ДЭЛХИЙН МЭДЭЭ

Сомаличууд сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа кино театрт үзвэр үзжээ

Сомалид сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа олон нийтийн дунд кино үзвэрийг зохион байгуулсан нь дайны хөлд нэрвэгдсэн тус улсад соёлын сэргэлт болох найдварыг төрүүлж байна.

Сомалийн найруулагч Ибрахим CM-ийн хоёр богино хэмжээний киног нийслэл Могадишу хотын Үндэсний театрт өндөр хамгаалалтын дор толилуулжээ. Уг театр өнгөрсөн жилүүдэд амиа золиослогчдын бөмбөг дэлбэлдэг бай, цэргийн дарангуйлагчдын тулгуур бааз нь байсан юм.

Театрын захирал Абдикадир Абди Юсуф “Сомалийн ард түмний хувьд түүхэн явдал боллоо. Олон жил үргэлжилсэн саад бэрхшээлийн дараа итгэл найдвар сэргэж байгааг харуулж байна” гэж AFP мэдээллийн агентлагт ярьжээ. “Энэ бол Сомали гаралтай дуу зохиогч, зохиолч, кино найруулагч, жүжигчдийн хувьд авьяас чадвараа нээлттэй харуулах боломжийг олгодог тайз юм” гэж тэр нэмж хэлэв.

Үзэгчид “Hoos”, “Date from Hell” киног үзэхийн тулд 10 доллар төлсөн бөгөөд өндөр хамгаалалттай ногоон бүсэд хүрэхийн тулд хэд хэдэн шалган нэвтрүүлэх цэгийг давах шаардлагатай болжээ. Ийм төрлийн ногоон бүс театраас гадна Ерөнхийлөгчийн ордон болон парламентын ордонд байдаг байна.

Энэхүү театрыг БНХАУ-ын удирдагч Мао Зэдуны бэлэг болгон Хятадын инженерүүд 1967 онд барьсан бөгөөд 1970-80-аад оны үед Сомалийн соёлын хөгжлийн чухал хөдөлгөгч хүч гэж үздэг байжээ.

Театрыг 1991 онд иргэний дайн эхлэхэд хаасан бөгөөд цэргийн дарангуйлагчид өөрсдийн бааз болгон ашигладаг болсон байна. Үүний үр дүнд театр сүйрсэн юм.

Сомали дахь Африкийн холбооны төлөөлөгчийн газар театрт засвар хийсний дараа буюу 2012 онд дахин нээсэн бөгөөд удалгүй Аль-Шабаб зэвсэгт бүлэглэл зугаа цэнгэл, кино урлагийг ёс суртахууны завхрал гэж үзээд барилгыг дэлбэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet