НИЙГЭМ

СУРВАЛЖИЛГА: АИ-92, 95 автобензинийн эрэлд “хатсан” иргэд буюу шатахууны үнэ нэмэгдэх өөр нэг сэжим

Гэрэл зургийг MPA.mn

-ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА-

Петровис”, “Магнай трейд”, “Сод Монгол” зэрэг ихэнх шатахуун түгээх станцууд АИ-92, АИ-95 автобензин борлуулахгүй байна. Түгээгч нь “АИ-92 автобензин байгаа” гээд хэлээд байдаг. Тэгсэн хэр нь өгөхгүй юм. Дээрээс нь зааварчилсан юм болов уу, бүү мэд. Үнээ нэмэх гээд ирэхээрээ л “Шатахуун байхгүй” гээд өгдөггүй шүү дээ. Саяхан би бүр аргаа барлаа. Хянах дээр “0 километр яваад унтарна” гээд заачихсан байдаг. Гэтэл бензин олддоггүй. Хайж явсаар байгаад “Шунхлай”-гаас авсан. Яагаад өгөхгүй байгааг нь ойлгохгүй юм” хэмээн ихэд бухимдах таксины жолооч эр арга мухардан учирлаж байна.

Гэрэл зургийг MPA.mn

Есдүгээр сарын эхэн үеэс өргөн хэрэглээний АИ-92, АИ-95 автобензинийн нийлүүлэлт багасч, шатахуун түгээх станцууд тус төрлийн бензинийг “дууссан, байхгүй” хэмээн борлуулалтаа хязгаарлаж эхэлсэн. Үүнээс улбаалж иргэд нэг сар гаруйн хугацаанд автобензинийн эрэлд хатаж байна. Тэгвэл станцуудад нөхцөл байдал хэр байгаа талаар сурвалжлахаар Сансарын клонкийн автозамын урд талд байрлах “Петровис” ШТС-25 дугаар станцыг зорилоо.

“Үнэ нэмэх гэсэндээ л өргөн хэрэглээний бензинд хязгаарлалт тогтоочихлоо”

Тус станцаас шатахуун авахаар дугаарлан зогсох автомашин цөөнгүй байх бөгөөд жолооч нар нь уур, цухалдлаар дүүрчээ. Үүний зэрэгцээ шатахуун түгээгчид “92, 95 дууссан. 98 байна” хэмээн хашхирна. Дугаарлан зогсох нэгэн жолоочоос байр суурийг нь сонсоход “Шатахуун олдохгүй, хомсдоод ирэхээр үнэ нь нэмэгдэж л таарна шүү дээ. “Петровис”-ийн карттай хүмүүст АИ-92 автобензинийг ямар нэгэн асуудалгүйгээр өгч байна гэхээр нь өчигдөр (2020.09.19) авах гээд иртэл “байхгүй” гээд өгөөгүй. Өглөө нь асуутал мөн л байхгүй гэсэн. Бензин дуусаад гудамжинд зогсчихвол яах билээ. Арга ядаад “МТ”-ээс “10 мянган төгрөгөнд ч болтугай хийгээд өгөөч” гэж гуйж байж АИ-92 автобензин авсан. “Магнай трейд” ХХК мөн адил карттай хүмүүст шатахуун борлуулж байгаа юм” гэлээ.

Харин өөр нэгэн жолооч болох Сүхбаатар дүүргийн XI хорооны оршин суугч Р.Г “Шатахуун түгээх бүх л станцууд “92, 95 автобензин дууссан” гээд өгөхгүй байна. Түгээгчээс нь “Яагаад өгөхгүй байгаа юм” гэж асуухаар “Бензин нэлээд багассан, дууссан” гэдгээс өөр зүйл хэлэхгүй байна. Өчигдрөөс хойш  машины маань хянах анивчаад байдаг. Яах юм бүү мэд. Үнээ нэмэх гэсэндээ л өргөн хэрэглээний бензинд хязгаарлалт тогтоочихлоо. АИ-92 шатахууны үнэ 1700 төгрөг байхад 20 мянган төгрөгөнд хийлгэсэн бензинээр долоо хоног явдаг байлаа. Одоо бол түгжрэлтэй үед хоёр, гурав хоногт л дуусч байна” хэмээн ярив. Түүнээс “Петровис”, МТ зэрэг аль нэг компанийн карттай эсэхийг асуухад “картгүй” хэмээн хариулсан юм.

н.ОТГОНЦЭЦЭГ: “Петровис” карт, шатахууны талон, Redpoint картгүй хүмүүст шатахуун олгохгүй

Тус станцын ажилтан болох гурван түгээгч шатахуун авахаар дугаарласан жолооч нарыг тайтгаруулах аятай учирласаар байлаа. Мөн станцын эрхлэгч болох н.Отгонцэцэг автомашинуудын наагуур цаагуур холхилж, шатахуун яагаад дууссан талаар жолооч нарт тайлбарлах аж.

Уг асуудлаар түүний байр суурийг сонсоход, “АИ-92, АИ-95 автобензин 20 минутийн өмнө дууссан. Төв рүү 36 тонн шатахуун авахаар яаралтай захиалга өгөөд байна. Хэзээ ирэхийг нь хэлж мэдэхгүй. Шатахуун хомсдол орсон юм биш. Хоёр өдөрт борлуулдаг шатахууныг нэг өдөрт зараад дуусч байна. Шатахууны нийлүүлэлтэд ямар асуудал гарсныг би мэдэхгүй. Энэ талаар төвөөс асуусан нь дээр” гэв.

Мөн “Петровис болон Redpoint карт, шатахууны талонтой хүмүүст 30 мянган төгрөгөнд бензин борлуулж байгаа. Талон болон картгүй хүмүүст шатахуун олгохгүй. Яагаад ингэж байгааг би мэдэхгүй. Ямартай ч станцад ирсэн шатахууныг дээрх нөхцөлөөр борлуулахыг зөвшөөрсөн” гэлээ. Энэ мэт шатахуун түгээх станцууд өргөн хэрэглээний автобензинийн борлуулалтад хязгаарлалт тогтоогоод байгаа бөгөөд хэзээнээс хэвийн горимд шилжих нь тодорхойгүй байгаа юм.

Энэ талаар АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр “2021 оны есдүгээр сараас эхлэн шатахууны импорт багассан. Манай улс “Роснефт” компанийн Ангарск хот дахь газрын тосны үйлдвэрээс АИ-92, АИ-95 автобензинийг нийлүүлэлтээр авдаг. Тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн процесс мөн ОХУ-д өрнөж буй сонгууль зэрэг асуудалтай холбоотойгоор тус улсад шатахууны хомсдол үүссэн. Үүнээс улбаалан есдүгээр сард манай улсад нийлүүлэгддэг АИ-92 автобензинийн хэмжээ буурсан нь шатахууны нөөц багасахад нөлөөлсөн. Иймд шатахуун импортлогч компаниудтай хамтран ажиллаж БНХАУ-аас шатахуун нийлүүлж эхэлсэн. Тус улсаас нийлүүлэх шатахууны хэмжээг цаашид дахин нэмэгдүүлнэ. Харин ОХУ-ын Ангарск хот дахь газрын тосны үйлдвэр ирэх аравдугаар сарын дунд үеэс хэвийн ажиллагаанд орох төлөвтэй байна” гэсэн тайлбарыг өгөөд байна.

Гэрэл зургийг MPA.mn

Шатахууны борлуулалтад хязгаарлалт тогтоож байгаа нь эрэлт нэмэгдүүлж үнээ нэмэх магадлалтай хэмээн иргэд хардаж буй. АИ-92 автобензинийн үнэ 2050 хэвээр байгаа бол АИ-95 бензинийн үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж 2650 төгрөг болоод байгаа юм. Уг асуудалд мөн АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр “Шатахуун импортлогч компаниудтай хэлэлцэж АИ-95 автобензинийн үнийг бууруулах чиглэлд арга хэмжээ авна” хэмээн ярьсан. Гэвч үнэн хэрэгтээ тус шатахууны үнэ буурах эсэх, хэрэв буурах бол чухам хэзээ гэх мэт шил дараалсан асуултууд бий болно. Мөн гадаад зах зээлд газрын тосны үнэ нэг баррелл нь 74.91 ам.доллар байгаа нь нефтийн хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг манай улсын хувьд шатахууны үнэ нэмэгдэх нь цаг хугацааны асуудал. Гэтэл ОХУ шатахууны экспортод хязгаарлалт тогтоох түр журам гаргаснаар өнгөрсөн наймдугаар сарын эхэн үеэс автобензинийн нийлүүлэлтэд доголдол үүсч эхэлсэн.

Энэ мэт хүчин зүйлүүдээс хамааран жолооч нарын өргөн хэрэглээний гэгдэх АИ-92, АИ-95 автобензинийн үнэ дахин нэмэгдэх вий гэх хардлага, өөр нэгэн сэжим иргэдэд байна.

Гэрэл зургийг MPA.mn 2021.09.20

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet