ДЭЛХИЙН МЭДЭЭ

Парламент дахь Хятад туршуулын асуудлаар “MI5” анхааруулга өглөө

Их Британийн улс төрд хөндлөнгөөс оролцох зорилготой Хятадын туршуул парламентад нэвтэрсэн тухай “MI5” тагнуулын байгууллагаас анхааруулжээ.

Аюулгүй байдлын албаны сэрэмжлүүлэгт Кристин Чинг Куй Ли Хятадын Коммунист Намын одоогийн болон парламентын гишүүн болох хүсэлтэй хүмүүстэй холбоо тогтоосон гэж мэдэгдсэн байна. Дараа нь тэрээр Хятад, Хонконг дахь гадаадын иргэдээс санхүүжилт авч, улс төрчдөд хандив өгсөн гэв.

Үүнтэй холбоотойгоор “MI5” урт хугацаанд, өндөр ач холбогдол бүхий мөрдөн байцаалт явуулсан гэж эх сурвалж “BBC”-д мэдээлсэн байна.

Туршуул гэгдээд байгаа Лигийн санхүүжүүлсэн парламентын гишүүдийн нэг нь Хөдөлмөрийн намын гишүүн Барри Гардинер бөгөөд таван жилийн хугацаанд Лигээс 420,000 фунт стерлингийн санхүүжилт авсан байна. Гардинер хандивын талаар аюулгүй байдлын албаныханд үргэлж мэдэгддэг байсан гэжээ.

Мөн Либерал ардчилсан намын удирдагч Сэр Эд Дэйви эрчим хүчний нарийн бичгийн дарга байхдаа 5000 фунт стерлингийн хандив авч байсан ч орон нутгийн холбоо нь энэ мөнгийг хүлээн авсан бөгөөд хандивын талаар анх удаа ийм асуудал үүсэж байна гэж мэдэгджээ.

Дотоод хэргийн сайд Прити Пател “Хятадын Коммунист намын нэрийн өмнөөс улс төрд хөндлөнгөөс оролцох үйл ажиллагаанд санаатайгаар холбогдсон нэгэн парламентын гишүүдийг онилсонд гүнээ санаа зовниж байна” гэжээ.

Консерватив гишүүн, намын дарга асан Сэр Иайн Дункан Смит парламентын дарга гишүүдэд цахим шуудангаар сэрэмжлүүлэг илгээсэн болохыг баталжээ. Тэрээр үүнийг “маш их санаа зовоосон асуудал” гэж онцлоод Лиг албадан гаргахыг уриалж, засгийн газраас танхимд мэдэгдэл хийхийг шаардсан байна.

Сэрэмжлүүлэгт дурдсанаар хатагтай Ли парламентад “Их Британи дахь Хятадуудыг төлөөлж, олон талт байдлыг нэмэгдүүлэх” зорилготой байсан гэж мэдүүлжээ.

Харин “MI5”-ын мэдээлснээр энэ үйл ажиллагаа нь “Хятадын Коммунист намын Нэгдсэн фронтын ажлын албаны далд зохицуулалтаар, Хятад, Хонконгод байрладаг гадаадын иргэдийн санхүүжилтээр хийгдсэн” гэж үзэж байна.

Нэгдсэн фронтын ажлын алба нь Их Британийн улс төрийн нөхцөл байдлыг Хятадын Коммунист намд таатай байлгахын тулд нөлөө бүхий эрхмүүдтэй харилцаагаа өргөжүүлэх оролдлого хийж, хүний эрхийн асуудлаар намд эргэлзэж буй хүмүүсийг эсэргүүцэх зорилготой гэж дүгнэжээ.

Аюулгүй байдлын алба Лиг Их Британийн улс төрийн хүрээний хүмүүстэй өргөн хүрээтэй харилцаатай байсан гэж мэдэгдсэн байна.

Энэ хэрэгт мөн Лигийн хүү оролцсон байх магадлалтай байна. Лигийн хүү Хөдөлмөрийн намын гишүүн Гардинерын дор сайн дураараа ажиллаж байжээ. Гэхдээ хүү нь одоо албан тушаалаасаа огцорсон бөгөөд “MI5”-ын тайланд түүнийг ээжийнхээ үйлдлийг мэдэж байсан эсвэл оролцсон гэх тагнуулын мэдээлэл байхгүй гэдгийг Гардинер баталсан байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet