НИЙГЭМ

Монгол өв соёлын “ЭГЭЛ” төслийг олон улсын хуралд танилцуулж, эх орноо сурталчиллаа

Гэрэл зургийг “ЭГЭЛ” төсөл.

Ноолуурын үйлдвэрлэлд тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилготой сонирхогч талуудыг нэгтгэсэн Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвслээс энэ сарын 14, 15, 16-нд “Ноолуурын салбарын тогтвортой байдал” сэдэвт гурван өдрийн виртуал бага хурлыг зохион байгуулж байна.

Хоёр жил тутамд зохион байгуулдаг уг олон улсын хурал нь энэ удаад виртуал хуралдаанаас гадна цахим орчинд үзэсгэлэн, экспо зохион байгуулж буйгаараа онцлог. Тодруулбал, дэлхий даяарх ноолуурын нийлүүлэлтийн сүлжээний оролцогчдын хүрээнд,

  • Салбарын тогтвортой байдал,
  • Хөгжлийн чиг хандлага,
  • Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудын шийдлийг хэлэлцэж, хамтарч ажиллах хамтын ажиллагааг өрнүүлж буй.

Тус эвслийн салбар Монголд ч бий. Учир нь манай улс дэлхийн ноолуурын ханган нийлүүлэлтэд тодорхой хэмжээнд оролцдог бөгөөд дотоодын томоохон компаниудын энэ чиглэлийн бүтээгдэхүүн олон улсад хэдийнэ байр сууриа олсон гэхэд болно. Иймдээ ч дээрх виртуал бага хурлын чухал төлөөлөгчдийн нэг хэсэг нь манай илтгэгчид байлаа.

Энэ хүрээнд өнөөдөр 16 илтгэгч (хурлын өдрүүдэд нийт 50 илтгэгч оролцож байгаа) итгэл тавьсаны ес нь Монголын талаас оролцов.

Энэ дундаас Culture Panel -ийн илтгэгч Монгол өв соёлын “ЭГЭЛ” төслийн санаачлагч, МГЗНХ-ны УЗ-ийн дарга, гэрэл зурагчин П.Баттулгын “Нүүдэлчин ахуйг орчин үеийн дизайнд урвуулах нь” сэдэвт итгэлийг онцлон хүргэе.

Илтгэгчийн тухай

П.Баттулга нь 2012 онд “ZEV PHOTO” студийг үүсгэн байгуулсан бөгөөд 2019 оноос Монгол угсаатны өвийн “ЭГЭЛ” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. 2015 онд Монголын үндэсний хөгжмийн зэмсгийг судлах тухай гэрэл зургийн үзэсгэлэн, “Хос эгшиг” нэртэй бүтээлээ хэвлэн олон нийтэд хүргэсэн юм.

Монгол өв соёлын “ЭГЭЛ” төсөл

/илтгэл/

Монгол өв соёлын “ЭГЭЛ” төсөл нь монголчуудын ахуй соёл, урлаг, гоо зүй, уламжлал, шинэчлэл зэрэг нь “НҮҮДЭЛ” гэсэн ерөнхий ойлголтод багтдаг гэсэн итгэл үнэмшлээр цуврал гэрэл зураг, сэтгүүл зүйн бичвэр нийтлэлүүдийг олон нийтэд түлхүү хүргэхээр ажиллаж байгаа. Тиймдээ ч илтгэгчийн хувьд “Нүүдэлчин ахуйг орчин үеийн дизайнд урвуулах нь” сэдвийг сонгож, мэргэжлийн дизайнерууд болон, ноолуурын зах зээлийг тогтвортой хөгжүүлэхийг эрмэлзэгч хэн бүхэнд шинэ санаа, шинэ сэдэл, шинэ ойлголт өгөхийг хичээсэн юм. Гэрэл зураг гэдэг хэдэн зуу, хэдэн мянган үгийн үнэ цэнтэй баримт тул энэ илтгэлийн тухайд “Эгэл” төслийн фото зургууд илүү олон зүйл “хүүрнэх” буйзаа.

Илтгэгч илтгэлийнхээ агуулгыг илүү тодорхой болгох, сэдэвчилсэн ойлголтод хүргэхийн тулд таван дэд хэсэгт хуваажээ.

Нэг. Нүүдэл

Гэрэл зургийн эх сурвалж: “ЭГЭЛ” төсөл

Нүүдэл газар нутгийн онцлог, бүс бүслүүрийн ялгаа, цаг уурын янз байдалд тохирсон ялгамжтай байх бөгөөд бүгд өөрийн “араншин”-тай гэдгийг энэ хэсэгт тодотгожээ. Тухайлбал, тал хээр болохоор тэмээнд тэрэг хөллөн буудал сэлгэнэ. Үхэр шараар нүүхэд ч мөн адил нуруу ачих юм уу тэргэнд хөллөнө. Нүүдэл бүхэн өөрийн өнгөтэй, өөрийн хэмнэлтэй, өөрийн хэллэгтэй байдаг ажээ.

Хоёр. Өнгө

Гэрэл зургийн эх сурвалж: “ЭГЭЛ” төсөл

Газарзүйн тогтоц, Төв Азийн тэгш өндөрлөгийн цаг уурын эрс тэс уур амьсгал нь өөрийн гэсэн өнгө, чуулбарыг илэрхийлж байдаг гэдгийг “Эгэл” төслийн гэрэл зургууд харуулна. Байгалийн бүтээж буй тэр гайхамшигт өнгө зохирол нь нүүдэлчин, малчин монгол ахуйтай нийлэхээр тодорхойлж хэлэхийн аргагүй найрсал, ансамбль үүсгэдэг аж. Энэ найрсал дуурьсал нь хүмүүний сэтгэлийг хөдөлгөхгүй байх аргагүй юм. Тал нутагт мандаж жаргах өглөө, оройн нарны өнгө, -40 хэмийн хүйтэнд халуун ус цацахад үүсэх “мөсөн бүжиг”, цантсан моддын хөхөлбөр шилмүүс, жавар тачигнан хүйтэрч буйг илтгэх тэмээн сүргийн бэлчээр, ууланд суусан өнчин манан, нар асгарсан оройн нарны наагуур адуу уургалж буй ахуй гээд бүгд өөр өөрийн өнгөтэй. Энэ бүх өнгийг эх байгаль хийгээд монгол ахуй бүрдүүлдэг гэдгийг илтгэгч тодотгов.

Гурав. Тооно

Гэрэл зургийн эх сурвалж: “ЭГЭЛ” төсөл

Уламжлалт монгол гэр нь дугуй хэлбэртэй. Хана нь тойрог үүсгэнэ. Тооно нь тэгш хэмийн сонгодог гэж хэлж болохуйц илэрхийлэл. Монгол нүүдэл ч мөн адил нар зөв эргэн нутгаа тойрон хөвөрнө. Нүүдэлчид ерөөс наран тойрог хэлбэрийг эрхэмлэнэ. Түрүүчийн тэмээнд ачих тооно, нүүхдээ цэмцийтэл цэвэрлэсэн буйр, ханаа дугуйлан униа өлгөх гэр, үхэр тэрэгний модон дугуй, гогцооруулан ороож эвхэх суран бугуйл, нар наадсан тогоотой сүү. Эд бүгд дугуй хэлбэртэй. Тэр дундаа тоонондоо нүд гарган геометрийн зөв дүрс үүсгэх нь харагдах байдал, бэлгэдэлт шинж нь гүн гүнзгий юм гэдгийг олон улсын хуралд оролцогчдод танилцуулсан.

Дөрөв. Адуун соёл

Гэрэл зургийн эх сурвалж: “ЭГЭЛ” төсөл

Адууны тамганаас эхлээд эмээл, хазаар, уурга, бугуйл, чөдөр ногт, уяа зангилаа эд бүгдэд өөрийн гэсэн хэлэмж, тогтсон хэв маяг, янз донж бий. Эдгээр нь эдэлж хэрэглэхэд эвтэй зөв байхын зэрэгцээ өнгө дизайны олон элементийг өөртөө шингээсэн байдаг. Үүн дундаа эмээлийн гөлөм, мөнгөн тоног зэрэг нь тэгш хэмийн, хээ угалзын, хийц маягийн аргагүй л олон зууныг дамнасан урлагийн бүтээл байдаг билээ. Энэ бүхнийг Монгол өв соёлын “Эгэл” төсөл хальсанд мөнхөлж үлдээжээ.

Тав. Элдэв

Гэрэл зургийн эх сурвалж: “ЭГЭЛ” төсөл

Монгол нүүдэлд монгол гэх, харийн хүнд содон санагдах юм бүхэн багтдаг гэдгийг илтгэгч П.Баттулга хуралд орцогчдод онцлон таниулсанаар өндөрлөв.

“Ноолуурын салбарын тогтвортой байдал” сэдэвт гурван өдрийн виртуал бага хурал LIVE хуралдаанаас гадна оролцогчдод зориулж энэ сарын 14-нөөс ирэх аравдугаар сарын 14 хүртэл нэг сарын турш үргэлжлэх юм билээ. Энэ хугацаанд ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг 22 байгууллагын үзэсгэлэнгийн цахим танхим ажиллах бөгөөд хамтран ажиллах санал солилцох боломж хэн бүхэнд нээлттэй аж.

Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл-Sustainable Fibre Alliance

Монгол Угсаатны Өв Соёл, Гэрэл Зургийн ЭГЭЛ төсөл

4 сэтгэгдэл

  1. А. Чулуунболд

    2021-09-15

    Маш их сэтгэл хөдлөлөө. Эх орноороо бахархаж байна мөн ийм сайхан ёс заншил эх орноо хайрлах ёстой гэдгээ үүрэг болгон хүлээж авлаа.

    • Д.Өлзий-Орших

      2021-09-15

      Маш их ач холбогдолтой гоё илтгэл байна. Амжилт

    • Саран

      2021-09-17

      Сайхан илтгэл болжээ амжилт хүсье 👏

  2. П.Батбилэг

    2021-09-16

    Өв соёлоо хамгаалах их үйлсэд нь өндөр амжилт хүсье ажил үйл нь бадарж бодсон сансан бүхэн чинь биелэх болтугай

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet