туршдаа тийм дүр бүтээж чадахгүй ч байж магад. Кино урлагийн давуу тал нь илүү хүртээмжтэй. Тухайн кино нэгэнт бэлэн болчихвол кино театр, цахим орчин, телевизээр дамжин олон нийтэд хүрдэг. Хэдэн арван жилийн дараа ч гарсаар л байна. Гэхдээ дүр дээрээ дутуу ажиллачихвал засаж болохгүй учраас бас хэцүү. Хожим киногоо үзэх бүрдээ халаглаад л өнгөрөхөөс өөр замгүй. Мянга давтаж гаргаад ч хүний сэтгэлд хүрэхгүй шүү дээ. Харин драмын жүжиг тоглолтоос тоглолтод шинэчлэгдэж, сайжрах боломжтой. Гэхдээ 10, 20 жилийн өмнө тоглосон жүжгийнхээ дүрд би одоо тоглох боломжгүй байх жишээтэй. Энэ мэт ялгаа бий.

– М.Батболд найруулагчийн тухайд ярихгүй юу. Шинэ залуу найруулагчтай ажиллах ямар байна вэ?

С.Болд-Эрдэнэ Archives - Eguur.MN

-Манай М.Батболд дэлхийд алдартай Оросын театр урлагийн сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн. Аливаа уран бүтээлийг шинэлэг, зоригтой шийдлээр хийж чаддаг залуу. Юмыг өөрөөр сэтгэж, сонирхолтой зохиолуудыг олж харж, шинэ содон хэлбэрээр тавьж байна. Уран бүтээл өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд тасралтгүй үргэлжилдэг. Би М.Батболд найруулагчийг театр урлагийн залуу халаа, драмын урлагийг улам бүр түгээн дэлгэрүүлэхэд хөтөч болох шижигнэсэн залуусын нэг гэж боддог.

-Урлагийн гэр бүлд төрж өссөн болохоор багаасаа жүжигчин болно гэж мөрөөддөг байв уу?

-Аав минь найруулагч, багш хүн. Зургаан жилийн өмнө бурхны оронд одсон. Ээж, эгч хоёр жүжигчин, ах хөгжим тоглодог. Ингээд харахаар миний урлагт хэр ойрхон өссөн маань тодорхой биз. Аялан тоглолтоор хөдөө явахад нь аав ээжийгээ дагаад явна. Мундаг жүжигчдийн сургуулилалтаа хийж байгааг нь харж өслөө шүү дээ. Гэрт дандаа л кино, жүжиг, урлагийн тухай яриа өрнөнө. Гэхдээ яг үнэндээ би жүжигчин болъё гэж бодож байгаагүй. Арван жилээ төгсөөд мэргэжил сонгох болоход ээж маань намайг жүжигчин болохыг зөвлөсөн. Би өөрөө наймаа хийж бизнес эрхлэх сонирхолтой байлаа. Гэхдээ ээжийнхээ зөвлөгөөг дагасан. Нөгөөтэйгүүр, миний өссөн орчин нөлөөлсөн болов уу. Урлаг гэдэг тийм л аугаа. Үргэлж сонсож, үзэж харж байгаа учраас миний сэтгэлгээнд нөлөөлсөн хэрэг. Ээж намайг консурст бэлдэж, шүлэг, дуу, этюд гээд бүх зүйл дээр ажиллаж, “Миний хүү жүжигчин болж чадна” гэдэг итгэлийг өгч, хөглөсөн.

-Та найруулагч аавын жүжигчин хүү. Мөн аавынхаа шавь нь. Аав нь танд юу гэж захиж сургадаг байв?

-Аав минь найруулагч төдийгүй Соёл урлагийн их сургуулийн багш хүн байв. Мөн миний мэргэжлийн ангийн багш байсан. Аавынхаа шавь нь болчихоор эхэндээ их сонин байдаг юм билээ. Сургууль дээр “ А аваа гэж ” дуудах хэцүү, “Багшаа ” гэж дуудна гэхээр нэг л эвгүй. Гэхдээ яваандаа дасчихсан. Жүжигчний ангид ур чадвар, тайзны яриа, тайзны хөдөлгөөн гэж гол гурван хичээл байдаг. Аав ур чадварын хичээл заадаг байсан. Тэгэхээр миний тоглолтын арга барил ааваас улбаатай гэж хэлж болно. Миний урлагийн төдийгүй амьдралын багш, хамгийн том нөмөр нөөлөг минь байлаа. Мэдээж, эцэг хүн хүүгээ зөв яваасай, сайхан амьдраасай л гэж хүснэ. Түүний төлөө зам мөрийг нь чиглүүлнэ. Тэгэж захиж билээ гэж онцолж хэлэх зүйл алга. Аав хүний үг бүр сургаал байдаг болов уу. Мөн энэ жүжигт аавын шавь Т.Бархүүтэйгээ хамтарч ажиллаж байна. Энэ ярилцлагаар дамжуулаад амжилт хүсэж байгаагаа дуулгая. Аавынхаа шавь нарыг амжилттай, сайн сайхан явааг харах бахархалтай байдаг.

Аав миний урлагийн төдийгүй амьдралын багш, хамгийн том нөмөр нөөлөг минь байлаа. Тэгэж захиж билээ гэж онцолж хэлэх зүйл алга. Аав хүний үг бүр сургаал байдаг болов уу.

-Өөрөө найруулагч хүний хүүхэд учраас найруулагч нарт цензуртэй ханддаг тал байдаг уу?

-Үгүй дээ. Найруулагч надад ямар нэг дүр оноолоо гэхэд “Би үүнд тоглохгүй. Тэр дүрд тоглоё” гэж болохгүй. Жүжигчид гүйцэтгэгч шүү дээ. Хариуцсан ажлаа л сайн хийхийг хичээдэг. Оноогдсон дүрээ бүтээхийн тулд төлөвлөгөө боловсруулна. Илүү сайн хөгжүүлэхийн тулд гарц гаргалгаа хайна. Жүжгийн аль хэсэгт оргил үе нь байх уу, хаана унах ёстой вэ гэдгийг мэдэрч тоглох ёстой.

-Хамгийн анх тайзан дээр ямар дүрээр гарч байсан бэ. Тэр үеийн мэдрэмжийг илэрхийлбэл?

-Би 1999 онд сургуулиа төгсөөд Улсын драмын эрдмийн театрт орсон. Тэр жил манай н.Түвшин найруулагч У.Шекспирийн “Зуны шөнийн зүүд” жүжгийг тавьсан юм. Тухайн үедээ шинэлэг тайз, шийдэлтэй, хувцас нь загварлаг, өнгөлөг, сонирхолтой жүжиг байж. Энэ жүжигт хамгийн анх тайзны дүрээр гарч байлаа. Надаас гадна манай ангийнхнаас олон хүн тоглож байсан. Ер нь тайзан дээр гарах хэцүү. Зүгээр тайзан дээр гараад үг хэлэхэд ямар байдаг билээ. Жүжиг тоглоод тайзан дээр гарна гэдэг бүр өөр. Бүх хүн тайзан дээр гарч ирэх хүний л үг, үйл хөдлөлийг сонжоод сууж байгаа. Хүмүүсийн харцыг мэдэрнэ, түүнийг даван туулна гэдэг бэрх. Шинэ залуу жүжигчин тэр уур амьсгалд балмагдах, сандрах зүйл гаралгүй яах вэ. Гэхдээ өчнөөн сар бэлдсэн зүйлээ хийж байгаа учраас харьцангуй гайгүй. Ялангуяа, нээлтийн тоглолт дээр үзэгчдийн сэтгэл хөдлөл, харц, энерги мэдрэгддэг. Үүнийг заавал хэт мэдэрч, биеэ барих шаардлагагүй. Хамгийн чухал нь жүжгийнхээ үйл явдалд хөтлөгдөөд, дүрээрээ амьдраад л явах хэрэгтэй. Ер нь бол өгөгдсөн нөхцөл байдалд оноогдсон дүрээрээ амьдарч чаддаг байхыг л жүжиглэх гэж нэрлээд байгаа юм шүү дээ.

-Тэгвэл залуу жүжигчин байхдаа тайзан дээр үгээ мартах, бэлдсэнээсээ өөрөөр хийх тохиолдол гарч байв уу?

-Заримдаа үг сольж хэлнэ. Нэгэнт тоглолт эхлээд, үзэгчид суудалдаа суучихсан байхад зогсоох ямар ч боломжгүй.Тэгэхээр эрч хүчээ зөв хуваарилж, үг үйлдэлдээ хянамгай, анхааралтай байх хэрэгтэй. Мэдээж аль болох алдаа гаргахгүйг л хичээж тоглоно. Тайзны урлаг гэдэг орчинд нь суугаад үзэхээр маш гоё амьд мэдрэмж төрүүлдэг. Жүжигчнээс төдий хэмжээний ур чадвар, тэсвэр тэвчээр, хөдөлмөр шаардана. Драмын жүжгийг бичлэгээр үзэхээр их сонин. Ер нь тайзны урлаг бол тайзных л байдаг.

-Өнөөдрийг хүртэл 100 гаруй тайз, дэлгэцийн бүтээл дээр ажиллажээ. Жүжиг хийгээд дүр бүхэн онцгой байх. Гэхдээ та Фаустаар гурав дахиа амьдарч буй хүний хувьд онцлогийг нь хэлбэл?

-“Фауст” бол дэлхийн сонгодог зохиолын сор болсон бүтээл. Хүний амьдралын утга учрын тухай маш том асуудлыг хөнддөг. Хүн чөтгөртэй гэрээ хийж, чөтгөр түүгээр хэрхэн тоглож буйг өгүүлнэ. Үүний цаана ертөнцийн болоод хүмүүний мөн чанар, аз жаргал гэж юу болох, шашны асуудал гэх мэт хүн төрөлхтний өнөөг хүртэл төгс хариулт хайсаар ирсэн маш олон асуудал бий. Тиймээс л энэ олон жилийн турш дэлхийн өнцөг булан бүрд янз янзын өнцөг, арга барил, төрөл жанраар найруулан тавьсаар буй байх. Ийм гайхалтай жүжиг тавигдаж байгаа нь манай театр, драмын урлаг бас олон улстай мөр зэрэгцэн яваагийн илрэл гэж харж байгаа. Бид та бүхэнд олон өнгө төрх агуулсан, шинэлэг, өвөрмөц тавилтаар хүргэхээр ажиллаж байна. Удахгүй нээлтээ хийх гэж буй жүжгийн тухай илүү дэлгэрэнгүй зүйл яриад дэмий байх.

-Хүмүүс аз жаргалыг хайж зовж, шаналж явсаар үхдэг ч юм шиг. Таныхаар аз жаргал гэж юу юм бол?

-Харин тийм ээ. О.Дашбалбар гуайн “Аз жаргалыг хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор. Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор…” хэмээх мөрт бүхий “Амьддаа бие биенээ хайрла” гэж сайхан шүлэг байдаг шүү дээ. Ерөөс хар бол бүхний үндэс юм. Манай жүжигт ч энэ тухай өгүүлнэ. Ном зохиолуудад зовлон бол мөнхийн зүйл. Үүнийг яаж гэтлэх вэ гэдэг л чухал тухай бичсэн байдаг. Хэн нэгнийг хариу нэхэхгүйгээр хайрлаж, хүмүүст хайр түгээвэл эргээд хүмүүс чамайг хайрлана. Аз жаргал эндээс л урган гардаг байх.

-Та драмын урлагт 20 жил хүчин зүтгэжээ. Энэ салбарыг хөгжлийг хэрхэн үнэлж дүгнэдэг вэ?

-Зөвхөн драм гэлтгүй кино урлаг ч гэсэн маш сайхан хөгжиж байна гэж боддог. 1990- ээд онд театрт ирж жүжиг үзэх хүн ховор байсан. Түүнээс хойш аажмаар ахисаар өдгөө тоглолт бүр танхим дүүрэн үзэгчтэй, билет худалдаанд гармагц дуусдаг болж. Иргэдийн соёл, хандлага дээшилсэн. Дэлхийн сонгодог бүтээлүүдийг тавьж, янз янзаар туршиж байна. Энэ бол хөгжил. Хамгийн сүүлд Лев Толстойн зохиол “Анна Каренина” үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон ч хөл хорионы улмаас хойшлогдсон. Гэхдээ бид бэлтгэл сургуулилалтаа хийсээр байгаа. Миний бодлоор цаашид олон театртай болох хэрэгтэй. Хуучин хүүхэд залуучуудын театр гэж сайхан театр байлаа. Үүнтэй адил том, жижиг театр олноор хаалгаа нээгээсэй. Тэгвэл шижигнэсэн залуусын өрсөлдөөн ихэснэ. Уран бүтээл улам бүр чанаржина. Театрт ирдэг, драмын урлаг сонирхдог хүүхэд багачууд, хүмүүс нэмэгдэнэ. Өрсөлдөөнтэй, үзэгчтэй байгаа цагт театр хөгжсөөр л байна.

СЭТГҮҮЛЧ П.ДАВААЖАРГАЛ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш